С.Бямбацогт: Х.Нямбаатар сайдын мэдэгдснээр хуулийн төслийг ингэж татан авах хууль зүйн үндэслэл байхгүй
2022-05-31

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үүнд 

Үүнд,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

5.Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны асуудал. 

                Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Х.Нямбаатар нар горимын санал гаргаж, байр сууриа илэрхийлэв. Тодруулбал,  гишүүн Ж.Сүхбаатар өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас 2, 3, 4 дэх асуудлыг хасах тухай горимын санал гаргав. Тэрбээр тайлбарлахдаа "Монгол ардын нам дэргэдээ Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн байгуулж байгаа ба тус хүрээлэнгээс гаргасан дүгнэлт, зөвлөмжийг УИХ дахь Монгол ардын намын бүлэг дээр ярилцаж, хамтран ажиллах зохион байгуулалтын асуудал байгаа тул тав хоногийн завсарлага авах саналтай байна" гэв.

 

                   УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар дээрх хуулийн төслүүдийг буцаан татах тухай горимын санал гаргаж байсан бол УИХ-ын гишүүн С.Чинзориг УИХ дахь Монгол ардын намын бүлэг уг асуудлаар 5 хоногийн завсарлага авах гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах горимын санал гаргав. Тэрбээр "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагаж Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нийгэм, улс төрийн намууд болоод сөрөг хүчний зүгээс шүүмж, шаардлага ихээр ирүүлж байгаа тул Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг татаж авахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

              Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдээс гарсан саналтай холбогдуулан тайлбар хийв. Тэрбээр "Х.Нямбаатар сайдын мэдэгдснээр хуулийн төслийг ингээд татан авах хууль зүйн үндэслэл байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хууль санаачлагчаас УИХ-д даргад албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн төслийг буцаах тухай горимын саналаар санал хураалт явуулах боломжгүй. Учир нь хуралдааны дэгийн тухай хуулиар хэлэлцэх эсэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тохиолдолд хууль санаачлагчид нь буцаадаг. Иймд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын гаргасан горимын саналаар тав хоногийн завсарлага өгч байна" гээд өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.

                    Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2021.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав. Тэрбээр "УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нараас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт төслийг бэлтгэлээ" гэв.

                Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй ба УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар техникийн чанартай өөрчлөлт оруулах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжигдлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Сэтгэгдэл