Нүдэн балай, чихэн дүлий УИХ-ын гишүүд
2022-06-02

-Хүнсний лабораториуд стандартад нийцдэггүйг сонсоогүй юм шиг л өнгөрөөв-   

                Яг 10 хоногийн өмнө, УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдсан. Хуралдаанд “Мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтад тавих хяналт алдагдсан, хяналтын үр нөлөө багатай, жишиг стандартад нийцээгүй” гэсэн аудитын дүгнэлтийг ҮАГ-аас танилцуулав. Үүнийг сонссон хэнд ч “Бидний иддэг мах, хүнсийг хянадаггүй хэрэг үү” гэсэн асуулт төрнө. Тэгээд бүр аудитын дүгнэлт шүү дээ, итгэх нь гарцаагүй.   

               Тус тайланд “Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторийн барилга, техник, тоног төхөөрөмж нь стандартын шаардлагад нийцээгүй” гэсэн ноцтой дүгнэлт зурайгаастай байна. (эндээс танилцана уу) Гэвч харамсалтай нь, ийм аюултай дүгнэлтийг УИХ-ын гишүүдэд танилцуулсан ч ХХААХҮЯ ажлаа муу хийжээ гэж бурууг бусдаас хайхаас өөрөөр ямар нэг шийдвэр гаргасангүй. Манай УИХ-ын гишүүд ийм л “араншинтай”. Олон нийтээс “оноо авах” сэдвийг уралдаж ярьцгаана, түүнийхээ дүрс бичлэгийг цахим сүлжээгээр цацаж, попрох мөртлөө онц шаардлагатай дээрх асуудлыг сонсоогүй юм шиг л өнгөрөөв. Ямар нэгэн шийдвэр гаргахгүй байсан юм бол яагаад аудитын шалгалт хийлгэсэн юм бэ, яах гэж тайланг нь сонссон юм бол. Тун хачирхалтай.     

   

“Сонсоо юу 76”   

           Малын сэг зэм гэж ойлгогдохуйц, өнгөө алдсан, мах гэж бодохооргүй тийм л аймшигтай махны зургийг өнгөрсөн сарын дундуур цахим сүлжээнд түгээснээр нийгэм даяар “сэртхийв”. Энэ тухай мэдээллийг цацмагц БНХАУ манайхаас мах импортлохоо зогсоосон. Харин мэргэжлийн хяналтын байгууллагууд хэзээ хойно нь “Бид шалгалт хийнэ” гэж зарлах. УИХ бүр нүдэн балай, чихэн дүлий “суусаар”.      

               УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны шууд дамжуулалтын дор нэгэн иргэн  “Та нар ингэж суух чинь яахав ээ, цаана чинь үндэсний аюулгүй байдал, ард түмний эрүүл мэнд, хоол хүнсэнд аюул учраад байна, сонсоо юу 76” гэж бичжээ. Түүний хэлсэнчлэн УИХ яагаад “чимээгүй” байна вэ.         

                Уг нь дээрх тайлантай танилцмагцаа л УИХ “хөдөлж” эхлэх ёстой. Ингэх бүрэн эрхийг нь ч хуулиар бүрдүүлсэн юмсан. Тухайлбал, УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл санаачлах, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал гаргаж хураалгах, нийтийн сонсгол зохион байгуулахыг санаачлах бүрэн эрхтэй. Гэвч гишүүд “Хүнсний аюулгүй байдлыг хангаагүй, лабораториуд нь стандартад нийцээгүй” тухай дүгнэлтийн мөрөөр ямар нэг арга хэмжээ авах санал гаргаж, нийтийн сонсгол санаачлах боломжтой ч тэгсэнгүй. Түүний оронд Эх, үрсийн баяр мэтийн үйл явдлыг далимдуулан хүүхдүүдэд бэлэг тарааж, ганган зургаа чамин үгсийн хамт түгээцгээсэн.            

          Дээрх асуудлыг хэлэлцсэн Төсвийн байнгын хороо ч тэр ийм чухал асуудлаар шаардлагатай шийдвэр гаргасангүй. Уг нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар бол байнгын хороо УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын мэдээллийг хуралдаанаараа хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, УИХ-аас баталсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргах боломжтой.   

Ойрын хугацаанд хийх ёстой алхмуудыг УИХ ийнхүү хойш тавив. Харин цаашид яах бол.

Хянах, хэрэгжилтийг нь хангуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үү

               Хуульд зааснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь 10 бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрийн нэг нь хүнсний аюулгүй байдал. УИХ-аас Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг 2012 онд баталжээ. Үүнтэй холбоотой Усны, Мал, амьтны эрүүл мэндийн, Эрүүл ахуйн гээд өчнөөн хууль бий, дагалдуулан гаргасан тогтоолууд ч байгаа.   

                Хүнсний технологич, судлаач нар манай улсын хүнсний аюулгүй байдал алдагдсан гэж хэлэх нь олон. Түүнчлэн цахим сүлжээнд хортой, сөрөг нөлөөтэй хоол хүнсний эсрэг янз бүрийн давлагаануудыг өрнүүлсээр байна. Иргэд сөрөг нөлөөтэй хүнсний талаар сонсоод “пүү паа” гэцгээж буй ч энэ нь нийгмийн багахан хувийг эзэлж байгаа нь харамсалтай.  

               Товчхон хэлбэл, махны эрүүл ахуйн асуудал хөндөгдсөнийх УИХ хүнсний аюулгүй байдалд анхаарч, дорвитой алхам хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан. Судалгаагүй, хийсвэрээр, яарч бус, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор урт хугацаанд зөв бодлого, шийдвэрийг УИХ-аас гаргахын тулд уг асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах боломжтой. Н.Учрал тэргүүтэй гишүүд эмийн асуудлаар хянан шалгах түр хороог саяхан байгуулсан. Тэгвэл хүнсний аюулгүй байдал нь үүнээс ч чухал хийгээд хэзээ ч үл хайхарч үл болох асуудал мөн.   

 

Сэтгэгдэл