МАН: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад олон нийтийн дэмжлэг чухал
2022-06-06
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, улс төрийн намууд, иргэдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ирүүлсэн саналын талаар хэлэлцлээ. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-д улс төрийн нам, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүдээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай талаарх саналыг ирүүлсэн. Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан юм. Ажлын хэсэг хуралдаж, гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Тухайлбал, Үндсэн хууль судлаачдын дунд, 1992 онд Үндсэн хууль баталсан депутатын төлөөллийг оролцуулсан, мөн Монголд үйл ажиллагаа явуулж буй 26 намын удирдлагыг оролцуулсан хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулсан байна. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ.

МАН-ын бүлгийн гишүүд "Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс улс төрийн намууд, иргэд, олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал бодлоо илэрхийлсээр байгаа. Монгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар урьд өмнө байр суурь илэрхийлээгүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо иргэдээс ирсэн саналыг хэлэлцсэн учраас намын бүлэг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Бүлгийн гишүүдийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал гэдэгт тодорхой саналууд хэлж, ажлын хэсгээс асууж тодруулсан. Иймд улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Хэрэв олон нийтийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн тохиолдолд УИХ-ын гишүүд төслийг нь санаачилж болох юм гэж үзлээ" хэмээв.

Сэтгэгдэл