Албан тушаалтан уучлалт гуйх, сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг хуульчилна
2022-06-08

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хийв.

 

 Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн танилцуулгад тусгасан мэдээллийг хүргэе.

  • Ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх ёс зүйн харилцааны суурь ойлголтын талаарх нэр томьёоны тайлбартай.
  • Төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно. Албаны чиг үүргийн онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль тогтоомжоор тогтоож болохыг заана.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн байдалд хяналт тавих бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон заана.
  • Төрийн болон нутгийн удирдлагын томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ажиллана. Үүний хүрээнд ёс зүйг сахин мөрдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулах, зөрчил үйлдсэн албан хаагчид хариуцлага тооцох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Байгууллагын дарга, удирдлагын ёс зүйн үүрэг, хариуцлагыг түүний манлайлалтай холбон авч үзнэ.
  • Улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үүргийг Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хэрэгжүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хүлээн авах, хянан шалгах, дүгнэлт гаргаж, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх зэрэг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилна.
  • Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын төрлийг тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг заана. Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор уучлалт гуйх, албан тушаалаасаа сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг тусгана.
  • Төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх журмыг тусгана.

Хуулийн төслийн талаар гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

Ж.Мөнхбат: Япон, Тайваньд Төрийн албаны хаагчийн ёс зүйн тухай хуультай. БНСУ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуультайгаа 2003 оноос хойш хослуулан хэрэглэж ирсэн. Энэ хуулийг хэрэгжүүлж эхэлбэл төрийн албан хаагчийг ёс зүйн асуудал гаргасан гээд ажлаас нь дур зоргоороо халах эрсдэл бий учир энэ нөхцөлийг хаах талаас нь заалт тусгасан.

Ж.Бат-Эрдэнэ: 25-аас дээш орон тоотой байгууллага бүрийн дэргэд Ёс зүйн зөвлөл ажилладаг. Ёс зүйн хороо, зөвлөлийн удирдлагыг “дээрээс нь” шууд томилж ирсэн. Ийм муу жишгийг халсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад, Ёс зүйн зөвлөлдөө ямар хүмүүсийг багтаах вэ гэдгийг санал хураалтаар ил тодоор шийднэ. Ёс зүйн зөвлөл нь хуралдаад даргаа олонхоороо сонгодог зарчим үйлчилнэ.

Б.Баярсайхан: Бусад улсад төрийн албанд ажилд авахын өмнө зан төлөвшил, хандлага, ёс зүйг нь урьдчилан мэдэж, сонгон шалгаруулалтаа зөв хийдэг.

Х.Баделхан: Улсын хэмжээнд Ёс зүйн хороо ажиллана. Шинээр орон тоо бий болгох уу, одоо байгаа бүтцэд өөрчлөлт оруулах замаар шийдэх үү.

Ж.Мөнхбат: Үндэсний хэмжээнд төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг хянах Ёс зүйн хороо байгуулах юм чинь тодорхой хэмжээнд бүтэц бий болох байх.

Сэтгэгдэл