“Тендерийн”, “Концессын” хуулийг батлах үеэр "хулгай оруулахгүй" байх тал дээр анхаарах хэрэгтэй гэв
2022-06-09

              Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах (Тендерийн) тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар эцэслэн хэлэлцлээ. Гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлэв.

Г.Дамдинням: Нэгдүгээрт, хэт бага үнийн санал ирүүлсэн компанийг шалгаруулах үндэслэл болгодгийг “Тендерийн хууль”-ийн төслөөр яаж зохицуулсан юм бэ. Дархан-Уулын замын II, IV багц замын ажлыг хэт бага үнийн саналтай компанийг шалгаруулж, гүйцэтгүүлснээс болж одоо хамгийн их хөрөнгө зарцуулж байна. Хэт бага үнийн дүнгээр шалгарчихаад ажлаа хийж чадахгүй, эцэстээ төсвөө нэмүүлээд хамгийн их хөрөнгө зарцуулдаг буруу жишиг рүү орсон. Хоёрдугаарт, тендерийн гүйцэтгэлийн баталгааг бууруулах гэж байгаа нь зөв үү. Тухайн үед Дархан-Уулын замын II, IV багцын ажилд шалгарсан компанийн тендерийн баталгааг 10 хувиар тогтоосон ч бүтэлгүй байдал руу орсон. Бууруулчихаар би чадна гэсэн хүмүүс л тендерт оролцох байх даа. Гуравдугаарт, чанарын баталгааны асуудал. Дархан-Уулын I, III, V багц замын чанарын баталгаа нь нэг жил. Улсын комисс хүлээж аваагүй тус замын чанарын баталгааных нь хугацаа дуусчихсан. Дөрөвдүгээрт, үнийн өсөлт бүтээн байгуулалтын ажлыг гацааж байна.

Ц.Батзул: (Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга): Дархан-Уулын замын ажлын гүйцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2.2-т “Олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэж заасан. Энэ нэмэлт, өөрчлөлтийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлэлцэж байгаа. Харин “Тендерийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд хэт бага үнийн санал ирүүлбэл тухайн компаниас татгалзахаар тусгасан.  Хоёрдугаар асуултад хариулахад “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих хүрээнд аж ахуйн нэгжийн санхүүгийн боломжийг харгалзах зорилгоор гүйцэтгэлийн баталгааг уян хатан нөхцөлөөр тогтоох нь чухал. Тэгэхгүй бол компаниудын маш их хэмжээний мөнгийг гүйцэтгэлийн баталгаанд авч, арилжааны банкуудад байршуулж байгаа нь хүндрэлтэй тусаж буй талаар санал, гомдол их ирүүлдэг. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд чанарын баталгаатай холбоотой зохицуулалт оруулаагүй. Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг гэрээнд заасны дагуу зохицуулдаг.   

Ж.Бат-Эрдэнэ: Тендерийн баталгааг 1-ээс 0.5, гүйцэтгэлийн баталгааг 5-аас 3 хувь болгож бууруулж байна. Энэ нь чанартай зүйл хийхтэй урвуу болж хувирах нь. Эдийн засаг хүндрэлтэй ийм үед ингэж буурууллаа гэж бодъё. Буцаад үүнийгээ дээшлүүлэх үү. Ямар нэгэн хяналт тавих уу. Мөн чанаргүй барилга, байгууламж бариад байгаад яаж арга хэмжээ авах вэ. Зураг төслийн чанар ямар байгаа вэ.

Ж.Ганбат (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): Энэ хуулиар чанарын баталгааг хэвээр нь үлдээж байгаа. Харин гүйцэтгэлийн баталгааг 3 хувь болгож бууруулж байна. Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн хяналтын талаар олон жил ярьж байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуульд энэ талаар мөн тусгасан. Зураг төсөл, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгцээ шаардлагад нийцсэн төслийг л баталж, хэрэгжүүлэх нь бүх асуудлын үндэс нь болчихоод байна. Харин чанарын асуудлыг захиалагч нь бүрэн хяналтаа тавьж, зохицуулна. Үнэхээр чанаргүй зүйл хийсэн компанийг “хар жагсаалт”-д оруулдаг ийм л жишгийг хатуу мөрдөх хэрэгтэй. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар орон нутгийн албан тушаалтнууд, улсын төсвөөс ямар чиг үүрэг хариуцах вэ гэдгийг тодорхой болгосон. Тухайн орон нутгийнхан хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, арга хэмжээнийхээ зураг төслийг гаргаад явбал энэ асуудал шийдэгдэнэ.

Б.Энхбаяр: Энэ хуулийг анх өргөн барих үед хуулийн хулгай хийх гэж байна гэж би мэдэгдсэн. Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэдэн дарга нар нийлээд хэлэлцээр нэрийн дор тендер шалгаруулалгүйгээр “хусах” гэж байгааг хэлсэн. Энэ заалтыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэж, хасахаар болсон. Мөн төрийн өмчит компаниудын ногдол ашгаас төсөл, хөтөлбөрүүдийг тендер шалгаруулалгүйгээр санхүүжүүлье гэдэг заалт тусгасан байсныг хассан. УИХ-аар хэлэлцэж байгаа “Тендерийн”, “Концессын” хуулийг батлах үеэр хулгай хийдэл гаргачихгүй байх тал дээр гишүүд анхаарах хэрэгтэй. Сонор сэрэмжээ сулруулж болохгүй. “Концессын” асуудал бол нэг байнгын хорооны хариуцах ажил биш. Төсвийн, Үлйдвэржилтийн, Хууль зүйн байнгын хорооны гээд салбар дундын шинжтэй асуудал. Гэтэл Эдийн засгийн байнгын хорооноос хүч түрээд ажлын хэсэг байгуулчихсан байна. Дээрх хуулийн ажлын хэсэгт дандаа томоохон бизнес эрхэлж байгаа гишүүдийг багтаадаг нь яаж байгаа юм. Тендер, төсөв, концессоор л хамаг хулгай явагддагийг бид өчнөөн ярвсан гэв.

Сэтгэгдэл