Г.Занданшатар: Монголын үндэсний бөхийн холбоо маргаан дэгдээж, үзэмжээрээ ханддагаа болих хэрэгтэй
2022-06-17

           УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулав.

Хуулийг баталснаар дараах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзжээ. Үүнд

  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно;
  • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, хурдан морины уяач, сурын харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой болно;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно;
  • Допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, морины уяач болон тэдгээрийн багш дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй маргаангүй үндэсний баяр наадмыг зохион байгуулах нөхцөл бүрдэнэ;
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны үйл ажиллагаанд гомдол гаргах, гомдлыг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэж, Үндэсний их баяр наадмын үед гарсан гомдол маргааны хурдан шуурхай шийдвэрлэх боломж бүрдэнэ;
  • Хууль хоорондын уялдаа холбоо сайжирна.

 

Гишүүд энэ үеэр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Н.Наранбаатар: Засгийн газраас анх оруулж ирсэн төсөлд Улсын баяр наадмыг улсын хэмжээнд нэгэн зэрэг тэмдэглэнэ гэж заасан байсан. Гэтэл аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд, Улсын баяр наадмыг 11, 12, 13-нд тэмдэглэхээр өөрчилжээ. Аймгийн баяр наадмыг улсынхаас зөрүүлчихээр бөхчүүд, уяачид орон нутгаар явж, наадам хэсэж, будлиулдаг. Тэгээд наадам биш, хэрүүл тэмцэл болж хувирдаг.

Ж.Мөнхбат: Яг таны ярьж байгаа зарчмаар ажлын хэсэг дээр ярилцан, шийдсэн. Наадмыг өөр өдрүүдэд хийхээр уяачид, улсын цолтой бөхчүүд аймгийн наадмыг очиж будлиулаад байна гэдэг. Тиймээс орон даяар аймаг, сум нь долдугаар сарын 10, 11, Улсын баяр наадмыг 11, 12, 13-нд зохион байгуулъя гэж өөрчилсөн. Эхний өдөр 1, 2, 3-ын даваанууд, дараагийн өдөр нь цол авах шөвгийн барилдаанууд болдог учраас наадам хэсэх боломжгүй болно.

Ш.Адьшаа: Бүсийн наадамд цол олгохгүй байхаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэжээ. Энэ унасан саналыг дэмжиж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна. Бүсийн наадамд цол олгохгүй бол нийт уяачийн хүсэл зоригийг хангахгүй.

Ж.Мөнхбат: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр уг саналаар таван удаа санал хураалт явуулсан ч дэмжээгүй. Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, А.Адъяасүрэн, Б.Ганболд, Ж.Мөнхбат нарын таван гишүүн үүнийг дэмжсэн. Бид уг саналаар цөөнх болсон. Одоо ганц гаргалгаа үлдсэн. Саналаа эгүүлэн татах, эсвэл УИХ-ын дарга хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр гүйцээн боловсруулах чиглэл өгөх хэрэгтэй. Жилд ердөө дөрөвхөн удаа л бүсийн уралдаан зохион байгуулахаар заасан. Орон даяар нэгэн зэрэг бүсийн уралдааныг зохион байгуулна.

Г.Занданшатар: Бүсийн наадамд цол олгох нь зүйн хэрэг. Гэхдээ улсын наадмын чансааг бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрын дундуур нь зохицуулалт бий болгох хэрэгтэй. Төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгнө.

С.Бямбацогт: Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар өнгөрсөн жилийн наадмаар барилдсан бөхчүүдэд цол олгоё гэсэн санал гаргасан биш “барьж идэх нь”. Энэ саналыг өөрөө мэдээд гаргачихсан юм биш. Засгийн газар, Үндэсний бөхийн холбоо хамтран 512 бөхийн барилдааныг Хүй долоон худагт зохион байгуулсан. Цол олгоно гэхээр бөхчүүд маш идэвхтэй барилдсан. Цолгүй нэг ч хүн барилдаагүй. 512 бөхийн тоонд багтаагүй учир 160 аймгийн начин оролцох чадаагүй. Ингээд бодохоор 100 жилийн түүхэнд ийм өндөр чансаатай барилдаан болоогүй. Бөхчүүддээ цол олгоно гээд зарлачихсан. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ. Ингэсэн болохоор л тэр хэдэн бөх горьдоод байгаа юм л даа. Мөн адууны алгаас аяганы алаг нь дээр гэж. Өнгөрсөн жилийн наадмаар уяачид, сур харваачдад цол олгосон. Тэгсэн мөртлөө бөхчүүд нь цол авч чадаагүй. Ийм ялгавартай зүйл байх ёсгүй. 2003 оноос өмнө барилдсан бөхчүүдэд яагаад цол олгохгүй байгаа юм бэ.

Г.Занданшатар: Энэ маргааныг цэгцлэх хэрэгтэй. Б.Пүрэвдорж гишүүн анхаараарай. Энэ нь нэгдүгээрт, Үндсэн хуульд харшилна, хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдана. Монголын бөхийн холбоо хамаг маргаан дэгдээж, үзэмжээрээ ханддагаа болих хэрэгтэй.

Д.Сарангэрэл: УИХ дахь эмэгтэй гишүүд баяр наадмын асуудлыг эрчүүдийн анхаарах зүйл гээд хойш суудаг байсан. Гэтэл эрэгтэй гишүүд ингэж субъетив хандаж байгаа учраас бөхчүүд, уяачид эмэгтэй гишүүдэд хандаж, санал ирүүлж байна. Бүсийн наадамд оролцож байгаа уяачид, бөхчүүд бүгдээрээ ажил, хөдөлмөрөө зориулж байгаа. Гэтэл энэ дээр цол олгохгүй гэсэн зохицуулалт яагаад гаргаад ирсэн бэ.   

Ж.Мөнхбат: Хуулийг Засгийн газраас өргөн барихдаа Үндэсний их баяр наадмаас бусад наадмаар цол чимэг олгохгүй гэсэн зохицуулалт тусгасан байсан. Мөн Үндэсний их баяр наадмаас бусад, Засгийн газраас шийдвэрээр зохион байгуулах үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гээд өргөн барьсан төсөлд бичээстэй байгаа. УИХ-ын гишүүд цол өгөхгүй гэж ярьсан зүйл байхгүй. Ажлын хэсэг цол олгох нь зөв гэсэн байр суурьтай. Энэ төсөлд нэг ч бөхөд цол олгох тухай заалт байхгүй. Бөхчүүдэд цол олгох талаар ямар ч саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гаргаагүй, санал хураалт ч явуулаагүй. 

Н.Ганибал: Гадаадаас эрлийз морь импортлохыг хориглож байгааг дэмжиж байна. 

О.Цогтгэрэл: Тува, Өвөрмонголоос бөхчүүд ирж барилдах боломжтой юу. Энэ тухайд ямар зохицуулалт тусгасан бэ. Мөн унаач хүүхдийн насыг хэдээр тогтоосон бэ. 

П.Сайнзориг: Хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаарыг 8 болгосон. Мөн хүүхэд бэртэж гэмтвэл эрүүл мэндийн зардлыг нь уяач хариуцахаар зохицуулсан. Аль нэг улсын иргэншилтэй гэдгээс хамаарч, барилдуулахгүй гэж ялгаварлан гадуурхах зүйл байхгүй. ОХУ-ын Халимаг, Тува, Буриадаас бөхчүүд ирж барилдах хүсэлтийг Монголын үндэсний бөхийн холбоонд ирүүлсэн. Тэднийг барилдуулах чиглэлээр зохион байгуулалтаар хангахаар ажиллаж байна. 

Сэтгэгдэл