Цэрэгт явсан иргэдийн 45.1 хувь нь алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ
2022-06-19

             УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсож, хэлэлцлээ. Уг илтгэлийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон боловсруулж, жил бүр өргөн барьдаг бөгөөд энэ жил 21 дэхийг нь бэлтгэж, УИХ-д өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлжээ.

             ХЭҮК 2021 онд явуулсан судалгаа, хяналт, шинжилгээ үнэлгээ, комиссын гишүүний санаачилгаар болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх сурвалжид үндэслэн 6 сэдвийн хүрээнд илтгэл боловсруулж, УИХ-аас шийдвэр гаргуулахаар 30 санал гарган, өргөн барьсан байна.

          “Ковид-19” цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлсэн шийдвэр, арга хэмжээ, бодлого, туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр авч үлдвэл зохих сургамжийг тэмдэглэн оруулахыг зорьж “Ковид-19” цар тахалтай холбоотой үүссэн хүний эрхийн нөхцөл байдалд дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд: 

1.Коронавируст халдварыг нутаг дэвсгэртээ тархаахгүй байх зорилгоор авсан өргөн хүрээтэй хяналт, хязгаарлалтын арга хэмжээ, дархлаажуулалтыг шуурхай явуулсны үр дүнд иргэдийнхээ амь насыг хамгаалах үүргээ Монгол Улс харьцангуй амжилттай биелүүлсэн.

2."КОВИД-19" цар тахлыг даван туулахад эрүүл мэндийн салбар онцгой хүчин чармайлттай ажилласан боловч эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хүрэх боломжтой төвшнөөс доогуур биелүүлсэн. Энэ байдал нь эрүүл мэндийн салбарт хүний гоц халдварт өвчинтэй тэмцэх суурь чадавх муугаас гадна цар тахлыг даван туулах удирдлага, зохион байгуулалт тогтворгүй, салбарын дотоод уялдаа холбоо муу, төсвийг үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан, эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг дэмжих талаар хангалтгүй ажилласан, цар тахлыг даван туулах бэлтгэл хангах цаг хугацааны боломжийг оновчтой ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж үзсэн.

3.Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг шуурхай явуулснаараа хүн амын дунд гарч болзошгүй нас баралтыг бууруулсан боловч дархлаажуулалттай холбоотой цөөнгүй чухал асуудлаар олон нийтийн мэдэх эрхийг хангаагүй, вакцинд хамрагдсан байх шаардлага нь хүний эрх, эрх чөлөө хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хязгаарлагдах нөхцөл болсон, вакцины үр нөлөө, тарилгын дараах хүндрэлийг хянах механизм сул, хүндрэл гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө байхгүй, бэлтгэл хангаагүй, тарилгын хүндрэлийн талаарх Дархлаажуулалтын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй нь хүний эрх зөрчигдөх эрсдэл үүсгэсэн байна.

4.Цар тахлын жилүүдэд хүн амын амьжиргааг дэмжих арга хэмжээнд дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг зарцуулсан нь төсөвт хэт их ачаалал үүсгэхийн зэрэгцээ хүртээмж, үр ашиг нь муу байсан. Хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэр хорооллын оршин суугчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, гадаад оронд оршин сууж байгаа Монгол Улсын иргэд "Ковид-19"цар тахлын сөрөг нөлөөлөлд илүүтэй өртөх эрсдэлтэй байлаа.

5.Иргэний, улс төрийн эрхийг хүндэтгэн сахисан байдалд эерэг үзүүлэлт бий ч "Ковид-19" цар тахлын хариу арга хэмжээг хэрэгжүүлэх явцад иргэний, улс төрийн эрх, эрх чөлөө түгээмэл зөрчигдсөн. Монгол Улсын олон мянган иргэн эх орондоо ирэх боломжгүй, өвчлөл хэрхэх нь тодорхойгүй, түгшүүртэй нөхцөлд, цалин орлогогүй, олон сараар гадаад улсад амьдарч, эх орондоо ирсэн боловч тусгаарлалтын урт хугацаа, хатуу шаардлагын улмаас эмнэлгийн тусламж зохих ёсоор аваагүй, гэр бүл, ойр дотны хүмүүстэйгээ салах ёс хийж чадахгүй хагацсан тохиолдлууд гарсан. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах гэнэтийн шийдвэр гаргахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах бодлого, арга хэмжээг төлөвлөөгүйгээс 2020 оны 11, 12 дугаар сард олон мянган иргэн халдвар авах, тархаах илүү эрсдэлтэй нөхцөл байдалд нэг сар илүү хугацаанд хөл хоригдсон юм.

6.Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах үндэслэл, зарчмуудыг "Ковид-19" цар тахлын хуульд тусгаж, хууль зүйн хэрэглээнд оруулсан нь эрх зүйн хувьд дэвшил болсон боловч эдгээр зарчмууд бодит байдал дээр хангалттай хэрэгжээгүй. Хувийн нууцыг хамгаалах горим тогтоогүй, хүний хувийн амьдрал, хүнд хүндэтгэлтэй хандах хандлага төрийн албан хаагчдад төлөвшөөгүйгээс халдвар авсан байж болзошгүй хүмүүс, тэдний гэр бүлийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах нөхцөлд хүргэсэн. Төрийн байгууллага, улс төрчид олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан боловч төрийн үйл ажиллагааг шүүмжлэх зорилготой тайван цуглааныг халдвараас сэргийлэх шалтгаанаар тарааж, нийтлэг байдлаар хязгаарлаж байсан нь "Ковид-19" цар тахлын хуулийн 11.1.3, 11.1.5-д тогтоосон зарчмыг зөрчсөн гэж үзсэн.

7.Эдгээр хүний эрхийн зөрчил, эрсдэл дутагдлын голлох шалтгаан нь нэг талаас хүний гоц халдварт өвчний хариу арга хэмжээний удирдлага, зохион байгуулалтад цөөнгүй байгууллага, албан тушаалтан оролцдог, шийдвэр гаргах шат дамжлага олон, байгууллагуудын бүрэн эрх, чиг үүрэг ойлгомжгүй, сүүлийн хоёр жилд УОК, УОК-ын Шуурхай штаб зэрэг бүтэц, алба хэдэн удаа өөрчлөгдсөн, нөгөө талаас Монгол Улсын нийтийн эрүүл мэндийн гамшиг, гоц халдварт өвчний үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хянах үйл ажиллагаа тусгагдсан, нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй нөлөөллийг тооцох чиглэл байхгүйтэй холбоотой гэж дүгнэсэн.

 

            ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцооны талаар судалгаанд оролцогчдын  63 хувь нь улс орны хувьд ардчилсан тогтолцоог бий болгохын тулд улс төрийн шийдвэр гаргалтад эмэгтэйчүүд оролцдог байх нь чухал гэж дэмжиж байгаа ч шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгааг онцлохын зэрэгцээ комиссоос 2021 онд төрийн захиргааны байгууллагын орчинд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой төрийн албан хаагчдын 8.2 хувь нь асуудлаа шийдүүлэхээр албан ёсны субьектэд хандаж байсан бол 2022 онд энэ нь 20 хувьд хүрснийг ахиц гарсан гэж үзэхээр байна” гэв. 

 

          Ажил эрхлэлт, хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн төлөв байдлыг тандах судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг “хүний эрхийн зөрчил” гэж ойлгож байгаа ч түүнийг хөдөлмөрийн харилцааны бусад зөрчлөөс ялгахгүй байна. Зөрчлийн тухай хуульд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийг зөрчилд тооцох зохицуулалтыг нэмж оруулах, хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтад өртсөн хохирогчийг хамгаалах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт шаардлагатай байгааг Ж.Хунан дарга танилцуулгадаа дурдаад, Хөдөлмөрийн дотоод журам, дүрэмд хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх заалт байгаа эсэхийг судалгаанд оролцсон 5 хүн тутмын 2 нь мэдэхгүй байна. Иймээс холбогдох зохицуулалтыг бодлогын баримт бичиг, дотоод хэм хэмжээндээ ажилтанд ойлгомжтой байдлаар нарийвчлан тусгах, мөн нийгмийн түншлэлийн чухал хэлбэр болох хамтын гэрээ, хэлэлцээрт хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийлэл болон бэлгийн дарамтаас сэргийлэх, таслан зогсоох хүрээнд талууд хамтран ажиллах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд тусгах буюу хуулийн хэрэгжилтийг хангах нь чухал байгааг онцолсон.

 

          Түүнчлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг таслан зогсоох талаар манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжууд хүчин төгөлдөр үйлчилж үр дүнгээ үзүүлж байгаа хэдий ч судалгааны дүнгээс үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсаар байгааг дурдаад хэт олон цагаар эсвэл олон өдрөөр ажиллах, ажлын байранд хийх ажил болон гүйцэтгэх нөхцөл тодорхойгүй байх, цалингүй эсвэл бага цалинтай ажиллах, цалингаа үндэслэлгүй хасуулах, цалин хөлсөө эцэг, эх, асран хамгаалагч болон зуучлагч зэрэг бусад этгээдэд суутгуулах эсвэл шууд өгөх, нийгмийн хамгаалалд хамрагдах боломжгүй байх, боловсролын үйлчилгээнд хамрагдахгүй, нийгмийн амьдралаас тусгаарлагдсан нөхцөлд ажил, хөдөлмөр эрхлэх зэрэг боолчлолын шинжтэй нөхцөлүүд хүүхдийн хөдөлмөрийн харилцаанд тулгарч байгааг анхаарах зайлшгүй байна гэж дүгнэжээ.

  

           Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг эрт шатанд илрүүлэх, хохирогчид  хуульд заасан 7 төрлийн үйлчилгээг үзүүлэх зэрэг зохицуултууд хэрэгжиж эхлээд 6 жил байгаа хэдий ч өнөөг хүртэл орон нутагт хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа нь жигдрээгүй, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг ХЭҮК-ийн дарга мэдээлэлдээ дурдсан.

 

           Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг УИХ-д танилцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгджээ. 2021 онд  хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ. Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг танилцуулгад онцолсон.  

 

           ХЭҮК 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүд болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны ажлын ачаалал зэрэг асуудалд үнэлгээ хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "Ковид-19" цар тахлын эмчилгээнээс бусад төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эмч, эрүүл мэндийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн зүгээс үнэлсэн байдлыг нэгтгэн дүгнэвэл эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчдийн аль аль нь эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан гэж үзсэн ч тасралтгүй байж чадсан гэж 70 орчим хувь нь үзсэн байна.

 

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд дараах асуултыг тавьж, тодорхой байр сууриа илэрхийлэв.

Б.Баярсайхан: Нэгдүгээрт асуулт. ХЭҮК-ын бүрэлдэхүүнийг шинэчилж, таван гишүүнийг нь томилсноос хойших нэг жилийн хугацаанд идэвхтэй ажилласан гэж үзэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөний 21 дэх илтгэлийг хэлэлцүүлж байна. МАН хүний эрхийн чиглэлд томоохон дэвшил гаргахаар өнөөдөр хэрэгжүүлж байгаа хуулиаудад үнэлгээ хийж, хүний, хүүхдийн эрхийг хамгаалахад нэлээд том бодлого, зорилт тавин ажиллаж байгаа. Та бүхэн ийм зузаан ном гаргаад, илтгэл танилцуулж, зөвлөмжөө гаргасан. Засгийн газар, байгууллагуудад өгсөн зөвлөмжийг амьдралд хэрхэн хэрэгжүүлдэг юм бэ. Хэрэгжих тогтолцоо, бүтэц нь байдаг уу. Та нарын гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй бол ямар хариуцдага тооцдог вэ. Би бол хэрэгжүүлдэггүй гэж харж байгаа. ХЭҮК зөвлөмжийнхөө хэрэгжилтийг хангуулахын тулд хэрхэн ажилладаг вэ. Бүх шатанд хүний эрх зөрчигдөж байгаа. Та бүхний илтгэлд тусгасан байна. Төрийн албан хаагчийн, эмэгтэйчүүдийн, хүүхдийн эрх гээд өчнөөн асуудал байгаа. Хоёрдугаар асуулт. Жендерийн үндэсний хороон дээр Азийн хөгжлийн банкны “Оролцоонд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх нь” нэртэй төсөл хэрэгжүүлж дуусгасан байна. Хөндлөнгийн үнэлгээ гэж юу вэ. Хяналт шинжилгээ, үнэлгээ гэхээр шалтгалт гэж ойлгодог. Гэтэл бодит амьдралд, газар дээр нь болоод байгаа зүйлийг иргэдийн хэлэлцүүлгээр, хүмүүс өөрсдөө үнэлэх тогтолцоо байгаа юу. Гуравдугаар асуулт. ХЭҮК-ын дарга Хунан өөрөө оролцож байгаа. Бид хүүхдийг эрхийг хамгаалах тал дээр саяхан томоохон ажил хийсэн. НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн хүний хувьд хүүхдийн эрхийг асуудлыг та бүхэн юу гэж харж байна вэ. Хөдөлмөрийн хуульд тусгасан хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой заалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаад ХЭҮК-ын оролцоо, байр суурийг сонсъё.

Ж.Хунан: Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг өргөн барьсны дагуу УИХ-аас шийдвэр гаргадаг. Комиссоос санал болгосон зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн шийдвэр гаргадаг. 2020 оны илтгэлийг УИХ 2021 оны долдугаар сарын 7-нд хэлэлцээд, 67 дугаар тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэгжилтэд ХЭҮК үнэлгээ хийсэн. 14 заалт бүхий тогтоолыг 70 орчим хувьтай хэрэгжүүлсэн. ХЭҮК-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалт явуулаад, зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Зөвлөмж, шаардлагыг заавал биелүүлэх шинжтэй болгосон зохицуулалтыг ХЭҮК-ын тухай хуулийн 2021 онд шинэчлэхдээ тусгасан. Зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх, хуулийн этгээд бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах үндэслэл болно гэсэн зохицуулалтыг хуульчилсан. Гуравдугаарт асуултад хариулъя. ХЭҮК-ын шинэ бүрэлдэхүүн хүүхдийн эрхэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа. Хүүхдийн эрхийн асуудлыг тусгайлан нэг гишүүн дагнан хариуцдаг. 20 дахь илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан. Ялангуяа хөл хорионы үеийн, жендерт суурилсан хүчирхийлэл, хүүхэд сургуулиас завсардах асуудлыг онцгойлон авч үзэж, дүгнэлт хийсэн. Мөн 21 дэх илтгэлд хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийг багтаасан. Өөрөөр хэлбэл, конвенцын хэрэгжилтийн үнэлгээг хийсэн. Үүний хүрээнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлыг тусгаж, тусгайлан санал боловсруулсан. Энэ жилийн хувьд ХЭҮК хүүхдийн сурч боловсрох эрхийг хамгаалах чиглэлээр хүүхдийн дотуур байранд хийж байна. Мөн Хүүхдийн эрхийн улсын хороонд шалгалт явуулж байгаа. Үүнийг ирэх жилийн илтгэлд тусгасан гэж төлөвлөж байгаа.

С.Бямбацогт: ХЭҮК-ын шаардлагыг заавал биелүүлэх ёстой. Комиссын 19, 20 дахь илтгэлийг УИХ хэлэлцээд, 67 дугаар тогтоол баталсан. Цар тахлын үед аль болох хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг зөрчүүлэхгүй байх чиглэлээрх 14 заалтыг үүнд тусгасан. Тогтоолын хэрэгжилтийг УИХ-ын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний газраас хянаад, 65 хувь биелүүлсэн гэж дүгнэсэн. 14 заалтын тодорхой хувийг сайн биелүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Түүнчлэн ХЭҮК-оос хүргүүлсэн зөвлөмжүүдийг тодорхой албан тушаалтнууд биелүүлээгүй тохиолдол байгаа юм билээ. Тэгэхээр ХЭҮК-ын тухай хуулийг хэрхэн сайн биелүүлэх вэ гэдэгт УИХ анхаарах ёстой. 21 дэх илтгэлийг хэлэлцсэний дараа УИХ-аас тогтоол батална.

Д.Сүнжид: Хоёрдугаарт асуултад хариулъя. Монгол Улс 2022 оны байдлаар Дэлхийн эдийн засгийн форумын үзүүлэлтээр 10 байр урагшилсэн ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоон түвшингээр 116-д буюу хамгийн муу үзүүлэлттэй байсан. Эрүүл мэндийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшин нь хамгийн сайн гэх мэт. Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгөөс хэд хэдэн удаа үнэлгээ хийдэг. Улс төр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин бага, боловсролын салбарт эрэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй гэсэн дүр зураг гардаг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байгаа. Олон улсын, төрийн, төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар ийм дүр зураг гардаг. ХЭҮК илтгэлдээ энэ бүгдийг тоймлоод, судалгааны мөрөөр бодлого боловсруулах, хэрэгжилтийг нь хангах, механизм бий болгож, арга хэмжээ авах шаардлагатай байна гэж дүгнэсэн. Нэгдүгээрт, бодлогын түвшинд хууль, эрх зүйн үндэс суурь тавигдсан гэж үзэж байгаа бол хоёрдугаарт, байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангах шаардлагатай байна гэж үзсэн.

С.Одонтуяа: Хүний эрхийн ноцтой зөрчил үүсэж байгаа нөхцөлд ХЭҮК шуурхай ажиллаж байгаагаа олон нийтэд мэдээлж байх хэрэгтэй.  

Ш.Адьшаа: ХЭҮК хэвшмэл арга барилаасаа салах хэрэгтэй.

Сэтгэгдэл