Үндсэн хуулийг “хулгайлах” нь гэсэн хардлага ба эрх баригчдын амлалт
2022-06-25

 

            “Та нар биш, бид асуудлаа яримаар байна” гэж нэгэн иргэн чанга дуугаар орилов. Танхимд суусан хүмүүс “Тийм шүү” гэж ам уралдан хашхирахад индерт зогссон албан тушаалтан чимээгүй сандалдаа суулаа. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа нар иргэдтэй уулзаж байх үеэр болсон зүйл.  

            Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буй, эсэхийг иргэдээсээ асууж ир гээд, УИХ-ын 76 гишүүнийг тойрог руу нь “цөлсөн” гэнэ. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын чуулган болон байнгын хороод хуралдаагүй, гишүүд тойргийнхонтойгоо уулзсаар байна. Эдгээр өдөрт хэчнээн УИХ-ын гишүүн дээрх шиг иргэддээ “загнуулж” яваа бол гэж бодогдох. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, төгрөгийн ханш унасныг бодитоор мэдэрч, төрийн өндөр албан тушаалтнууд нь улсын мөнгийг “цөлмөж”, авлигын гэмт хэрэгт холбогдож буйг сонссон иргэд бухимдлаа илэрхийлэх нь мэдээж. Дээрх тохиолдлын тухайд цар тахлын хорио цээрээс үүдэлтэй хил дээр үүссэн гацаа, Украинд бий болсон нөхцөлөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн манай улсын эдийн засаг ямар байгаа талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа уулзалтын эхэнд товч мэдээлэл өгсөн. Гэвч иргэд “Энэ талаар сонсмооргүй байна. Үүний тухайд зурагт, мэдээллийн хэрэгсэл, интернэтээс хангалттай мэдээлэл авч байгаа. Гол асуудлаа яръя. Бидний асуудлыг сонс” гэж шаардсан тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжих, эсэх талаар ярилцсан юм.

Эрх баригчид: Дөрвөн бүлгийн 11 чиглэлээс халихгүй

            Нуулгүй хэлэхэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эрх баригчид өөрт ашигтай ямар нэг хувилбар тусгаж батлах вий гэсэн болгоомжлол бас хардлага бий. Ердөө гуравхан жилийн өмнө өнөөгийн эрх баригч хүчин буюу МАН УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл батлаад гурав, хэрэгжүүлээд хоёрхон жилийн нүүрийг үзэж буй, нийцүүлж батлах ёстой зарим хуулийн төсөл нь одоо хүртэл УИХ-ын “босго”-оор орж ирээгүй байхад дахин Үндсэн хуульд “гар хүрэх” гэж буй нь хачирхалтай.

Дөрвөн бүлгийн хүрээнд 11 чиглэлээр өөрчлөлт оруулахыг дэмжих, эсэхийг УИХ-ын гишүүд иргэдээс асууна гэж парламентаас мэдэгдсэн. Гэвч эдгээр чиглэлийг тусгасан тогтоолыг parliament.mn болон D-parliament аппликэйшнд нээлттэй байршуулаагүй байна.       

 Доорх хүснэгтэд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын иргэдээс асуусан саналыг бичив. (Үүнд 10 чиглэлийн өөрчлөлт багтсан)

 

 

 

 

Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх

-Цаазын ялыг халах, эсэх

 

-Иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргах боломж бүрдүүлэх, эсэх

 

-Цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг өндөрсгөж, нэг удаа урт хугацаагаар томилох, эсэх

 

-Үндсэн хуулийн 191.3 дахь заалт буюу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэснийг өөрчлөх, эсэх

 

 

 

Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх

-улс төрийн намын төлөвшил, хариуцлагыг дээшлүүлэх, сонгуулийн системийг өөрчлөх

 

-парламентын гишүүдийн тоог нэмэх, эсэх

 

-“давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмэх, эсэх

 

 

 

 

Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах

-Үндсэн хуулийн 13.1 дээх заалт буюу “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж заасныг өөрчлөх, эсэх

 

-Сумын Засаг дарга нарыг сумын иргэдийн дунд явуулсан сонгуулийн үндсэн дээр сонгох, эсэх  

 

 

Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх

 

-Төрийн сүлдийг шинэчлэх, эсэх

 

            Уулзалтын үеэр нэгэн иргэн “Эдгээр чиглэлээр өөрчлөлт оруулах, эсэхийг иргэдээс асуулаа. Гэтэл та нар цаагуур нь биднээс асуугаагүй өөр ямар нэгэн заалт өөрчилчих вий гэхээс болгоомжилж байна” гэж асуусан. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Үүнээс өөр ямар ч чиглэлээр өөрчлөлт оруулахгүй” гэсэн амлалт өгөв. Мөн тэрбээр “УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачилгаар 180 мянган иргэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн гарын үсэгтэй бичгээ УИХ-д ирүүлсэн, түүнчлэн улс төрийн 24 намын төлөөлөл үүнд санал нэгдсэн тул ийнхүү санал авах ажлыг эхлүүлсэн”-ийг тодотгож байв.   

Ор төдий санал асуулга, ойлголтгүй иргэд

             Үндсэн хууль гэж юу вэ гэсэн асуултыг гудамжинд явж буй иргэдээс асуувал хэд нь энэ талаар зөв ойлголттой байх бол. Санал асуулгад хэр их хүн оролцож байна вэ? 

Дээрх уулзалтад 96 хүн оролцсон (сүүлд хэдэн хүн нэмж ирсэн. Баянзүрх дүргийн хэдэн хороодын дунд болсон уулзалт). Тэдний дунд миний ажигласнаар 25-аас доош насны залуус огт харагдаагүй. Дийлэнх нь ахмад настнууд бөгөөд тэд нэг, эсвэл зэргэлдээх хорооныхон учир бие биенээ мэддэг, иргэдийн нийтийн хурал, уулзалт, хэлэлцүүлэгт тогтмол идэвхтэй хамрагддаг хүмүүс гэдэг нь илт байв. Тиймдээ ч нэгэн эмэгтэй “Уулзалтыг ажлын өдөр, ажлын цагаар хийж байгаагаас залуус завгүй учир ирэхгүй байна. Залуус хүн амын олонхыг эзэлдэг шүү дээ, саналыг нь авах ёстой” гэж чанга дугаар хэлсэн удаатай.

Монгол Улсын сонгуулийн насны иргэдийн 50-иас дээш хувийн дэмжлэгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай тул ийнхүү иргэдээс санал авч байгааг УИХ-ын гишүүд тайлбарласан. Учир нь Үндсэн хууль бол бүх ард түмний итгэлцлийн баримт бичиг бөгөөд хэн дуртай нь хүссэн үедээ дурын чиглэлээр өөрчилж болдоггүй гэх. Гэвч үнэнийг хэлэхэд уулзалтын ирц хангалтгүй байгаа нь нууц биш. Жишээ нь, 18-35 насны залуус манай улсын сонгогчдын 60 шахам хувийг эзэлдэг. Гэтэл залуусын байр суурийг сонсоогүй  санал асуулгыг ор төдий явуулсан гэхэд хилсдэхгүй болов уу. Уг нь уулзалтын зарыг айлуудын орц, дэлгүүрийн үүдэнд хадсан байв. Гэвч залуус нэг талаар улс төр сонирхдоггүй, нөгөө талаас ажилтай учир уулзалтад идэвхтэй оролцохгүй байгаа аж.  

Хөндөх ёстой өөр нэг өнцөг гэвэл иргэд Үндсэн хуулийн талаар төдийлөн сайн ойлголтгүй байгаа нь уулзалтын үеэр илт анзаарагдсан. Жишээлбэл, иргэд ямар эрхтэй, Үндсэн хуулийн цэц гэх Үндсэн хуулийн байгууллага юу хийдэг, улс төрийн намын чиглэлээр Үндсэн хуульд ямар “хатуу” заалтыг өмнө нь тусгасан зэргийн талаар ярихад “Сайн ойлголтгүй учир яаж санал өгөхөө мэдэхгүй байна” гээд иргэд хоорондоо шивнэлдэж байв. Тиймээс Үндсэн хууль гэж юу болох, ямар ач холбогдолтойг иргэдэд таниулах ажлыг эхлээд хийх нь зүйтэй.

Үндсэн хуулийн өөрчлөлт гучдугаар асуудал мэт хандсан нь

              Үндсэн хуульд дээрх чиглэлүүдээр өөрчлөлт оруулахыг дэмжих, эсэхийг асуух үеэр иргэд онц ач холбогдол өгөхгүй байв. Уг нь гишүүд заалт тус бүрийн талаарх олон улсын судалгаа, судлаачдын тайлбарыг дэлгэрэнгүй ярьсан. Гэвч “давхар дээл”, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Цэцийн гишүүний томилгоотой холбоотой өөрчлөлт зэрэг иргэдийн хувьд уйтгартай  хэдий ч ард түмний эрх ашгийн үүднээс бодвол маш их ач холбогдолтой заалтуудад саналаа өгөхдөө хойрго хандаж байв. Яагаад парламентын гишүүдийн тоог нэмэх гэж байгааг сонирхохын оронд “Хулгайч”, авилгачдын тоог нэмээд яах вэ” гэх зэргээр ярьж, саналаа өгсөн. Товчхон хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт иргэдийн хувьд гучдугаар асуудал болж, зам, цэцэрлэг бариулах, шөнийн цэнгээний газруудын тоог багасгах, ногоон байгууламж, талбай байгуулах гэсэн “аж ахуйн” ажлыг УИХ-ын гишүүдээс шаардаж байв. Угтаа бол үүнийг УИХ-ын гишүүд биш, Засгийн газар, тэр дундаа хариуцсан Засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгч нар хийх ёстой.     

 

Сэтгэгдэл