Сонгуулийн пропорциональ системийг Цэц хүлээн зөвшөөрөв
2022-06-28

2021.11.22. УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Б.Үүрцайх нар Үндсэн хуулийн цэцэд хандав. Тодруулбал, УИХ-ын  сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянуулахаар мэдээлэл гаргасан. Энэ нь товчхондоо сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентын засаглалыг бэхжүүлэх тухай юм.  

2021.12.27. Цэц дээрх мэдээллийн дагуу маргаан үүсгэж, дунд суудлын хуралдааныг арванхоёрдугаар сарын 27-нд хийхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

2022.06.20. Гишүүн Т.Доржханд нарын гаргасан мэдээллийн дагуу шалгах явцад маргаан бүхий шинэ нөхцөл байдал илэрсэн тул Үндсэн хуулийн цэц өмнө нь шийдвэрлэсэн маргааныг дахин хэлэлцэхээр болж Цэцийн их суудлын хуралдааныг зургадугаар сарын 27-нд товлов.

2022.06.27. Цэц их суудлын хуралдаанаа хийв. Үүнд Цэцийн гишүүд, УИХ-ыг төлөөлж гишүүн С.Бямбацогт, мэдээлэл гаргагч Т.Доржханд, Б.Үүрцайх нар оролцлоо.

Цэцийн шийдвэр: 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн 21.4 дэх хэсгийг өөрчлөн найруулснаар УИХ-ын сонгуулийн эрх зүйн шинэ орчин бүрдсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн тогтолцоо, түүний хувилбарыг сонгон хуульчлах хууль тогтоогчийн буюу УИХ-ын бүрэн эрхийг баталгаажуулсан байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлт болон 2012 оны 02 дугаар дүгнэлт, 03 дугаар тогтоолыг хүчингүй болгов.

Мөн Үндсэн хуулийн цэц энэхүү шийдвэртээ УИХ-ын сонгуулийн тогтолцооны асуудал нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарч байгааг эцэслэн шийдвэрлэсэн болохоо мэдэгдэв.

Тайлбар: Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлт болон 2012 оны 2 дугаар дүгнэлт, 3 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор цэц шийдвэрлэв. Энэ нь товчхондоо сонгуулийн пропорциональ (хувь тэнцүүлсэн) системийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэрээ хүчингүй болгосон гэсэн үг.

Цэцийн 2016 оны 5 дугаар дүгнэлт: Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхын сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...”  гэж заасан нь Үндсэн хуулийн 21.2 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, 21.3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. 

Цэцийн 2012 оны 2 дугаар дүгнэлт: УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжийг бий болгон хуульчилсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.9 дэх хэсэгт "...энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд 5-аас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", 3.1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", 14.1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 16.9 дэх заалтын "...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", 21.2 дахь хэсгийн "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж...сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

Цэцийн 2012 оны 3 дугаар дүгнэлт:  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4.9 дэх хэсэгт "... энэ хуулийн 49.1.6-д заасны дагуу гаргасан...", 49.1.5 дахь заалтад “энэ хуулийн 48.2-т заасан “А” жагсаалтаас дараах нэр дэвшигчдийг хасаж, хасагдсан нэр дэвшигчдийн авсан саналын хувиудын нийлбэрийг тухайн жагсаалтад үлдсэн УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдээс бусад нэр дэвшигчид тэнцүү хуваан шилжүүлэн нэмж жагсаалт /цаашид “В” жагсаалт” гэх/-ыг гаргах:”, 49.1.5.а заалтад “санал өгсөн сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан нэр дэвшигч;”, 49.1.5.б заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бие даан нэр дэвшигч;”, 49.1.5.в заалтад “санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан боловч энэ хуулийн 48.2-т заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй бөгөөд улсын хэмжээнд таваас доош хувийн санал авсан нам, эвслээс нэр дэвшигч.”, 49.1.6 дахь заалтад "тойрог бүрээр гаргасан 49.1.5-д заасан "В" жагсаалтад орсон, энэ хуулийн 48.2, 48.5-д заасны дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдоогүй нэр дэвшигчдийг нам, эвсэл бүрээр нь, "В" жагсаалт дахь авсан саналын хувиар нь дараалалд оруулах ба тэдгээр нэр дэвшигчдийн дараа..." гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", 3.1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", 14.1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 16.9 дэх заалтын "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...", 21.2 дахь хэсгийн "УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж... сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байх тул УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудыг хүчингүй болгосугай.

 

 

2022.06.27. 15.00 цаг. УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Үүрцайх нар хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Гишүүн Т.Доржханд “Дөнгөж сая Цэцийн их суудлын хуралдаан боллоо. Удаан үргэлжилсэн асуулт, хариулттай мэтгэлцээнтэй хурал боллоо. Сонгуулийн пропорцианоль тогтолцоог ашиглаж болох, эсэхийг эцсийн байдлаар шийдлээ. Цэц бол Үндсэн хуулийг хамгаалдаг, эцсийн шийдвэрийг гаргадаг. Түүний дээр хөх тэнгэр байдаг ч гэж ярьдаг. Гаргасан шийдвэр нь нотолгоон дээр үндэслэсэн гэж ойлгож болно. Парламентын ардчилал бэхжих суурь бий боллоо. Төсөв алдагдалтай, өр өсдөг, эдийн засаг хүндэрдэг жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорцианоль тогтолцоо бий болж байна гэж ойлгож болно. Монгол Улс нэг том тойрог боллоо. Сонгогдсон гишүүн 3.5 сая хүний төлөө бодлого ярьдаг, кноп дардаг нөхцөл бүрдлээ. Пропорцианоль тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ч цаашид яригдана. Сонгуулийн холимог системийг оруулах нь чухал. Үүнийг ҮЦХ эцэслэн шийдвэрлэлээ. Одоо ямар ч маргаан байхгүй. УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ. Монголын парламент давжаа байна. Хэрэв гишүүдийн тоог нэмэгдүүлбэл 120-150 гишүүн байх хэрэгтэй. Энэ танилцуулгыг одоо УИХ-ын гишүүд тойрогтоо хийж байгаа” гэв.