“Томоохон төслүүдийг нууцад хамааруулж, тендер зарлахгүйгээр гүйцэтгэдэг болжээ”
2021-11-23

 УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд ажлын хэсгийнхэнд ямар асуулт тавьж, хариулт авсныг хүргэе.     

         Б.Баттөмөр: Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэхгүй бол Нийтийн мэдээллийн тухай хуулийг баталсны хэрэг гарахгүй. Өмнө нь төрийн нууцад хамаарах мэдээллийг онц чухал, маш нууц, нууц гэсэн гурван ангилалд багтаан, жагсаалтыг нь УИХ баталдаг байсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг баталснаар юуг төрийн нууцад хамааруулах, эсэх асуудлыг УИХ-ын хяналтаас гаргасан. Одоо бол юуг улсын нууцад хамааруулж, ямар мэдээллийг нээлттэй болгохыг Засгийн газар шийдэж байгаа. Улсын нууцтай холбоотой төрийн худалдан авах ажиллагааг тендер зарлахгүйгээр явуулдаг. Томоохон төслүүд, их мөнгөн дүнтэй ажлуудыг нууцад хамааруулж, тендер зарлахгүйгээр гүйцэтгүүлдэг зуршил бий болжээ. Үүний цаана мэдээжийн хэрэг том хэмжээний авлигын асуудал яригдана. Нөгөөтээгүүр, УИХ төрийн нууцын жагсаалтыг баталдаг байхад 100 гаруй төрлийн мэдээллийг албаны нууцад хамааруулдаг байсан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн дүнгээр бол албаны нууцад 400, 500 төрлийн мэдээллийг багтааж байна гэх. Иргэдийн мэдэх, мэдээллийг чөлөөтэй авах эрх үгүй болсон. Төрийн байгууллагын дарга нь албаны нууцын жагсаалтыг өөрөө тогтоож байна. Иргэд мэдээлэл авахаар очиход нууцлах шаардлагагүй мэдээллийг албаны нууц нэрийн дор хаацайлдаг. Төрийн өмчийн компаниудад реформ хийх ёстой гэх үүднээс сайд нараас мэдээлэл хүсэхэд нууцын тамгатай бичиг ирүүлсэн. Төрийн өмчийн компанийн бүтэц, орон тоо, цалингийн талаарх л мэдээллийг нууцад хамааруулчхаж байна. Нэг компанийнх нь орон тоог нийтэд зарлавал би 2-8 жилийн хорих ял авах нь. Тиймээс Нийтийн мэдээллийн тухай хуулийг батлахдаа Засгийн газарт тодорхой чиглэл өгмөөр байна. Тодруулбал, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

          Н.Учрал: Байгууллагуудын удирдлага нь олон төрлийн мэдээллийг албаны нууцад хамааруулж, нийтэд мэдээлдэггүй талаар гишүүд хөндсөн. Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Тэгэхээр байгууллагууд 67 төрлийн мэдээллийг нууц гэж хаацайлах ямар ч боломжгүй. Жишээлбэл, төсвийн гүйцэтгэл, бүтэн жилийн тайлан, тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай газар нутгийг хэн эзэмшиж байгаа талаарх мэдээллийг нээлттэй байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, байгууллагууд буюу мэдээлэл хариуцагч нь эдгээр төрлийн мэдээллийг сайт, цахим хуудсаар дамжуулан нээлттэй байлгах үүрэг хүлээнэ. Гэхдээ Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай.

         Б.Энх-Амгалан: Хувь хүний нууцын, нийтийн мэдээллийн, виртуал хөрөнгийн, кибер аюулгүй байдлын тухай асуудлыг хөндөж байна. Би нэг зүйлд их эмзэглэж байгаа. Хаалга, хаяа, тооно нь онгорхой, авдар нь цоожгүй гэрт шороо, вирус, халдлага оруулахгүй байх тухай яриад байх юм. Бидний интернэтийн эх үүсвэр гаднын хамааралтай. Сервер, шилэн кабелиуд ч гаднын хамааралтай. Ийм нөхцөлд буюу дэд бүтцээ өөрсдөө угсраагүй байж цахим болгох ажлыг түрүүлж хийх нь зөв үү. Өдөрт манай улсын системүүд рүү 66.2 сая хандалт хийдгээс 16.6 сая нь халдлагын шинжтэй байна. Нийтийн мэдээллийн тухай хуулиар бүх зүйл нээлттэй болох нь. Нэр усгүй, хаяг, хэн гэдэг нь тодорхойгүй нэгэн бусдыг гүтгээд байвал яах вэ.

 

 Сонгогчийг таних, улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд л хурууны хээг ашиглана 

              Дараа нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ. Гишүүд энэ үеэр ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.

        Б.Энхбаяр: 1997 онд баталсан Гүйцэтгэх ажлын тухай хууль гэж бий. Энэ хууль нь хувь хүний мэдээлэлд хамгийн хил хязгааргүйгээр “нэвтэрдэг”. Тиймээс энэ хуулийг шинэчлэхгүйгээр Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг “амилуулах” боломжгүй. Нэг талаас нийтийн, улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг хамгаалах нь зүйтэй. МАН-ын Удирдах зөвлөлөөс санаачлан, хараат бус судлаачдаар Гүйцэтгэх ажлын тухай хуульд судалгаа хийлгүүлсэн. Үндсэн хуульд заасан, иргэний хамгийн ихээр хөндөгдөж буй эрхүүдийн нэг нь халдашгүй, чөлөөтэй байх явдал гэдгийг үүгээр дүгнэсэн. Тэр дундаа гүйцэтгэх ажлын асуудлыг нэлээд тодорхой болгож хуульчлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хоёр асуудал бий. Нэгдүгээрт, үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс дэлхийн аль ч улс хар хайрцагныхаа бодлогын хүрээнд тагнуулын байгууллагаас тусгай, мэргэжлийн гүйцэтгэх ажлыг хийдэг. Үүнийг хуулийн “хана, хэрэм”-д оруулах шаардлагагүй. Харин энэ төрлийн харилцааг гэмт хэрэг шалгадаг, нууц мөрдөн шалгах ажиллагаатай нэг хуулиар зохицуулахаар боловсруулчихсан. Гэмт хэрэг илрүүлэх зорилгоор хийдэг ажиллагаа бол Үндсэн хуулийн ёсоор прокурорын хяналтад байдаг. Прокурорын хяналтад байсан, хууль ёсны дагуу хийж буй үйл ажиллагаа л жинхэнэ нотлох баримт болдог. Нотлох баримт болдог ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлын зорилгоор хийдэг ажиллагаанаас өөр юм аа. Цаашид үүний зааг ялгааг гаргахгүй бол болохгүй. Тиймээс Гүйцэтгэх ажлын тухай хуулийг шинэчлэх чиглэлийг Засгийн газарт өгмөөр байна.    

          Б.Баасандорж (ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга): Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэх үеэр гишүүд энэ асуудлыг хөндөж байсан. Гүйцэтгэх ажлын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа.

         Ш.Раднаасэд: Энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар мэдээллүүдийг устгах вэ?

      Б.Баасандорж: Хуульд шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан. Үүнд тодорхой хугацаа заагаагүй. Энэ хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө хуулиар зөвшөөрснөөс бусад мэдээлэл хариуцагчийн цуглуулсан, биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээг устгана гэж заасан. Үүнийг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газрын шийдвэрээр байгуулна. Өөрөөр хэлбэл, хүний гарын хурууны хээг зөвхөн сонгогчийг танихад, мөн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд л ашиглана. Дэлгүүрүүдэд хэрэглэгчдийн гарын хурууны хээг ашиглан үйлчилгээ үзүүлдэг. Банк бус санхүүгийн, машин худалддаг байгууллагуудад ч ингэх нь бий. Иргэдийн гарын хурууны хээний бааз үүсгэсэн байдаг тул түүнийг нь хураан авах үйл ажиллагаа явуулна.

        Ц.Мөнх-Оргил: Энэ хуулийг дагалдуулж, Эрүүгийн хуулийн 13.11 дэх заалтыг өөрчлөн найруулах санал оруулжээ. Үүнд шүүгч, цагдаа, прокурорын байгууллагынхнаас санал авсан уу. Уг заалтыг (одоо хүчин төгөлдөр мөрдөж буй) хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг гэж хуулийн байгууллагынхан ярьдаг. Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн, задруулсан... гэдгийг нарийвчлан тодорхойлох хэрэгтэй. Хувь хүний нууцыг задруулсан бол оноох ялыг нь чангатгажээ. Үүнийг хуульчидтай зөвлөлдсөн үү. Мөн албан үүргээ гүйцэтгэх явцдаа гэх нэршлийг тодорхой болгох хэрэгтэй.

     П.Сайнзориг (ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга): Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, хувь хүний нууцад халдах, задруулах... төрлийн гэмт хэрэг 2019, 2020 онд цөөн тоогоор бүртгэгдсэн. Жишээ нь, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дамжуулах, тараах гэмт хэрэг тухайн онуудад бүртгэгдээгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, задруулахтай холбоотой соёлд иргэд төдийлөн дадаагүй гэсэн чиг харагдаж байгаа.  Өөрөөр хэлбэл, маш их хэмжээний мэдээллийг задруулж байгаа боловч иргэд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах нь цөөхөн. Энэ нь нэг талаар хуулийн тодорхойгүй байдал буюу хувь хүн нууцаа өөрөө хамгаална гэх заалттай ч холбоотой. Түүнчлэн хувь хүний нууцын ангиллыг тодорхойлсон ч ямар мэдээлэл нь хөрөнгийн, эрүүл мэндийн нууцад хамаарахыг нарийвчлаагүй. Дээрх хуулиудыг боловсруулах явцад хууль хяналтын байгууллагуудаас санал авсан. Эрүүгийн хуулийн шинэчилсэн төслийг боловсруулахдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчих, мөрдөн мөшгих, эрүү шүүлт тулгахтай холбоотой ялын бодлогыг чангатгана гэв.  

Бат.Уянга

 

Сэтгэгдэл