Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдээллийг ил болгосон долоо хоног
2022-07-03

            Төрийн эрх бүхий албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу УИХ-ын гишүүдийн хөрөнгийн мэдээллийг АТГ-аас мягмар гарагт нээлттэй болгов.    

Хамгийн их орлоготой, өндөр хадгаламжтай, олон тооны малтай гишүүд

УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Хөрөнгө орлогоороо бусдаасаа тэргүүлэв. Тэрбээр 8.7 тэрбум төгрөгийн жилийн орлоготой. Мөн амины нэг, нийтийн хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг барилга байгууламжтай бөгөөд эдгээр нь 4.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Түүнчлэн 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, 4.9 тэрбум төгрөгийн авлагатай.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Жилийн орлогоороо БШУ-ы сайдын дараа жагсаж буй гишүүн. Тэрбээр жилийн 5 тэрбум төгрөгийн орлоготой, нийтийн хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой. 2.1 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 500 саяар үнэлэгдэх range rover загварын нэг, lexus-570 маркийн нэг автомашинтай.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Жилийн орлого нь 63.3 сая төгрөг. 1.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Жилийн 34 сая төгрөгийн орлоготой. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх амины нэг орон сууцтай. 6.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хоёр тэрбум төгрөгийн авлагатай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Жилийн 187 сая төгрөгийн орлоготой. 1.1 тэрбумаар үнэлэгдэх нийтийн гурван орон сууцтай. Дөрвөн хэсэг газрыг эзэмшдэг, долоон хэсэг газрыг өмчилдөг бөгөөд эдгээр нь нийт 520 саяын үнэлгээтэй. 6.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Жилийн 122 сая төгрөгийн орлоготой. 634 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай. 900 хонь, 305 ямаа, 63 үхэр, 641 адуутай. 3.5 сая төгрөгийн хадгаламжтай.  

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Жилийн 49 сая төгрөгийн орлоготой. Амины хоёр, нийтийн зориулалттай нэг орон сууц нь нийт 7.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Нийт 935 сая төгрөгийн үнэлгээтэй дөрвөн автомашинтай. 805 хонь, 294 ямаа, 104 үхэр, 372 адуутай. Мөн хурдан удмын 16 адуутай. 3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай.

УИХ-ын гишүүн П.Анужин: Жилийн 140 сая төгрөгийн орлоготой. 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай. 654 хонь, 205 ямаа, 121 үхэр, хурдан удмын 242 адуутай. 555 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.   

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: Жилийн 49 сая төгрөгийн орлоготой. 1.5 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай. 323 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 411 сая төгрөгийн хадгаламжтай, 800 сая төгрөгийн авлагатай.

 

Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

       УИХ-ын чуулганы баасан гаргийн хуралдаанаар Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний их баяр наадмын тухай (шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлав. 

 

ҮАГ: Төсөв, санхүүгийн  хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй

           Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувьд хүрснийг танилцуулж байв.

          Харин дээрх тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат танилцуулахдаа “Засгийн газрын нийт өр 2021 оны эцэст 26 их наяд 918.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь өнөөгийн үнэ цэнээр тооцвол 21 их наяд 837.3 тэрбум төгрөг болж, ДНБ-ий 50.8 хувьтай тэнцэж буй”-г онцолсон. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилтэд баримтлах хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь төсөв, санхүүгийн  хариуцлагын болон хяналтын тогтолцоо хангалтгүй сулаас хамаарч байгааг анхаарах шаардлагатайг хөндөв. Түүнчлэн УИХ-д долоон асуудлыг толилуулж, Ерөнхий сайдад 15, Сангийн сайдад 13, Эдийн засгийн хөгжлийн болон Барилга, хот байгуулалтын сайдад тус бүр 1, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт 5 зөвлөмж тус тус өгснийг танилцуулсан юм.  

 

АН-ын бүлгийн даргыг чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

            УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тус бүлгийнхэн хоорондоо санал нэгдэхгүй, бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас хуралдаанаа хийж чадахгүй, зөрчилдсөөр ирсэн. Тиймээс эдгээр асуудлыг нэг мөр шийдэх, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүний олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилоход санал нэгдвэл, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгосноор бүрэн эрх нь хэрэгжих зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан юм. Тэгвэл уг төслийг УИХ-ын байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

            Төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлэн санал болгосноор бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэх талаар санал гаргасан ч гишүүдийн олонх дэмжээгүй аж.

 

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авав

           Засгийн газраас  2022 оны дөрөвдүгээр сарын 14-нд, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүнээс 2021 оны тавдугаар сарын 21-нд, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээрийг нэгтгэсэн бөгөөд анхны хэлэлцүүлгийг нь хийх үед УИХ-ын гишүүд санал зөрөлдөв. Уг төслийг өмнө нь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрсэн гэж мэдээлж байсан ч дахиад л эсэргүүцэлтэй тулгарсан. Тодруулбал, төсөлд тусгасан, улс төрийн албан тушаалтан нь хуульд заасан ёс зүйн зөрчил гаргахгүй, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэсэн заалтыг хасах, эсэхийг шийдэх үед гишүүд өөр өөр байр суурьтай байв.  Тиймээс уг төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авахаа бүлгийн дарга Д.Тогохсүрэн мэдэгдсэн юм.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ажиллуулж болох, зарим олон улсын байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох зохицуулалтыг тусгасан байсан. Үүнийг гишүүдийн олонхын саналаар хассан байна.

 

Хянан шалгах түр хорооны даргаар гишүүн Г.Ганболдыг сонголоо

              УИХ-аас Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий хянан шалгах түр хороог байгуулсан. Тус хороо анхны хуралдаанаа хийж, даргаараа гишүүн Г.Ганболдыг сонголоо. Тэрбээр “Түр хороо нь нотлох баримт цуглуулах, хянан шалгах, шинжээч томилох, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, санал, дүгнэлтээ УИХ-д тайлагнах үүрэгтэй. Иймд чуулган завсарлах гэж байгаа тул түр хороог хуралдуулж, хянан шалгах шинжээчдийг томилох асуудлыг нэн яаралтай хэлэлцэх зайлшгүй шаардлагатай”-г хэлсэн.