Чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа
2022-07-06

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы (2022.07.05) өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14 цаг  08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. 

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав

     Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван  гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс УИХ дахь МАН-ын  бүлгийн авсан завсарлагааны хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

    Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр бүлгийн хуралдаанаар уг асуудлыг ярилцаад Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаагаад Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван  гишүүнээс  өргөн мэдүүлсэн төслийг үлдээж, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар шийдвэрлэснийг мэдэгдсэн. 

    Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  холбогдох Байнгын хороонд шилжүүллээ. 

    Мөн энэ өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгээс тус тус өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. 

мын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулсныг онцлов.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Г.Ганболд нар асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулсан. 

    Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 23.3, 23.4 дэх хэсгийг “Энэ хуулийн 11.1-д заасан албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцож болно.”, “Энэ хуулийн 23.3-т заасан хугацааг төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж өөрчлөн найруулах, төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 33.3 дахь хэсгийн “иргэнээс” гэснийг “иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас” гэж, мөн хэсгийн “шилжих, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалаас төрийн захиргааны удирдах албан тушаалд шилжих тохиолдолд авна.” гэснийг “шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналууд дэмжигдлээ. 

    Мөн төслийн 4 дүгээр зүйлийн ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар” гэснийг “Иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсон, улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг”” гэснийг ““Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас” гэснийг “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн  албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон,”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон 54.0 хувь нь дэмжсэн. 

Харин  хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяраас төслийн 1 дүгээр зүйлийн “гаргахыг хориглоно.” гэсний дараа  “Төрийн албаны тухай хуулийн 10.1.1-д заасан албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэл гаргахгүй.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд  оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнгүй.

    Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. 

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд  танилцууллаа. 

    Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэснийг онцлов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Төрийн албаны зөвлөл  сумын Засаг даргын Тамгын газруудад нийт хэчнээн сул орон тоо байгаад тооцоо судалгаа хийж, үүнийг зайлшгүй нөхөх шаардлагатай байгааг тодотгоод энэ талаарх саналаа Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингийн хамт УИХ-ын дэд даргад хүргүүлснээ мэдэгдсэн. Мөн тэрбээр сумын Засаг даргын Тамгын газруудад сул орон тоо олноор байгаагийн шалтгаан нь Төрийн албаны тухай хуулиар өндөр шаардлага тавьсан, босго оноог хэт өндөр тогтоосон, албан хаагчийн цалин хөлс бага байгаатай холбоотой гээд үүнээс болоод орон нутгийн иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй байгааг онцлон тэмдэгдэсэн. Мөн Улсын Их С.Бямбацогт энэ хуулиар төрийн анхан шатны нэгж болон  боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагчдыг халж, солих зэрэг асуудлыг зохицуулахад анхаарсныг тодотгоод цаашдаа төрийн үйлчилгээний албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд холбогдох байгуулагууд анхаарлаа чиглүүлж ажиллах шаардлагатай гэж байлаа.

    Ингээд хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

    Чуулганы энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасныг үндэслэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналыг хуралдаанд оролцсон 86.0 хувь нь дэмжсэн.  

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

    Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүнээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

    Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

    Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болох, Улсын Их Хурал иргэний төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хангаж, шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу, хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгажээ.

    Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 12 гишүүн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “D-parliament” цахим системд байршуулсан болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолсон. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын С.Ганбаатар, Г.Ганболд, Т.Доржханд, С.Чинзориг нарын асуултад төсөл санаачлагч гишүүн Г.Занданшатар хариулсны дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 50.9 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

    Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн   хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

    Энэ талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

 

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулсныг тодотгоод Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ гэлээ.

    Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжив.

    Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88  хувь нь дэмжсэн.  

“Түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    Дараа нь “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг дэмжих  түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир  нар тус тус  танилцуулав. 

    Хүнсний аюулгүй байдлыг хангахад дотоодын газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр зах зээлийг хангах боломж, чадавхийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтойг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад манай улсын хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнээр 97.0 хувь, төмсөөр 100 хувь, гурилаар 98.3, хүнсний ногоогоор 60.7 хувийг хангаж байна гэв. 

Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал сайжирч, хүнсний хангамж нэмэгдэж байгаа боловч хүнсний аюулгүй байдал алдагдаж, хүнснээс хамаарсан өвчлөл, хүнсний хорлогод өртөгсдийн тоо ихээхэн нэмэгдэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээгээр 2020 оны байдлаар хүнсний хими, нян судлал, хор судлал, ургамал хорио цээр, цацрагийн бохирдлын чиглэлээр 310.5 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 6.7 мянган сорьц Монгол Улсын стандартын шаардлага хангаагүй, бохирдлын түвшин 2.1 хувь байна гэж үзжээ. Төрийн аудитын газраас хийсэн Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд хийсэн гүйцэтгэлийн тайлангаас үзвэл Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, үндэсний хөтөлбөрүүдэд зорилт, арга хэмжээг хэсэгчлэн тусгасан боловч шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшнийг оновчтой тодорхойлоогүйгээс зорилт, арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй, үр дүнд хүрээгүй байна. Мөн гол нэрийн зургаан төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байна гэлээ.

    Иймд Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Байнгын хорооны түвшинд судалж, нэгдсэн бодлого шийдвэр гаргах шаардлагатай байгаа тул “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.  

 УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнийг Т.Аубакир гишүүн танилцуулгадаа дурдаад Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Баярсайхан, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлэв.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан хоол, хүнсний зохисгүй хэрэглээ, чанаргүй  бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэж байгаа амьдралын буруу хэвшил нь монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчин эмгэгийн үүсвэр болж байгааг тодотгоод Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Мөн тэрбээр түр хороо цаашид сургуулийн орчин дахь хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байдалд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ хүүхдийн эмнэлэг, сургуулийн дотуур байрны хоолны чанар, эрүүл аюулгүй байдалд илүүтэй анхаарч ажиллахыг хүслээ.

    Тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53,6 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох  Байнгын хороонд шилжүүлсэн.

    Мөн энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

 УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тул  энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. 

    Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолоор зөвхөн түр хорооны бүрэлдэхүүнийг батлах бөгөөд хэрэгжиж эхлэх хугацааг 2022 оны 10 дугаар сарын 05-наас гэж өөрчлөх, хууль зүйн техникийн шинжтэй зарим засваруудыг хийх, түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцолсон.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй таван саналаар санал хураалтыг явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнгээс төслийн нэрийн "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах,хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих" гэснийг хасах, төслийн хэрэгжих хугацааг заасан 1 дэх заалтын дугаарлалтыг “2" гэж,  мөн заалтын "баталсан өдрөөс нь" гэснийг ‘2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс" гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

    “Түр хороо байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. 

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

    Дараа нь Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   

Энэ талаарх  Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан. 

    Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1 дэх заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгалаа. Тухайлбал, хуулийн төслийн 11.2, 12.1. 12.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэснийг Зөвшөөрлийн тухай хууль болгон өөрчилж, эшлэлийн дугаарыг өөрчилсөн. Төсөлд заасан Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх, паркийн удирдлага, нэгжийн эрх, үүрэгт орсон өөрчлөлтийг нэмж тусгалаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд орсон өөрчлөлтийг холбогдох төслүүдэд нэмж тусгасан гэж байлаа. 

    Түүнчлэн зүйл, хэсэг, заалт хасагдаж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан төслийн эшлэл, дугааруудыг өөрчилж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй зарим засваруудыг хийсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3 дахь заалтыг үндэслэн зарчмын зөрүүтэй хоёр саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууны асуултад Ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн гишүүн хариулт өгсний дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 7.1.5 дахь заалтыг хасах, төслийн 12.2 дахь хэсгийн “Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1” гэсний өмнө “Энэ хуулийн 12.1 дэх хэсэг, эсхүл” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

    Иймд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. 

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж, 44.3-т Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно гэж заасныг үндэслэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. 

    Мөн өдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. 

Энэ талаарх УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан. 

    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойших хугацаанд батлагдсан хууль болон хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн дөрвөн хуулийн төслийг Ажлын хэсгээс боловсруулсныг Байнгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төсөл тус бүрээр хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Н.Наранбаатар гишүүн танилцуулгадаа онцоллоо. 

        Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т  заасныг үндэслэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлав

    Хуралдаан Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцод 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн соёрхон батлах асуудлын хэлэлцүүлгээр үргэлжилсэн. 

    Энэ талаар Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.

 

Манай улс Олон улсын далайн байгууллагад 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон. 

Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.         

    Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна гэлээ.    

    Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан аж.

    Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмжээ.   

    Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо уг асуудлыг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

    Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагаатай болон Дарханы замын ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан иргэд, олон нийтээс гомдол, санал ихээр ирж байгаа тул салбар хариуцсан сайд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандах талаар, Дарханы замын гүйцэтгэлтэй холбоотойгоор болон ажил гүйцэтгээгүйн улмаас гэрээг нь цуцалсан 2 компанид нийт хэчнээн хэмжээний санхүүжилт олгосон тухай, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хувийн бизнес эрхлэгчдийг дэмжих, төмөр замын ачаа эргэлт, тээвэрлэлтэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ижил, тэгш боломж олгоход анхаарах, Дарханы замын ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгч компаниас хохирлоо хэрхэн барагдуулах, хар листэнд оруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайдад анхааруулсныг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа дурдаад, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Далайн захиргаанаас гадаадын усан онгоцнуудад төрийн далбаагаа ашиглуулсны ашиг орлого, зардлын хэмжээ, хүний нөөц, цалин, хангамжийн талаар, гуравдагч оронд уул, уурхайн бүтээгдэхүүнээ гаргах асуудал, агаарын хөлөг эзэмшиж байгаа хувийн хэвшлийн байгууллагыг хэрхэн дэмжиж байгаа тухай болон ачаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авсныг тодотгов. 

    Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, 54.5 хувийн саналаар хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Б.Баттөмөр гишүүн танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

    Дараа нь Засгийн газраас  2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. 

    УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн асуулт  асууж, үг хэлсэн тул өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 51 саналаар санал хураалтыг явуулав. 

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд  “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.” гэсэн заалтууд тус тус нэмэх, төслийн 7 дугаар зүйлд “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

    Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “этгээдэд” гэсний өмнө “ашгийн төлөө хуулийн” гэж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 17.3-т заасан арга хэмжээ зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.”, “Энэ хуулийн 17.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна” гэсэн агуулгатай 17.3, 17.4, 17.5 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65,9  хувь нь  дэмжлээ.

    Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 24.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.” гэсэн 24.2 дахь хэсэг нэмэх  Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

    Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуулийн 22.1.7-д заасан 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд хамаарахгүй.”,“Энэ хууль батлагдахаас өмнө согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу сунгуулж болно.” гэсэн 45.5, 45.8 дахь хэсэг, мөн төсөлд “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөнө” гэсэн агуулгатай 46 дугаар зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

    Ингээд  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.  

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан. 

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

    Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг тодотгоод хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д  заасныг баримтлан санал хураасан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

    Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Сэтгэгдэл