Хянан шалгах үйл ажиллагаагаа ахиулсан хаврын чуулган
2022-07-22

             УИХ-ын хаврын чуулганыг наадмын өмнөхөн өндөрлүүлсэн. Гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийж, ажлын 80 өдөр хуралдсан тус чуулганаар бие даасан 16 хууль баталжээ. Эдгээрээс онцолбол, Төрийн хэмнэлтийн, Хөрөнгийн үнэлгээний, Зөвшөөрлийн тухай хуулийг нэрлэж болно. Мөн Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын, Хууль зүйн туслалцааны, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг батлав. Эдгээр нь үндсэндээ төрийн үрэлгэн зардлыг багасгах, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, хүндрэлийг үгүй хийх, хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого болон үйлдвэрлэлийг дэмжих, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, зохисгүй хэрэглээг бууруулах зорилготой хуулиуд юм.      

Зарим хуулийг хэлэлцэхээс түр азнасан нь

           Уг нь хаврын чуулганаар 55 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоол баталсан. Гэвч зарим чухал хуулийг хэлэлцэн баталж амжсангүй. Энэ нь Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэнтэй холбоотой. Товчхон хэлбэл, 2019 онд оруулсан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” үүднээс Улс төрийн намын, Ерөнхийлөгчийн, Газрын багц, Хот тосгоны эрх зүйн байдлын, Шүүх байгуулах тухай гэх мэтчилэн олон хуулийг батлах ёстой байв. Гэвч Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга эрчээ авснаар дээрх хуулиудыг хэлэлцэхээс, бүр заримыг нь өргөн барихаасаа ч түр азнав.   

Үүнээс гадна Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн ч эцэслэн хэлэлцэж чадсангүй. Мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн, “доромжлох” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл иргэд, сэтгүүлчдийн шүүмжлэлийн бай болоод буй. Уг төслийг чуулганаар хараахан хэлэлцээгүй. Харин УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, батлуулсан. Уг хуульд шүүхээс аливаа хэргийг буцаах зохицуулалтыг өөрчилж, нотло, нотолж чадахгүй бол цагаатга гэсэн зарчмыг тусгасан юм.  

Хянан шалгах ажлын хэсгүүд, нийтийн сонсголууд эрчимжив

           УИХ хууль тогтоохоос гадна хянан шалгах бүрэн эрхтэй. Тодруулбал, хянан шалгах бүрэн эрхээ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар иргэний мэдэх эрхийг хангах зорилгоор хэрэгжүүлдэг. Ингэхдээ асуулт, асуулга тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, нийтийн сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах гэсэн арга хэрэгслийг ашиглах ёстой. Манай зарим судлаач, мэргэжилтэн УИХ хянан шалгах бүрэн эрхээ өнгөрсөн хугацаанд хангалтгүй хэрэгжүүлж ирсэн гэж дүгнэсэн удаатай. Тэгвэл энэ удаагийн хаврын чуулганаас эхлэн УИХ хянан шалгах чиглэлийн үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргав.

Хаврын чуулганы хугацаанд хянан шалгах гурван түр хороо “мэндэллээ”. Эдгээр нь Хөгжлийн банкнаас олгосон зээл, Стандартын бус эмийн нийлүүлэлт, Хилийн боомтуудад үүссэн гацааг шалгах зорилготой. Мөн хяналт шалгалтын дөрвөн ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогоор 19 ажлын хэсэг ажиллаж буйг дарга Г.Занданшатар тодотгосон. Түр хороодын үр дүнг ирэх намрын чуулганаар хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргахаа ч мөн тэрбээр мэдэгдсэн юм.

Нийтийн сонсгол нь аливаа шийдвэр гаргахын өмнө, эсвэл нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар иргэдийн мэдэх эрхийг хангах, тэдний саналыг сонсож, оролцоог нь дээшлүүлэх зорилготой. Хүсэлтээ хүргүүлж, бүртгүүлсэн энгийн иргэдээс гадна иргэний нийгмийн байгууллагууд, төрийн холбогдох албан тушаалтан, ажилтнууд, УИХ-ын гишүүд сонсголд оролцсоны үндсэн дээр байнгын хороо, УИХ-аас тодорхой шийдвэр гаргадгаараа онцлог. Тэгвэл хаврын чуулганы хугацаанд долоон сонсгол болов. Эдгээрээс дурдвал, Хүний эрхийн үндэсний комиссын, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дунд томилгооны, Хөгжлийн банкны тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналтын, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах сонсгол явуулсан нь онцлог байв.     

Түүнчлэн 18 бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхээр шийдвэрлэснээс 13-ыг нь бүрэн хэрэгжүүлж, холбогдох байнгын хороо, албан тушаалтнуудад хүргүүлснийг тодотгоё.

Дөрвөн гишүүнээ “хамгаалж” үлдэв

             Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Уг саналыг УИХ хаалттай хэлэлцэж, гишүүдийн олонх тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж шийдсэн юм. Хөгжлийн банкны зээл олголттой холбоотойгоор дээрх нэр бүхий гишүүдийг шалгаж буй бөгөөд зарим төрлийн шалгалт явуулахад УИХ-ын гишүүний бүрэн эрх “хаалт” болж буй нь тодорхой зүйл. Одоогоор тус дөрвөн гишүүнийг улсын хилээр гарахыг хориглоод буй билээ.     

Эрх баригч намынхан авлигын эсрэг эрчимтэй ажиллана гэж мэдэгдсэн ч ийнхүү дөрвөн гишүүнээ “хамгаалж” үлдсэнд иргэд шүүмжлэлтэй хандсан.  

 

Сэтгэгдэл