Томилгоо: ШЕЗ-ийн шүүгч биш гишүүдийг томилов
2021-11-26

         УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн шүүгч биш гишүүдийг томилох, эсэх асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусаж, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэв. Дээрх албан тушаалд нэрээ дэвшүүлсэн Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнхцэцэг нарыг томилохыг гишүүдийн олонх дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг олонхын санал авч чадсангүй. Ингэснээр ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Э.Батбаярыг ажлаас нь чөлөөлж буй аж. 

      Н.Отгончимэг нь Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан бол Н.Баасанжав өмгөөлөгч, Н.Онончимэг Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч, Н.Мөнгөнцэцэг Улсын дээд шүүхийн Практик судлалын хэлтсийн дарга байжээ. 

          УИХ-ын дарга Г.Занданшатар "Хүн бус, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шүүхийн шинэчлэлийг үргэлжлүүлэхэд чин шударгаар хүчин зүтгэж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх"-ыг ШЕЗ-ийн шинээр томилогдсон гишүүдэд захилаа. Мөн эмэгтэйчүүдийнхээ нэрийг өндөрт өргөж, хариуцлагатай ажиллахыг хүсэв. 
       ШЕЗ-ийн шүүгч биш гишүүний нэг орон тооны сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах юм байна.

Бат.Уянга

Сэтгэгдэл