Шүүхийн шинэчлэлийн эхлэл ба нээлттэй томилгоо
2022-02-01

        Шүүх, шүүгч гэх хоёр үгийг сонсвол танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Магадгүй авлигал, шударга бус, хараат бус байдал гэх мэт бодол төрөх биз. Учир нь цөөнгүй судалгааны дүнд шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарсныг танилцуулсан байдаг. Тиймээс шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд холбогдох хуулийг нь 2021 онд шинэчилсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хууль нь нэлээд дэвшилттэй болсныг судлаачид, мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Үүний нэг жишээ нь Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ), Шүүхийн сахилгын хороо (ШСХ) хэмээх хоёр байгууллагын гишүүдийн томилгоотой холбоотой зохицуулалт. Тус хоёр байгууллагын гишүүдийг өмнө нь хэрхэн томилдог байсан болон шинэчилсэн хуулийн дагуу тэднийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт, үүний нэг чухал үе шат болох НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ хэрхэн зохион байгуулсан талаар тайлбарлъя.

 

Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг задалсан нь

           ШЕЗ нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэгтэй. Товчхон хэлбэл, тус зөвлөлийн гишүүд хэрвээ хэн нэгнээс хараат байдлаар ажиллавал Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаанд асуудал үүснэ гэсэн үг.

2013 оноос хойш гурван шатны шүүгчдийн зөвлөгөөн, Хуульчдын холбоо, Хууль зүйн сайдаас ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлдэг байсан ч бүгдийг нь Ерөнхийлөгч томилж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч бүх гишүүнийг томилох эцсийн шийдвэрийг гаргах болсон нь ШЕЗ-ийг түүнээс хараат болгох эрсдэлийг дагуулсан гэж үздэг.

ШСХ мөн ялгаагүй. Тус хороо нь 2013 оноос Шүүхийн ёс зүйн хороо нэртэйгээр ажиллаж ирэв. Шүүгчид хариуцлага ногдуулах чиг үүрэгтэй энэхүү хорооны орон тооны бус 9 гишүүнийг мөн л Ерөнхийлөгч томилдог байсан. Түүнчлэн гишүүд нь орон тооны бус, үйл ажиллагаа явуулах журам нь дүрмээр зохицуулагддаг, дүрэм нь тодорхой нарийвчлагдаагүй, ёс зүйн зөрчил гаргасныг шалгахад зайлшгүй шаардлагатай бүрэн эрх олгогдоогүй, ажлын алба нь ШЕЗ-д харьяалагддаг зэрэг олон шалтгаанаар шүүгчид хариуцлага оногдуулах механизм бүрэн ажиллах боломжгүй байжээ.

Тэгвэл Шүүхийн тухай шинэчилсэн хуулиар тус хоёр байгууллагын гишүүдийн томилгоонд Ерөнхийлөгч огт оролцохгүй. Харин Төрийн тэргүүн Улсын дээд шүүх, бусад шүүхийн ерөнхий шүүгч болон шүүгчдийг эцэслэн томилох бүрэн эрхтэй. Ингэснээр Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг задалж, хяналт тэнцэлийг хангах нөхцөл бүрдсэн.

 

Нээлттэй байдал нь шүүхэд итгэх итгэлийг сэргээх ач холбогдолтой  

 

            Шинэчилсэн хуульд зааснаар ШЕЗ 10 гишүүнтэй. 5 гишүүнийг нь шүүгчид дотроос сонгож, үлдсэнийг нь буюу шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд УИХ-аас томилно. Харин ШСХ 9 гишүүнтэйгээс 4-ийг нь шүүгчид дотроос сонгож, шүүгч бус таван гишүүнийг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд УИХ-аас томилох зохицуулалттай. (Энэ талаарх мэдээллийг дараах зургаас харна уу). Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийг ямар нэгэн албан тушаалтан, байгууллагаас санал болгохгүй.

Нэр дэвших үйл ажиллагааг ийнхүү чөлөөтэй болгож, хуулийн шаардлага хангасан хувь хүн өөрөө хүсэлт гарган нэр дэвшүүлж, тэдний мэдээллийг нийтэд танилцуулж, иргэдээс асуулт, санал хүлээн авч, сонсгол хийдэг болсон нь нээлттэй байдал. Нээлттэй байдлыг хангаж буй нь томилгоонд аливаа зүй бус нөлөөлөл үзүүлэхээс сэргийлэх, цаашилбал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх ач холбогдолтой.   

ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус 5 гишүүний (тус бүр) нээлттэй сонгон шалгаруулалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2021 оны гуравдугаар сарын 26-нд нээлттэй зарласан. Үндсэндээ зургаан сарын турш үргэлжилсэн тус сонгон шалгаруулалтын нэг чухал хэсэг болох НЭЭЛТТЭЙ СОНСГОЛЫГ 2021 оны арваннэгдүгээр сарын 15, 16-нд зохион байгуулсан юм. Анх шалгаруулалтад 59 хүн материалаа ирүүлснээс ажлын хэсэг хянаж үзээд, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, ШСХ-ны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг: Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд нь УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул 2021 оны есдүгээр сарын 28 хүртэл ажилласан), МӨХ-ны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын профессор, доктор О.Мөнхсайхан (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал 2021 оны есдүгээр сарын 28 хүртэл ажилласан), “Шихихутуг” их сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Г.Амаржаргалан нар ажилласан.

 

 Нэр дэвшигчдийн ойрын хамаарал бүхий хүмүүс шүүгчээр ажилладаг нь анхаарал татав

 

  ШСХ-ны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээсЦ.ДавхарбаярД.АриунтуяаД.МягмарцэрэнД.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан бөгөөд тэдний дунд нээлттэй сонсголыг арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт нэр дэвшигчдийг ямар мэдлэг чадвартай, томилогдвол ажлын чадвар чадамж нь хэр хүн бэ гэдэг талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой томилгооны сонсгол хийж буйг хэллээ. Мөн танилцуулсан таван хүнийг бүгдийг нь томилох албагүйг тэмдэглэсэн.  

Нэр дэвшигч Ц.Давхарбаяр нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, нэр дэвшигч Д.Ариунтуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга, нэр дэвшигч Д.Мягмарцэрэн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ахлах референт, нэр дэвшигч Д.Эрдэнэчулуун нь Монголын олон улсын арбитрт арбитрч, нэр дэвшигч Х.Хашбаатар нь АТГ-т Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар ажилладаг аж. Томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигчид тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага, хэрвээ томилогдвол хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгсөн юм.

Үүний дараа УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, гишүүд нэр дэвшигчдээс ашиг сонирхлын зөрчил болон гэр бүлийн эрхэлдэг бизнес, ажлын дадлага туршлага, мэдлэг чадвар, шүүхийн шинэчлэл, томилогдвол хийх ажилтай нь холбогдуулан асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Мөн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж, хариулт авсан.

Түүнчлэн сонсголд оролцогчид мөн нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа илэрхийлсэн бол хүрэлцэн ирсэн ажиглагчид томилгооны сонсгол хуулийн дагуу явагдаж буй, эсэхэд хяналтаа тавив. Оролцогч П.Бадамрагчаа (Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер), Т.Амарзаяа (“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын тэргүүн), Н.Ганболд (“MonPass” компанийн захирал), Г.Баасан, Е.Өлзийбат нарын асуусан асуултад болон иргэдээс бичгээр ирүүлсэн асуултад нэр дэвшигчид хариулт өглөө.

Сонсголын үеэр нэр дэвшигчтэй холбоотой болон бусад ямар асуудал хөндөгдсөн талаар оролцогч, Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа томилгооны сонсголын талаарх нийтлэлдээ дурдсан байдаг. Түүний нийтлэлийн хэсгээс хүргэе.

  • Шүүхийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн асуудал нэр дэвшигчтэй холбогдон гарсны нэг нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бөгөөд Д.Эрдэнэчулуун, Д.Ариунтуяа нэр дэвшигчийн ойрын хамаарал бүхий хүмүүс хяналтын болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилладаг нь анхаарал татаж байлаа.
  • Шүүхийн сахилгын хорооны нэр хүнд, олны итгэл хүлээх байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг шийдвэр гаргагчид анзаарах хэрэгтэй байна.
  • Гүйцэтгэх, хууль сахиулах салбарын туршлага эрх зүйн хувьд мэргэшсэнд тооцогдох, эсэх асуудал сонсголын явцад хөндөгдсөн нь цаашид нэр дэвших шалгуурт тодорхой болгох шаардлагатай.
  • Шүүхийн сахилгын хорооны гишүүд багийн ажиллагаа, хамтын удирдлага хэрэгжүүлэхээс илүү гомдол шийдвэрлэхдээ чигч шударга, гаднын болон дотроосоо үзүүлэх нөлөөллөөс ангид ажиллах чадвартай хүмүүсийг олж томилоход анхаарах хэрэгтэй.

 

ШЕЗ-ийн гишүүнээр өмнө нь ажилласан нь шалгуур хангахгүй байгааг гишүүд хөндөв  

 

         ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нар ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан бөгөөд тэдний дунд нээлттэй сонсголыг арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулав. Сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцлоо.  

Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэгийн дагуу нэр дэвшигчдийн намтарыг танилцуулсан. Дараа нь нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан нэр дэвших болсон үндэслэл, ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдвол хийх ажил, өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулав.

УИХ-ын гишүүд нэр дэвшигч тус бүрээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, ШЕЗ-ийн болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 2.3-т “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэдэг шалгуур байгааг онцолж, нэр дэвшигчид энэ шалгуурыг хангаж буй эсэхийг, сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс энэ талаар тайлбар хүссэн.

Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр өмнө нь ажиллаж байсан аж. Энэ нь нэр дэвшигчид тавигдах шаардлага буюу “Тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэнтэй зөрчилдөж буй, эсэх асуудал хөндөгдсөн бөгөөд талууд янз бүрээр тайлбарлаж байлаа.

 

Мөн авлигын дагнасан шүүх байгуулахтай холбоотой байр суурийг нь тодруулж, хариулт авав. Түүнчлэн “ШЕЗ-ийн шүүгч бус гишүүн” гэдэг нь шүүх салбарт ажиллаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх нь чухал хэмээн үзэж, үүнд УИХ, Хууль зүйн байнгын хороо ихээхэн анхаарал хандуулж ажилласныг онцолсон.

Үүнээс гадна шүүхийн үйл ажиллагаа, шүүгчдийн цалин хангамж, нийгмийн баталгааны өнөөгийн нөхцөлийг хэрхэн үнэлдэг, шүүх байгуулахтай холбоотой нэр дэвшигчдийн байр суурийн талаар тодруулж байв. Нэр дэвшигчдийн жендерийн харьцааг сонсголын үеэр хөндсөн.

Томилгооны сонсголын дэгийн дагуу оролцогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Нээлттэй нийгэм хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаа, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, нийслэлийн тойргийн нотариатч Б.Шатар, иргэн С.Чулуунбаатар, С.Оюунцэцэг, Г.Баасан нар асуулт асууж, хариулт авав.

Сонсголын үеэр нэр дэвшигчтэй холбоотой болон бусад ямар асуудал хөндөгдсөн талаар оролцогч, Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа томилгооны сонсголын талаарх нийтлэлдээ дурдсан байдаг. Түүний нийтлэлийн хэсгээс хүргэе.

 

  • Нотариатын өөрөө удирдах ёсны байгууллагыг тэргүүлж байсан нэр дэвшигчтэй холбоотой санал гомдлыг хэлэлцэхэд сонсголын ихэнх цагийг гарзадлаа. Ийм мэргэжлийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой маргаан үүссэн, улмаар шүүхэд очих магадлалтай нөхцөлд маргаанаа нэг тийш болтол нэр дэвшихгүй байхаар журамлавал зүйтэй. Сонсголын явцад энэ талын мэдээлэл гарч ирж байгаа нь энэ процессын ач холбогдлыг харууллаа
  • Улстөрчдийн зүгээс сонсголд оролцогчид, нэр дэвшигчдэд хүндэтгэлтэй хандахад анхаармаар санагдсан. Цаашид өндөр хариуцлагатай албанд өөрийн нэгэнт бий болгосон карьераа завсарлан байж ирэх мэргэшлийн өндөр ур чадвартай хуульчид ийм харилцаа хандлагаас болж “үргэж” мэдэхээр байна.

 

ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг томилоход тодорхой процесс өрнөв

 

 ШСХ-ны шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ц.ДавхарбаярД.АриунтуяаД.МягмарцэрэнД.Эрдэнэчулуун, Х.Хашбаатар нарыг УИХ-ын гишүүдийн олонхын саналаар томилсон. Харин ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг томилоход тодорхой процесс өрнөсөн. Тодруулбал, шүүгч бус таван гишүүний орон тоонд нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг  нарыг ажлын хэсгээс танилцуулсан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхэд Д.Эрдэнэчимэг олонхын санал аваагүй учир бусдыг нь томилсон.

Холбогдох журмын дагуу ажлын хэсгээс дараагийн олонхын санал авсан нэр дэвшигч болох Д.Зүмбэрэллхамыг УИХ-д санал болгосноор гишүүдийн олонхын дэмжлэгээр томилсон. Тэрбээр өдгөө ШЕЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж буй. Дахин тэмдэглэхэд, нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан нь холбогдох журмыг зөрчиж байгааг УИХ-ын гишүүд сануулж, анхааруулсан. Энэ нь журмын үүнтэй холбоотой зохицуулалтыг цаашид нарийвчлан тодорхойлох ёстойг харуулсан юм. Учир нь энэ мэт маргаан, асуудал нь шүүхийн нэр хүндийг унагах, иргэдийн итгэлийг алдах эрсдэлтэй.   

Сэтгэгдэл