МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүй
2022-08-22

         УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр нээсэн. Чуулган нээлтээ хийсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар нэгдсэн хуралдаанд хаалттайгаар мэдээлэл хийсэн юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдав.

 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг Цэц 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн их суудлын хуралдаанаараа хэлэлцэж, 2 дугаар тогтоолыг гаргасан. Тодруулбал, “Үндсэн хуулийн 39.1 дэх хэсгийн "... Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно." гэсэн заалт нь Үндсэн хуулийн удиртгал, 1.2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", 29.1 дэх хэсгийн "... УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.", 70.1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэсэнтэй нийцэхгүй байх тул хүчингүй болгосугай хэмээх тогтоолыг Цэц гаргасан юм.

             УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Цэцийн дээрх тогтоолтой холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1-ийн хоёр дахь өгүүлбэр буюу Ерөнхий сайд, УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалтыг 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж үзэж, уг заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэр гаргасан учраас УИХ үүнийг хянах, авч хэлэлцэх эрхгүй. Гэхдээ үүнтэй холбоотойгоор цаашдын эрх зүйн орчин яаж “явах” вэ гэдгийг ярихаас өөр аргагүй. Тиймээс МАН-ын бүлэг үүнийг хэлэлцлээ. Нөгөө талаас Цэцийн шийдвэртэй холбогдуулаад Үндсэн хууль тогтоогчид буюу 1992 оны Үндсэн хуулийг баталсан депутатууд, нийгмийн зарим бүлгээс тодорхой хэмжээнд шүүмжлэл гарч байгаа. Эдгээр асуудлыг аль аль талаас нь МАН-ын бүлэг ярилцсан” гэв.

МАН-ын бүлэг уг асуудлаар хоёр чиглэлээр шийдвэр гаргасныг дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх байдаг хэдий ч Цэцийн шийдвэртэй холбогдуулж, тайлбар, тодруулга авах хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс тодорхой тайлбар, тодруулга авахаар Цэцэд хүсэлт хүргүүлсэн байна.  

Хоёрдугаарт, Цэцийн шийдвэр нэгэнт эцсийнх байдаг учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярихаас өөр аргагүй гэдгийг тодотгов. Зарим хүний ярьж байгаачлан Засгийн газрын тухай хуульд шууд өөрчлөлт оруулж болохгүй гэж МАН үзсэн байна.  

Сэтгэгдэл