АН-ын бүлгийн гишүүд 101 хуулийн төсөл өргөн барьжээ
2022-09-05

         УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачилж “Цугтаа хэлэлцье” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Бүлгийн дарга О.Цогтгэрэл уулзалтыг нээж  “Ардчилсан намын бүлэг өөр, шинэлэг арга барилаар ажиллах шаардлага тулгарч байна. Бүлэг зөвхөн 13 гишүүнээ тойрч ажиллах биш, 13 гишүүнээрээ дамжуулан иргэд, сонгогчдынхоо оролцоог хангах, Бүлэг-иргэдээ холбосон гүүр болох бодлогын шинэ чиг баримжаатай ажиллана” гэж хэлэв. Уулзалтад УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мөн оролцсон. Тэрбээр "Ардчилсан нам хоёр жилийн турш хүн ярилаа. Өнөөдөр байдал дээрдсэнгүй, бүр дордлоо. Тиймээс хүний асуудал ярихгүй цэг тавиад Ардчилсан намын гишүүд, Бүлгээ тойрч хэрхэн ажиллах, намаа яаж нэгтгэх зэрэг бодлогын асуудал дээр ажиллах хэрэгтэй” гэж онцлов.

      Түүнчлэн Ардчилсан намын ажлын албаны дарга С.Эрдэнэболд "Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бие дааж болон бусад гишүүнтэй хамтран 101 хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Намрын ээлжит чуулган эхлэх хүртэлх хугацаанд гишүүд орон нутагт тойрогтоо ажиллаж байгаа" талаар мэдээлэл сонсголоо. Удахгүй 21 аймаг, есөн дүүргийн намын үүрүүдэд УИХ-ын гишүүдийн ажлын тайланг илгээж, тэдний саналыг авч цаашдын бодлого үйл ажиллагаандаа тусгаж явахаа хэллээ.

            Уулзалтад Ардчилсан намын гишүүн, гишүүн бус залуу үеийн төлөөлөл зэрэг 130 орчим иргэн оролцож үзэл бодлоо илэрхийлж, гишүүдээс асуулт асуулаа. Оролцогчдын зүгээс намын гишүүдийнхээ дунд төрөл бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээллээр хангаж байх, намын удирдлагуудын үл ойлголцлоос хамаарч анхан, дунд шатны ажил цалгардаж, гишүүд нь бутарч буй талаар санал бодлоо чөлөөтэй ярилцав.