Засгийн газрын зарим хороо, үндэсний зөвлөлийг татан буулгав
2022-09-23

              Засгийн газар өнөөдөр хуралдаж, зарим комисс, хороо, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталж, үлдсэнийг нь татан буулгалаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн дагуу зарим салбарын эрх зүйн орчин өөрчлөгдсөн, мөн 2020, 2021, 2022 онд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах өөрчлөлтийг хийсэн байна. 
 

Нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан тул Тогтвортой хөгжлийн үндэсний хороог, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан тул Цахим хөгжлийн үндэсний хороог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулсантай холбоотойгоор Усны үндэсний хороог татан буулгав. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга ажиллах болсон. Тиймээс Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороог шинээр байгуулж Олимпизмийг дэлгэрүүлэх, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Хилийн боомтын үндэсний зөвлөлийг ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ.

 
Хоёрдугаарт, хуулиар тусгайлан заагаагүй, чиг үүргийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах боломжтой, эсвэл давхцаж байгаа, байнгын бус үйл ажиллагаатай 22 хороо, зөвлөлийг татан буулгаж, 6 хороо, зөвлөлийг нэгтгэж, 13 хороо, зөвлөл, комиссыг сайдын эрхлэх асуудалд үлдээлээ. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар 29 үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр батлахаар боллоо. Ерөнхий сайдын ажлын ачааллыг харгалзан, Ерөнхий сайд тэргүүлэхээр хуульчилснаас бусад үндэсний хороо, комисс, зөвлөлийг тухайн асуудлыг эрхэлсэн сайд, Засгийн газрын гишүүн тэргүүлэхээр шийдсэн байна.

Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэсний хороо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, Усны үндэсний зөвлөл, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Хүүхдийн үндэсний зөвлөлийг тэргүүлж ажиллана. 
 

 

БОАЖЯ болон зарим харьяа байгууллагыг нь хотын төвөөс нүүлгэнэ  
 

 

         Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ыг иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг зарим харьяа байгууллагуудынх нь хамт хотын төвөөс нүүлгэж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн IVхороонд байрлах “Байгаль орчны судалгаа шинжилгээний төв” УТҮГ-ын байранд байршуулахаар боллоо. Үүнийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгох, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хийж байгаа аж. Холбогдох тооцоо, судалгааг хийж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт, холбогдох зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

 

Нээлттэй мэдээллийг ил тод байлгах журам батлав

 

         Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар мэдээлэл хариуцагч байгуулага нь уг хуульд заасан 68 төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байдлаар нийтлэх үүрэг хүлээсэн. Мөн “Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.


              Журамд нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн, эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэргээр үнэлэхээр шалгуур үзүүлэлтэд тусгасан байна. Мөн ямар мэдээллийн хэрэгсэл ашигласан, цаг хугацаандаа, бүрэн мэдээлсэн, эсэх зэргээр үнэлэхээр аргачлалд тусгажээ. Тайлангийн тухайд мэдээлэл хариуцагч өөрийн хариуцсан асуудлын хүрээнд хамаарах нээлттэй мэдээллийн ил тод байдлыг журамд зааснаар үнэлж тогтсон хүснэгтийн дагуу гаргана. Үнэлгээний тайланг салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нэгтгэж, бусад мэдээлэл хариуцагч жил бүрийн хоёрдугаар сарын 1-ний дотор Зөвлөлийн Ажлын албанд тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ. Зөвлөлийн ажлын алба үнэлгээний нэгдсэн тайланг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангаагүй мэдээлэл хариуцагчид зөвлөмж хүргүүлэхээр журамд тусгажээ.

Сэтгэгдэл