Улсын төсөв хэлэлцэж эхэлсэн долоо хоног
2022-10-09

                УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган даваа гарагт нээлтээ хийлээ. Өнөөгийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад тун бага хугацаа үлдсэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр тодотгов. Тэрбээр цар тахлын нөхцөл байдал, дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарах, зорьсон шинэчлэлүүдээ ажил хэрэг болгох, төрийн албанд сахилга хариуцлагыг чангатгах гэх мэтчилэн олон зүйлд анхаарах шаардлагатайг хэлсэн. Түүнчлэн энэ удаагийн чуулган эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэж буйг онцлов. Нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс чуулганы хуралдаанд хаалттайгаар мэдээлэл хийсэн юм.  

Аймгуудыг алагчилсан төсөв

        УИХ-ын намрын чуулган нь ирэх жилийн улсын төсвийг хэлэлцэн баталдгаараа онцлогтой. Үүний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамт УИХ-д өргөн барьсан бөгөөд нэг дэх хэлэлцүүлгийг нь өнгөрсөн долоо хоногт хийж амжив. Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд нэлээд онцлог зүйл олон бий. Тухайлбал, ирэх жилд хөгжлийн жагсаалтад багтсанаас бусад ямар ч шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй. Ингэснээр өмнө нь эхлүүлсэн төслүүдийн 86 хувийг 2023 онд дуусгаж, ашиглалтад оруулна гэж тооцсон. Түүнчлэн төсвийн алдагдлыг 866.3 тэрбум төгрөгөөр бууруулж, төрийн хэмнэлтийн арга хэмжээ, цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөг хэмнэнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Мөн тэрбээр “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд багтааж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд ашиглалтад оруулна” гэсэн.

           Ирэх оны төсөв олон давуу талтай ч дутагдалтай зүйлс цөөнгүй байна. Тодруулбал, аймгуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг харилцан адилгүй байгаа юм. Үүнийг иргэд ихээхэн шүүмжилж байна. Жишээ нь, Хэнтий аймаг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг (тойрог)-т 92 төсөлд 271 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Гэтэл Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх есөн төсөлд 11 тэрбум, Дундговь аймагт 29 төсөлд 24 тэрбум төгрөг төсөвлөжээ. Аймгуудад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү эрс ялгаатай байгаа юм.

Түүгээр ч зогсохгүй улсын төсвөөс аймгуудад олгох төсвийн дэмжлэг мөн л эрс ялгаатай байв. Тухайлбал, Булган аймагт найман тэрбум төгрөгийг татаас болгон өгөх бол Хэнтий, Хөвсгөл, Баянхонгор зэрэг аймгийнх үүнээс хоёр, гурав дахин өндөр дүнтэй. Сангийн сайд Б.Жавхлан үүнтэй холбогдуулан тайлбар өгөхдөө “Төсвийн тухай хуулийн заалтад тулгуурлан аймгуудад хэчнээн төгрөгийн дэмжлэг олгохыг шийдвэрлэдэг. Түүнээс биш дураараа шийддэг юм байхгүй” гэсэн.

Тайлбар: Хэнтий аймагт хэрэгжүүлж буй зарим онцлох төслийн жагсаалт

 

Ирэх оны төсвийг батлахдаа иргэдийн оролцоог бодитоор хангаж чадах уу

         УИХ-ын Тамгын газраас цахим шилжилтийн хүрээнд d-parliament.mn сайтыг ашиглалтад оруулсан. Гар утасны аппликэйшн ч мөн хөгжүүлсэн бөгөөд хууль санаачлагчид боловсруулсан хуулийн төсөлдөө иргэдээс үүгээр санал авах, тэдний оролцоог хангах боломжтой.  

Тэгвэл ирэх оны улсын төсвийн төслийг тус аппликэйшний өргөн мэдүүлсэн төсөл хэсгээс харж, саналаа өгөхийг УИХ-аас иргэдэд уриалж эхэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсад анх удаа улсын төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, төсвийн хяналтыг сайжруулна” гэсэн бол УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Хаалганы цаана төсөв хэлэлцэн баталдаг жишгийг бид өөрчилнө” хэмээн чихэнд чимэгтэй үгс урсгаж эхлэв.

            Ямартай ч нэг шат урагш ахиж буй нь сайшаалтай. Өмнө нь улсын төсвийг хэлэлцэн батлах үеэр иргэд бүү хэл судлаачид ч төслийг нь олж харахад хүндрэлтэй төдийгүй тэр бүр нээлттэй, ил тод байдлыг хангадаггүй байсан. Тиймээс ч “Богд Зонхова”, “Айргийн өргөө” гэх мэтчилэн “шавар байшингууд” төсөвт суусныг анзааралгүй өнгөрсөн удаатай.

            Улсын төсвийн дэлгэрэнгүй төслийг нээлттэй байршуулж, иргэдээс энэ сарын 17 хүртэл санал авах аж. Мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн төсөв дэх оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 19-нд зохион байгуулах юм байна. Иргэдийн санал авах боломжийг ийнхүү бүрдүүлж буй нь сайшаалтай. Гэвч саналыг нь хүлээн авч, төсөлд тусгах, эсэхэд олон нийт, судлаачид эргэлзэж байна. Иргэдийн саналыг авч, төсвийн төсөлд тусгах уу, аль эсвэл УИХ-ын дарга, Төсвийн байнгын хорооны дарга нар чихэн дээр цэцэг ургуулсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхныг зэмлэсэн нь

            УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар аудитын дүгнэлтийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татсан. Учир нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд аудит хийгээд “муу” дүн тавьжээ. Тодруулбал, уг арга хэмжээний үр нөлөөг тооцож, үнэлээгүй, үр дүн нь тодорхойгүй төдийгүй байгууллагуудын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул байсан аж. Түүнчлэн “Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй, хөдөлмөр эрхлэлтийн салбарын зарим шалгуур үзүүлэлтийг урт, дунд хугацааны бодлогын баримт бичигт харилцан уялдаагүй тусгасан, төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн ч бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй, ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй” гэх мэтчилэн муу дүн тавьжээ.  

            УИХ-ын гишүүд аудитын дүгнэлттэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхныг зэмлэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Та нар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан уу гэвэл тийм. Зөндөө төсөл, хөтөлбөр боловсруулж, түүндээ татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад зогсохгүй ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж байдаг гэнэ. 2016-2021 онд тус зөвлөлөөс найман ажил авч хэрэгжүүлэхдээ 138.2 тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүнд нь ажилгүйдэл нэмэгдсэн” хэмээж байв.  

Боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийг танилцуулав   

            УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших хуралдаанд боловсролын салбарт хэрэгжүүлж буй шинэчлэл, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлж эхэлснийг онцлов. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байсан 34 486 хүүхдээс 34 398-ыг нь (99,4 хувь) цэцэрлэг хүлээж авах боломж бүрдүүлснийг тодотгов.    

Монгол Улсын боловсролын чанарыг дэлхийн улстай харьцуулах, боловсролын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор олон улсын PISA үнэлгээнд 2022 онд хамрагджээ. Үүний үр дүнгийн тайланг 2023 оны арванхоёрдугаар сард нийтэд танилцуулах гэнэ. 2023-2024 онд 94 сургууль, 128 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Багш нар ажилласан жилээс үл шалтгаалан цалинжих болсноор суурь цалин 34 хувиар нэмэгдэж, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг нь хангах нөхцөл бүрдэж буйг салбарын сайд онцолсон.

              2022 оны хоёрдугаар сараас цахим сургууль хөгжүүлэх туршилт эхлүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хот, хөдөөгийн 15 мянга орчим аравдугаар ангийн суралцагч ирээдүйд эзэмших ажил, мэргэжлийн дагуу хичээлээ сонгон цахимаар судлах боломж бүрдсэн байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулсан. Тэрбээр “Хүүхдийн сурлагын амжилт орчин нөхцөл, сайн багш, сайн хөтөлбөрийн огтлолцол дээр явдаг. Иймээс багш мэргэжлийн үнэлэмж, үнэ цэнийг өсгөх, сайн хөтөлбөр, арга зүйг сонгож тууштай хэрэгжүүлэхэд улам их анхаарах шаардлагатай”-г тодотгосон.      

 

Бэлтгэсэн: UIH.mn 

Сэтгэгдэл