Монгол Улсын 2023 оны төсвийг батлав
2022-11-11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.01 цагт эхэлж, ирэх оны төсвийг баталлаа. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын болон холбогдуулан боловсруулсан төслүүд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батлав. 

Мөн  Монгол Улсын 2023 оны төсвийн, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг эцэслэн батлав.

            Монгол Улсын 2023 оны төсвийг батлахдаа тодорхой өөрчлөлт, шинэчлэл эхлүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов. Түүний хэлсэн үгний онцлох хэсгээс хүргэе. 

  • УИХ төсвийн алдагдлыг 127.6 тэрбум төгрөгөөр нэмж бууруулан, ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжрууллаа.
  • Тэвчиж болох зардлыг танах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр бууруулсан. Улсын хэмжээнд 10 000-аас дээш хүн амтай хот, суурингийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх бөгөөд энэ арга хэмжээнд 173.600 өрх хамрагдана.
  • Хавдраас урьдчилан сэргийлэх үүднээс “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр боллоо.
  • Хүүхэд хамгаалах арга хэмжээний зардлыг нэмэгдүүллээ.
  • Шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг Үндэсний хөдөлгөөний зорилтуудыг бодитой ажил болгох тодорхой санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эдгээр арга хэмжээг дээрх хэмнэсэн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
  • Шинэ хөрөнгө оруулалт хийхгүй, өмнөх хөрөнгө оруулалтыг 2023 онд багтаан дуусгах бодлогыг хуульчиллаа.
  • Түүхэнд анх удаа төсвийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж, иргэдээс хөндсөн асуудлуудыг шийдвэрлэлээ. Нийт 65 сургууль, цэцэрлэг, 19 эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг зохицуулсан. Сонгинохайрхан дүүргийн 300 иргэний саналаар тус дүүргийн 12 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 80 хүний саналаар дүүргийн 115 дугаар сургууль бүрэн баригдахаар боллоо. Эдгээр сургууль зориулалтын бус байранд гурван ээлжээр сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ.
  • Төсвийн шинэчлэлийн хүрээнд УИХ-ын тогтоол баталж, тодорхой шинэчлэлүүд эхлүүллээ. Төрийн өмчит компаниудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх бүх үе шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах бүх гэрээг улирал бүр УИХ-д танилцуулж байхаар тусгалаа.
  • Нүүрсний хулгайтай тууштай тэмцэх, хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс тээвэрлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох, Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих түр хороод ажиллаж байгаа бөгөөд асуудлыг ил тод болгох, ард түмэнд мэдээлэх үүргээ УИХ тууштай хэрэгжүүлсээр байх болно.
  • Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтын тухайн жилд санхүүжих дүн нь төсөвт өртгийн 30 хувиас доошгүй, хэрэгжих хугацаа гурван жилээс багагүй байх, төсвийг олон хуваахыг хориглох, төрийг хариуцлагажуулах заалтуудыг тусгасныг дурдаад төсвийн жил эхэлснээс хойш төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бууруулахгүй байх, тухайн жилд тавьсан хувийн хэвшлийн гүйцэтгэх санхүүжилтийг төсвийн жил эхэлснээс хойш бууруулахыг хориглохоор заасан.
Сэтгэгдэл