Хулгайлагдсан нүүрс, алдагдсан боломжийг нэхсэн иргэд
2022-12-16

            2022.12.16. 09.10 цаг. Нийслэл Улаанбаатар хотын төв, Сүхбаатарын талбай. -27 градусын хэмд тус талбайн хойд хэсэгт хэдэн хүн Монгол Улсын Төрийн далбааг мандуулан, бөөгнөрч зогсож харагдана. Мөсөн оргилуур, хальтиргаатай талбай, “дүлий” юм шиг дүмбийн харагдах Төрийн ордны дэргэд цан цохьсон сахал, ороолттой, нэхий дээл, дэгтий өмссөн, хацар нь хайрагдаж, бие нь хүйт оргисон ч  үр дүнд хүрэхээс нааш болихгүй гэх залуус жагсацгаана. Энэ бол сүүлийн 10 гаруй хоног үргэлжилсэн, “нүүрсний хулгай”-н эсрэг жагсаалын нэг л агшны зураглал. Тэд дулаацах, түр амсхийх гэртээ (талбайн урд хэсгийн машины зогсоолд барьсан) болоод гурав хонож байна. Жагсагчид ямар байр суурьтай, юуг шаардаж буй, нөхцөл байдал нь хэр байгааг сурвалжиллаа.   

   

          Урд шөнө цас хаялсан тул Сүхбаатарын талбай болон Төрийн ордны өмнөх шатанд тогтсон цасыг ТҮК-ийн ажилтнууд цэвэрлэж байв. Дүрэмт хувцас нь тодрон харагдах цагдаа нар жагсагчдын дэргэд амар тайван байдлыг сахиулахаар ажиллаж буй бололтой, эргэлдэцгээнэ. “Тавантолгойг ард түмэнд буцааж өг, хөрөнгийг хураа, Эрдэнэс Тавантолгойн бүх хувьцааг ард түмэнд өмчлүүл” гэх үгийг талбайд байршуулжээ. Ганц, хоёр хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид жагсагчдаас яриа авч байсан бол тэдний хажууханд иргэдээс гарын үсэг цуглуулж буйг нэгэн залуу чангаар уриалж харагдав. Иргэд талбайгаар явж өнгөрөх зуур түр саатаж, гарын үсгээ зураад, жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа. Гарын үсэг цуглуулж буй цаасны толгой хэсэгт “Хулгайлагдсан нүүрс, алдагдсан боломж, зөрчигдсөн эрхийнхээ төлөө Монгол Улсын нийт ард түмний дуу хоолой болж байгаа үе үеийн төлөөлөл, хүмүүсээ дэмжин нэгдэж байна” гэж бичжээ.  

          

        Өглөөний нар хар бараан үүлний цаанаас цухуйхаас өмнө үе үе жавартай салхи үлээж, ороолтгүй бол хацраа, бээлийгүй бол гараа хөлдөөхөөр хүйтэн байлаа. Гэсэн хэдий ч жагсагчид талбайгаас явахгүй, заримдаа тэнд барьсан гэрт очиж түр дулаацахаас өөрөөр холдсонгүй. Жагсагчдад зориулж барьсан дөрвөн гэрийн хоёрт нь тэд хоноглож, хооллож байгаа аж. Нэг хэсэг нь талбайд жагсах зуур нөгөө хэсэг нь гэрт газраар нэг бөөгнөрөн унтаж, зарим нь боов, боорцог, халуун цай уунгаа төр засгийн бодлого, авлигын талаар ам уралдан ярилцаж байв.

        “Цаанаа эзэнтэй, санхүүжилттэй, зохион байгуулалттай жагсагчид” гэж зарим иргэн тэднийг шүүмжилж буй бол олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа тал ч бас бий. “Нүүрсний хулгай”-н эсрэг жагсаж буй тэднийг санхүүжилттэй, хэн нэгэн албан тушаалтан, эрх ашигт үйлчилж буй, эсэхийг мэдэхгүй ч ямартай ч иргэдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийлж байлаа.  

“Би”-гээс “бид” үүссэнээр хамтдаа хүчтэй байж чадна”

Турк Улсад амьдардаг, монгол иргэн Оюунсүх

Турк улсаас энэ өглөө ирлээ. Онгоцноос буугаад наашаа шууд явсан. Төр засагт шаардлага тавихаас илүүтэй энэ гартаа барьсан уриалгыг ард түмэнд уриалж байна. “Би”-гээс “бид” үүссэнээр хамтдаа хүчтэй байж чадна. Монголчуудад “би” гэх үзэл их хүчтэй тогтсон байна. Энд долоо хоногийн турш жагсана. Гэхдээ шөнө хонохгүй. Би хүнд хагалгаанд орсон учир онгоцонд сууж болохгүй гэсэн заалттай ч эх орондоо санаа зовоод, хоёр хоног нойргүй хоносон тул хүрээд ирлээ. Миний хувьд амьдралд хэцүү зүйл алга, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, болоод л байна.

Тайлбар: Дунд талын цагаан хувцастай нь иргэн Оюунсүх 

 

 

 

 

 

“Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтыг өөрчлөхийг шаардаж байна”

“Нүүрсний хулгай”-тай тэмцэхэд хуулийн салбарынхан, өмгөөлөгч, хуульчдын дэмжлэг, туслалцаа их хэрэгтэй байна. Иргэд идэх зүйлс, сэтгэлээрээ биднийг их дэмжиж байгаад талархаж байна. Цахим сүлжээнд иргэд жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлж байгаа ч аль болох цаг заваа гаргаад Сүхбаатарын талбайд ирж үзэл бодлоо илэрхийлмээр байна. Бидний шаардлагыг Засгийн газар сайн хүлээж авч, ажил хэрэг болгох тал дээр дутагдалтай байгаа учир жагссаар байна. Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт ялын дээд хэмжээ буюу 15-18 жилийн ял оноохоор заалт оруулах шаардлагыг тавьж байгаа. Мөн тус хуулийн 22.2 дахь заалтыг эргэн сэргээх хэрэгтэй.   

 

 

“Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна”

Иргэн Өлзийсайхан

Жагсаал эхэлснээс хойш би өдөр бүр ирж эсэргүүцлээ илэрхийлж байна. Монгол Улсын нөхцөл байдал, бидний ирээдүй ийм бүрхэг байхад амиа бодоод гэртээ суух учиргүй. Утасны цаанаас янз бүрийн юм ярьж, бичиж байхаар бодитоор ирж, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Монголчууд аль үеэсээ эхлээд ийм дорой, амиа боддог болчихсон юм бэ. Яагаад хүний мөсгүй болчихсон юм бэ. Яагаад ханаж чадахаа мэдэхгүй болчихсон юм бэ. Монголчууд хэдэн мянган жил энэ газар нутагтаа амьдарч ирсэн, нэгэн цул үндэстэн. Америк шиг олон угсаатнаас бүрдээгүй. Монголчууд хамаатан шахуу улс. Тийм атлаа нэг хэсэг хүмүүсийг ингэж ядуу амьдруулж, нөгөө хэсэг нь дансандаа хэдэн мянган сая ам.доллартой байна. Уул уурхай, ашигт малтмалын асар их баялагтай мөртлөө ингэж амьдарч байгаад харамсаж байна. Иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Зээлтэй хүн яаж эрүүл, шим тэжээлтэй хүнс хэрэглэх вэ дээ. Монголчууд хамгийн чанартай хүнс хэрэглэдэг байсан бол өвчин зовлонтой, хорт хавдартай болохгүй.  

 

 

 

 

“Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд ногдуулах ялыг чангатгах хэрэгтэй”

Сэлэнгэ аймагт амьдардаг. Улаанбаатар хотод томилолтоор ирсэн. Үзэл бодлоо илэрхийлэх үүднээс өнөөдөр энд ирж зогсож байна. Маш хүйтэн байсан ч залуус жагссаар байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэнд ногдуулах ялыг чангатгах байр суурьтай байна. Хөрөнгийг нь хурааж, хатуу хариуцлага тооцох хуультай болох хэрэгтэй.

 

 

 

 

 

 

                Жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлж, хэсэг хүн халуун аарц, пирошки авч ирж тараав. Цагдаа нар болон ТҮК-ийн ажилтнуудад ч мөн өгч харагдсан. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудад аарц уулгах гэж дуудсан боловч тэд “болохгүй” гэдгээ илэрхийлсэн юм. Жагсагчдын гэрийн урд талд түргэн тусламжийн машинууд байрлуулсан харагдав. Сүхбаатарын талбай дахь залуусыг манлайлж буй, олны танил жүжигчин Цогтоо өчигдөр орой Засгийн газрын төлөөлөлтэй уулзсан ч дорвитой үр дүнд хүрээгүй талаараа цахим хуудсандаа илэрхийлсэн байна лээ. Тэд “нүүрсний хулгайчид”-ын нэрсийг зарлахыг шаардсан. АТГ-аас одоогоор уг асуудалд шууд болон шууд бус холбоотой 17 хүний нэрийг зарлаад байна.  

 

Фото зургуудаас

   

 

  

  

  

Сэтгэгдэл