Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-17

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна. Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                  

               Гишүүн Б.Жаргалмаа нь хаврын чуулганы хугацаанд 1 удаа өвчтэй, 2 удаа чөлөөтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичсэн байна. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 3 удаа чөлөөтэй, 1 удаа өвчтэй байжээ. Тодруулбал, тус гишүүн дөрөвдүгээр сарын 8-нд өвчтэй, зургадугаар сарын 11, 24, 25-нд чөлөөтэй байжээ. 

Зураг 1. УИХ-ын 2021 оны хаврын чуулганы ирцийн мэдээлэл Б.Жаргалмаа нь 2 удаа чөлөө авсан, 1 удаа удаа эмнэлгийн чөлөө авсан хэмээн тэмдэглэсэн байна.      

   

Зураг 2. Б.Жаргалмаа гишүүний чөлөө авсан талаар чуулганы тэмдэглэлд тусгасан байдал

   

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.    

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд   

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд  

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” тогтоолын төслийг батлах
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд 

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх
  •  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг
  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  •  “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг

УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаан зургадугаар сарын 25-нд болж,  Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгсөн сонгогчдын олонхын буюу 67.69 хувийн санал авч сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөжээ.