“Хүүхдийн мөнгөний тухайд зөвхөн байр, машин, цалин бус, 10-аад үзүүлэлтэд үндэслэсэн”
2023-01-17

          УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох өрхийг хэрхэн тооцоолж, сонгосон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Ц.Сандаг-Очир: Хүүхдийн мөнгийг олгох бэлтгэл ажлыг дутуу хийж, бүртгэлээ зөв хийгээгүйгээс болж иргэдийг бухимдуулсныхаа төлөө яамдын газрын дарга нар уучлал хүсэж, хариуцлагаа хүлээн, огцрохыг шаардаж байна. Төрийн байгууллагын бодит төрх нь энэ. Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам бүгд тусдаа бүртгэл, тоон мэдээлэлтэй. Энэ оны улсын төсөвт 1.3 их наяд төгрөгийг 979 мянган өрхийн буюу Монгол Улсын нийт 1 268 000 хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө хэлбэрээр олгохоор тусгасан. Үлдсэн есөн хувьд нь 78 мянган өрхийн 113 мянган хүүхэд хамаарч байна, тийм үү. Төсөв батлах үеэр Сангийн сайд юу гэж хэлж байсан бэ гэхээр хүүхдийн 10, 20 мянган төгрөгийг (өмнө нь) авдаггүй байсан айлууд буюу нийт өрхийн есөн хувьд нь олгохгүй гэж ярьж байсан. Гэтэл та нар байртай, машинтай, газар эзэмшдэг бол хүүхдийн мөнгө олгохгүй гэжээ. Хүүхэд нэмэх, хасах, байхгүй болгосон зэрэг зөрчилтэй бүртгэлийн талаар иргэд ярьж байна.

П.Анужин: Хариуцлага хүлээх талаар тодорхой хариулт өгөхийг хүсэж байна. Үндэсний статистикийн хороо тооцооллоо сайн хийсэн гэж хариулт өгсөн.

Б.Батдаваа (Үндэсний статистикийн хорооны дарга): Аргачлалын хувьд нэлээд нягт нямбай ажилласан гэж бодож байна. Мэдээллийн алдаатай байдлаас болоод иргэдийн бухимдлыг төрүүлж байгаад уучлал хүсэж байна. Алдаатай байдлыг засахад анхаарч ажиллана.

С.Зулпхар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд): Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт шуурхай удирдлагын баг ажиллуулж байна. Иргэдийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх зохион байгуулалт хийж байгаа. Иргэдэд хүндрэл учруулахгүйгээр цахимаар хүсэлтийг нь авч, төрийн байгууллагуудад мэдээллийг хүргүүлж байна. Тооцооллыг нягталж, хэрэв хүүхдийн мөнгө олгох ёстой тохиолдолд нөхөн олгоно. Мэдээллийн зөрүүтэй байдал хоёр талтай байна. Нэг талаас иргэд тухай бүрт мэдээллээ шинэчлээгүйгээс, нөгөө талаас төрийн байгууллага үүнд анхаараагүйгээс ийм байдалд хүрлээ. Иргэдэд бухимдал төрүүлсэнд манай салбарынхан уучлал хүсэж байна.

Ц.Идэрбат: Бурууг иргэдэд тохохоо боль. Хүүхдийн мөнгийг олгох, эсэхийг УИХ-аар хэлэлцэж байх үед Сангийн сайд нийт өрхийн есөн хувь нь хүүхдийн мөнгийг нэгдүгээрт, авдаггүй, хоёрдугаарт, сарын орлого нь гурван саяас дээш гэж хэлж байсан. Сумын төвд амьдардаг, нөхөр нь багш, эхнэр нь жирэмсний амралттай, хашаа, байшинтай, хэдэн тооны малтай өрхийг хүүхдийн мөнгөнөөс хассан байна. Яагаад хассан бэ. Сангийн яам, Үндэсний статистикийн хорооны аргачлал хоорондоо зөрсөн байна.

М.Санжаасүрэн (Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга): Энэ оны улсын төсвийн төслийг Засгийн газраас оруулж ирэхдээ нийт өрхийн 91 хувьд олгох талаар тусгаж, УИХ баталсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан урьдчилсан мэдээллийн гүйцэтгэлээс тооцооллыг гаргасан. Ингэхдээ Улаанбаатар хотод өрхийн дундаж орлого 1.7, орон нутагт энэ тоо 1.5 сая төгрөг байна гэсэн тооцоололд байсан. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхээр тооцож, үүнд хамрагдаж байгаа өрхийн мэдээлэлд үндэслэн, есөн хувь гэдэг тоог гаргасан. 2023 онд хүүхдийн мөнгө авах хүүхдийн тоонд үндэслэж, есөн хувийнх нь л төсвийг хассан.   

П.Анужин: Үндэсний статистикийн хороо хариулаарай. Сарын орлого нь 3.5 саяас бага гэсэн байхад та нар яагаад өөр аргачлал гаргасан бэ.

Б.Батдаваа (Үндэсний статистикийн хорооны дарга): Есөн хувиар хасвал өрхийн дундаж орлого хэдээр таслагдах тооцоо гарч байна вэ гээд, түүврээс тооцоолоход 3.7 сая гэж гарсан учир мэдээллийг Сангийн яаманд хүргүүлсэн. Аргачлалын хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран баталсан аргачлал бий. Үүнд хэд хэдэн хувилбар ярьсан. Нэгдүгээрт, зөвхөн цалингийн, эсвэл хөрөнгийн үзүүлэлтийг авах нь учир дутагдалтай. Яагаад гэвэл гэр бүлийн нэг гишүүн нь өндөр цалинтай боловч ам бүлийн тоо олон байвал шударга бус гэж ажлын хэсэг ярилцсан. Тиймээс дэлхий нийтэд түгээмэл ашиглаж байгаа орлого орлуулан тооцох загвар дээр үндэслэсэн. Тодруулбал, зөвхөн байр, машин, эсвэл цалин биш, 10-аад (татварын өмнөх орлого, хадгаламжийн хүү, бизнесийн орлого, машин, малын тоо, амины болон орон сууц, өрхийн гишүүдийн тоо) үзүүлэлтийг өрхүүдийн (түүвэр судалгаанд хамрагдсан) амьжиргааг тодорхойлсон мэдээлэлтэй харьцуулж үзээд энэ загвар хамгийн боломжтой гэж үзэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран аргалчлалыг баталсан гэв.     

 

         Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж мэдээллийнхээ үеэр "Аргачлалыг шалгаж үзээгүй нь бидний буруу. Өмнө нь иргэдийн гэрт нь очоод хөргөгч, будаа агшаагч зэргийг тоолж байгаад өгөх, эсэхийг шийддэг байсан. Энэ онд бол тийм зүйл хийх нь хоцрогдсон арга. Тэглээ ч бид цахим үндэстэн болох зорилт тавьсан. Цахим төрд байгаа мэдээллээр дамжуулж, энэ аргыг ашиглах ёстой байсан. Үүнийг туршиж үзээгүй нь бидний алдаа. Хугацаа байсан. Гэхдээ тодорхой тестүүд хийсэн. Гэвч алдаатай байна лээ. Жишээлбэл, манайх ам бүл дөрөв. Гэтэл ам бүл зургаа гэж гарч ирсэн. Би өмнөх байраа худалдан борлуулсан ч хаягийн бүртгэлээ хийлгээгүй. Гэтэл тэр байрыг худалдаж авсан хүмүүсийн орлого над дээр бүртгэгдэж, гурван машинтай, дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй гэж гарч ирсэн байна лээ" гэв. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар "Туршиж үзээгүй гэсэн хариуцлагагүй зүйл хэлж болохгүй. Шалгаж үзээд, 50 мянган зөрчилтэй мэдээллийг зассан" гэж байв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд та ингэж өөрийгөө хамгаалахаа боль. Зөрчилтэй байсан юм бол яагаад бүх хүнийхийг шалгаж үзээгүй юм бэ" гэсэн юм. 

Сэтгэгдэл