Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулиудад хориг тавилаа
2023-01-30

УИХ Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг 2023 оны нэгдүгээр сарын 20-нд эцэслэн баталсан.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн 30.1.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв.

          Хуулийг төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, саналыг аваагүй нь Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Энэ нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосныг тодотгов. 

Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 19.3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн хязгаарлалт тогтоосныг анхаарч байх ёстой гэж үзжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа хууль тогтоомжийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа олон нийтийн оролцоог сайтар ханган, мэргэжлийн болон судалгааны байгууллагын санаа бодлыг сонсож, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилан, Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг чанд баримталж байх учиртай гэж үзэв.

Үндсэн хуулийн  33.1 дэх хэсгийн 1-т “УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хориг тавих” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхэд заасан. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.4-т заасны дагуу илгээсэн хууль, тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

                    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдан баталсан хуулиудын дагаж мөрдөх хугацааг 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан байна.

Сэтгэгдэл