УИХ-ын 13 гишүүн гадаадад томилолттой байна
2021-12-16

            УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг 10.10 цагт эхлүүлж, ирцийн мэдээллийг дарга Г.Занданшатар танилцуулав. 13 гишүүн гадаадад томилолттой, хоёр гишүүн орон нутагт, дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байгаа аж. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар санал хэллээ. Шимтгэл төлсөн долоо биш, таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоодог болох буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байгааг гишүүн Б.Пүрэвдорж хөндөв. Тэрбээр "Хөшөө барихад тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулдаг хэрнээ ахмадуудаасаа хөрөнгө харамлах хэрэг үү. Миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа учир ахмадуудтайгаа нийлж, шаардлага хүргүүлж ажиллана" гэсэн юм. Харин гишүүн Г.Тэмүүлэнгийн саналаар хууль санаачлагч нь гадаадад томилолттой байгаа тул Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхийг хойшлууллаа.  

Ерөнхий сайд доод шатны Засаг даргыг санал болгохгүй

            Дараа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлэхээр болсон. Уг хуульд дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргад нэр дэвшигчийг санал болгох зохицуулалт тусгасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэсэн тул ийнхүү өөрчлөлт оруулан батлав.

            Харин Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд онцлог заалт олон бий. Тухайлбал, Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, УИХ зургадугаар сарын 1-ний дотор батлах, уг төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, гуравдугаар сарын 15-нд багтаан парламентад өргөн мэдүүлж, хянан хэлэлцүүлэх тухай тусгасан. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тавигдах шаардлагыг нэмж, урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлэх, хэрэгжилтийг нь хэмжихүйц байлгах талаарх заалт бий. 

Амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцийг судалж, бүртгэнэ       

            УИХ-ын чуулганы хуралдаанаар дараа нь Генетик нөөцийн, Кибер аюулгүй байдлын, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Генетик нөөцийн тухай хуулийн төслийг 2019 онд өргөн барьсан бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэн бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах,  ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулах аж. Хуулийг баталснаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэн нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрдэх боломжтойг төслийн танилцуулгад онцолсон байна. Мөн  биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрдсэнээр эдийн засгийн бодит, эерэг үр дүнд хүрэх ач холбогдолтой гэнэ.

Мэргэжлийн холбооных нь дүгнэлтэд үндэслэн, тухайн койныг гаргах, эсэхийг шийддэг болно 

             Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгасан талаар ажлын хэсгийн ахлагч Н.Учрал болон холбогдох албаныхан хуралдааны дараа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд манай улс виртуал хөрөнгийг хориглох, эсвэл зөвшөөрөхийн аль нэгийг сонгох шаардлага тулгарсан. Тиймээс ийм төрлийн үйлчилгээг зөвшөөрөхийн зэрэгцээ бүртгэж, хянахаар зохицуулж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлахад бэлэн боллоо. Үйлчилгээ үзүүлэгч нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн дагуу гүйлгээний мэдээллийг Монголбанканд хүргүүлэх үүрэг хүлээнэ. Ингэснээр сэжигтэй гүйлгээний мөрөөр хууль, хяналтын байгууллага хяналт шалгалт хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн бирж буюу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шалгуурыг тодорхой болгосон. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) хуулийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох дүрэм, журмыг ирэх дөрвөн сарын хугацаанд боловсруулж, батална. Тэгэхээр одоо үйл ажиллагаа явуулж буй биржүүд дөрвөн сарын дараа СЗХ-нд бүртгүүлнэ. Энэ бол тусгай зөвшөөрөл биш, зөвхөн бүртгэх тухай ойлголт юм. Энэ хууль нь виртуал хөрөнгийн харилцааг зохицуулахгүй. Тиймээс иргэд болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд хийсэн гэрээнээс үүдэлтэй харилцааг зохицуулах боломжгүй.  Цаашид мэргэжлийн холбооных нь дүгнэлтэд үндэслэн, тухайн койныг арилжаанд гаргах, эсэхийг шийддэг болно. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хүлээгдэж байна" гэв.    

 

Сэтгэгдэл