“Улс төрийн намыг бүртгэх, эсэхийг үзэмжээрээ шийддэг орон зайг хумина”
2023-04-20

           УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд ямар асуулт тавьж, хариулт авсныг тоймлон хүргэе.

Ш.Адьшаа: Улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхээр заажээ. Намыг төрийн бус байгууллага гэж ойлгох уу, төрийн нэг бүтэц гэж харах уу. Намын гишүүнчлэлийн асуудлыг Үндсэн хуульд тодорхой заасан. Үүнд нийцүүлж, ямар зохицуулалт оруулж ирсэн бэ. Улс төрийн намыг бүртгэх талаар хэрхэн зохицуулсан бэ?

Я.Содбаатар (Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хуулийн төслийн ажлын хэсгийн дарга): Үндсэн хуульд заасны дагуу улс төрийн намыг төрийн бус байгууллагаас салгаж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, намыг нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэж авч үзэж байна. Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр төсөлд олон заалт оруулсан. Үндсэн хуульд заасанчлан намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчмаар явуулах талаар олон заалт төсөлд тусгасан. Нам нь удирдах, төлөөлөх, хяналтын, гүйцэтгэх байгууллагатай байна. Эдгээр байгууллагын хурлаа хийх хугацааг нарийвчилсан. Хуульд заасан хугацаандаа хурлаа хийхгүй бол улс төрийн намыг идэвхгүй хэлбэрт оруулж, цаашид татан буугдахгүй хүртэл арга хэмжээ авахаар зааж өгч байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын нэлээд хувь нь хурлаа хийдэггүй, олон нийтэд чиглэсэн, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд ажиллах боломжгүй байна. Тиймээс хариуцлагын тогтолцоог нарийн заасан.  

О.Мөнхсайхан (ажлын хэсгийн гишүүн, доктор): Улс төрийн намыг юу гэж ойлгохоос бүртгэлтэй холбоотой асуудал гарч ирнэ. Улс төрийн нам нь нэг талаас иргэдийн эвлэлдэн нэгдсэн нэгдэл, төрийн бус байгууллагатай төстэй, харьцангуй чөлөөтэй, сайн дурын шинжтэй бол нөгөө талаас иргэдийн дэмжлэг авч, сонгуульд ялбал төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцдог, онцгой эрх мэдэл хэрэгжүүлэх субъект. Дэлхийн жишиг, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намыг хоёр дахь утгаар нь буюу нийтийн эрх зүйн этгээд гэж үзэн, дотоод ардчилалтай байх, санхүүжилтээ нээлттэй болгох зохицуулалтууд тусгаж байгаа. Намыг үүсгэн байгуулж, бүртгэх процедурыг нэлээд тодорхой болгосон. Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэхтэй холбоотой материалын бүрдүүлбэрийг хангаж, хангаагүй бол 30 хоногийн дотор дутууг нь хүлээж авах буюу захиргааны шинжтэй ажлууд хийнэ. Харин Улсын дээд шүүх бүртгэх, эсэхийг шийднэ. Гэхдээ бүртгэхдээ ямар баримт шаардаж, ямар шалгуур баримтлах вэ гэдгийг тодорхой болгосон. Тиймээс намыг бүртгэх, эсэхийг үзэмжээрээ шийдвэрлэх орон зайг хумьж байгаа.

Н.Учрал: Хуулийн төсөлд ил тод байдлыг хангах чиглэлээр сайн зохицуулалт тусгасан. Мэдээлэл хариуцагч байгууллагад хамаардаг улс төрийн намуудын үйл ажиллагаа ил тод биш байгаа. Авлигын төсөөллийн индекс гаргадаг 18 шалгуур үзүүлэлтэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намуудын “шилэн” байдлыг харгалздаг. Ер нь олон хууль гаргасан ч хэрэгжүүлэхгүй байгаатай бүх зүйл холбоотой. Одоо хэрэгжиж байгаа улс төрийн намын хуульд данс, тайлан нь ил тод байна гэж заасан л байдаг. Төрийн байгууллагууд олон мэдээллийг нууцын тамга дарж, хаалттай байлгадаг. Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар үүнийг нээлттэй болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт хүлээлгэсэн. 5000 гаруй мэдээлэл хариуцагч бий. Үүнд улс төрийн нам багтдаг. Тэгвэл улс төрийн нам 68 төрлийн мэдээллийг нийтэд ил болгох үүрэгтэй. Засгийн газар “Шилэн” ажиллагаа явуулж, өнгөрсөн арван хоёрдугаар сараас хойш бичиг явуулж, нээлттэй болгохыг шаардаж ирлээ. Улс төрийн намууд 68 төрлийн мэдээллийг илгээхгүй байгаа. Эдгээр мэдээлэлд чиг үүрэг, гишүүнчлэл, үйл ажиллагааны мэдээллээс гадна тухайн байгууллагын зардлаар суралцагчийн мэдээлэл хүртэл багтана. Засгийн газраас долоо хоног бүр мэдээлэл шаардахад улс төрийн намууд явуулдаггүй. Дүр эсгэсэн байдлаар буюу excel хэлбэрээр ойлгогдохооргүй мэдээлэл ирүүлж байна. Тиймээс улс төрийн намын хуульд үүнийг тодорхой заах хэрэгтэй.  

 

Бэлтгэсэн: UIH.mn  

Сэтгэгдэл