“Нэг минутад 3.3, нэг цагт 195 сая, нэг хоногт 4.7 тэрбум төгрөг зарцуулсан” гэх тоон мэдээллийг Та хараад “Энэ их мөнгийг хэн юунд зориулсан юм бол” гэж бодох байх. 2020 оны УИХ-ын сонгуулиар нам, эвслүүд нийт 75 тэрбум төгрөгийг сурталчилгааны 16 хоногт “цацсан”-ыг хоног, цаг, минутаар хэмжихэд ийм дүн гарах аж. Гэхдээ энэ нь зөвхөн тайлагнасан дүн гэдгийг тодотгоё.
24 цагт тэрбум тэрбумаар нь зарцуулж, өрсөлддөг сонгуулийн үр дүнд бодлого дэвшүүлдэг, чадвартай, ёс зүйтэй хүн “ялна” гэж хүлээх нь утгагүй. Өндөр зардал шаарддаг сонгуулийн систем нь эцсийн дүндээ залуус, нийгмийн янз бүрийн төлөөлөл (эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд...) сонгогдоход саад болдог. Үүнийг дараах баримт, кейсээс харж болно.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бодлого боловсруулагчид хэлэлцэж эхэлсэн энэ үед сонгуулийн зардлыг бууруулах тухай хэрхэн тусгасныг, мөн ямар санал, шийдлүүд байгааг эргэцүүлье.
Нэр дэвшигчдийн танилцуулгыг нэг хуудсанд хэвлэдэг жишиг
Том хэмжээтэй сурталчилгааны самбар гудамж, талбайд олныг ярайтал байрлуулчихдаг нь Монголын сонгуулийн дүр төрх. Тэгвэл ирэх сонгуулиар ийм “жишиг”-ээ давтах уу. Сонгуулийн хуулийн зохицуулалтаар бол А4-ийн бичгийн цаасыг 16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэлх хэмжээтэй зурагт самбар, дэлгэц сурталчилгаанд ашиглаж болохоор тусгажээ. Тодруулбал, зурагт самбар, дэлгэцийн хэмжээ нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй байх бөгөөд нэг хэвлэлийн хуудас нь А4 бичгийн цаасны нэг нүүрнээс найм дахин их хэмжээтэй аж. 2020 оны сонгуулиар баримталсан уг хэмжээг энэ удаад өөрчлөхгүй байхаар хуулийн төсөл боловсруулжээ.
Угтаа бол дээрх заасан хэмжээтэй хэвлэлийн хуудсанд тухайн тойрогт өрсөлдөж буй бүх нам, нэр дэвшигчийн зураг, уриаг нэг дор багтаачхаж болохоор. Ийм энгийн зүйлээс сонгуулийн зардал хэмнэгдэж, гарааны тэгш байдал үүсдэг. Сонин, сэтгүүл, ухуулах хуудасны тухайд ч шинэлэг арга барил, сайн жишгийг нэвтрүүлж болох ч одоогоор төсөлд энэ талаар тусгаагүй байна. Харин эдгээрийн тоо ширхгийг цөөрүүлэх хэдэн заалт бий. Мөн ухуулагч сайн дураар ажиллах, цалинг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрүүлэхгүй олгохоор заасан ч үүний хэрэгжилтийг хэрхэн хянах, хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.
Иргэн С.Мөнхчулуун “Тойрог бүрд нэг сэтгүүл бэлтгэж, нэр дэвшигчдийн танилцуулгыг нэг стандартаар 2-3 хуудсанд багтааж хийнэ. Уулзалтыг товлосон нэг газарт бүх нэр дэвшигчид хуваарийн дагуу хийж болно. Сурталчилгааны самбарыг ч мөн хороо бүрд тогтсон 3-4 цэг дээр ингэж байршуулах боломжтой. Сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр “цэвэр”, шударга, шинэ залуу нэр дэвшигчид сонгогдох ямар ч боломжгүй” гэж хэлэв. Түүний хэлсэнчлэн Япон зэрэг бусад оронд хэрэглэдэг ийм жишгийг яагаад манайд нэвтрүүлж болохгүй гэж. Сонгуулийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед УИХ-ын зарим гишүүн эл санааг онцолж байсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад сонгуулийн зардлыг бууруулахад ажлын хэсэг, байнгын хороо анхаарах ёстой” гэж дурдсаныг онцолъё.
Их хэмжээний зардал шаарддаг сурталчилгааны төрөл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Доктор Б.Эрдэнэдалайгийн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиудын үр дүнд хийх үнэлгээ” сэдэвт судалгааны тайланд нэр дэвшигчдийн зурагтын сувгаар гарсан хугацаа, сонгуульт ажлын зардал нь авч буй саналын хэмжээнд эергээр нөлөөлдгийг дурджээ. Уг нь арилжааны телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх хугацаанд хуулиар хязгаар тогтоосон. Гэвч телевизүүдийн сурталчилгаа нэвтрүүлэх төлбөр өндөр тул энэ нь хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигчдэд давуу тал болж, залуус, эмэгтэйчүүд, шинэ нэр дэвшигчдэд “хаалтын хана” үүсгэдэг. Тиймээс зарим судлаач арилжааны телевизээр сурталчилгаа явуулдгийг бүр мөсөн хориглох талаар хөнддөг бол зарим нь бодлогын мэтгэлцээнд нэр дэвшигчдийг тэгш оролцуулах байдлаар шийдэх нь зөв гэж үздэг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн хуулийн төсөлд зардлыг эрс бууруулахаар тусгасан. Ухуулагч, сурталчилгааны самбарыг тоог бууруулна. Багцлаад үзвэл сонгуулийн зардал 50 хувиар буурна гэж тооцсон”-ыг онцолсон бол үүнд судлаачид эсрэг байр суурьтай байгаа юм. Тухайлбал, судлаач Д.Энхцэцэг “Самбарын тоог механикаар бууруулахаар зардал буурна гэж итгэх, итгүүлэх юм. Сонгуулийн кампанит ажлыг мэтгэлцээний соёлтой бодлогын өрсөлдөөн болгож, хандлагыг өөрчлөх хөшүүргүүдээ хуульчилсан бол зардал бодитой буурч эхэлнэ” хэмээв.
“Бодлогод залуусын хяналт” ТББ ч гэсэн сонгуулийн зардлыг бууруулах зохицуулалт хангалтгүй байгааг дурдаад, сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал, зөвлөмж хүргүүлээд байна. Үүнээс сонгуулийн зардал бууруулахтай холбоотой зөвлөмжийг дор хавсаргав.