Нийгмийн эгэх хариуцлага гэж юу вэ?
2023-04-05

                      Та төрийн байгууллагуудыг хэр хариуцлагатай гэж дүгнэх вэ. Хэрэв төрийн байгууллагууд үүргээ сайн хэрэгжүүлдэггүй, хариуцлагагүй байвал иргэд яах ёстой вэ?

Чухам эл асуултаас нийгмийн эгэх хариуцлага гэж ойлголт урган гарна. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь хариуцлага, хариуцан тайлагнал, хяналт гэх утгыг өөртөө агуулж, хувь хүний зүгээс төр, төрийн алба хаагчид оногдсон үүргээ хэрхэн биелүүлж буй талаар мэдээлэл авах, тайлбар хийлгэх, асуудлын үндэслэлийг гаргах, гарсан үр дагаварт нь хариуцлага хүлээлгэх явдал юм.

Товчхон хэлбэл, төрийн байгууллагуудыг хариуцлагатай байлгах үйл явц гэж ойлгож болно. Нийгмийн эгэх хариуцлагын хоёр хэлбэр бий. Үүнд

  • Хэвтээ буюу дотоод хариуцлагын хэлбэр (Төрийн байгууллагын хариуцан тайлагнах, аудит (төрийн байгууллагын зүгээс), хууль тогтоох байгууллага, шүүх)
  • Босоо буюу гадаад хариуцлагын хэлбэр (Төрийн үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих механизм -Сонгууль, Олон нийтийн жагсаал, эсэргүүцэл, Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

 

 

Жишээлбэл, Боловсролын зээлийн сангаас улстөрчид, сайд, дарга нарын хүүхдүүд, танил талууд нь зээл авч, гадаадын томоохон сургуульд суралцсан ч зээлээ төлөөгүй асуудал нийгэмд бухимдал үүсгэж байна. Эл асуудал нь төрийн байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын зээлийн сан хариуцсан байгууллага, албан тушаалтнууд хариуцлагагүй, шударга бус ажилласнаас үүджээ. Тэгвэл нийгмийн эгэх хариуцлагыг хэрэгжүүлэх буюу тус сангаас хууль бусаар зээл авсан, эсэхийг сэтгүүлчид НИЙТЭД ИЛ БОЛГОХ, иргэд үүнийг ШҮҮМЖИЛЖ, жагсах, эсвэл нийтийн сонсгол хийхийг шаардаж болно.   

Нийгмийн эгэх хариуцлага хэрэгжих үндсэн нөхцөлүүдэд төрийн нээлттэй, ил тод байдал, мэдээллийн хүртээмж, зохион байгуулалттай чадавх бүхий иргэд, нийгэм, соёлын тохиромжтой байдал багтдаг.

             Нийгмийн эгэх хариуцлагын үндсэн оролцогч тал нь төр, иргэн бөгөөд төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах ёстой. Иргэдийн оролцоог ямар байдлаар хангаж байгаагаас үр дүнтэй ба үр дүнгүй оролцоо гэж тодорхойлох боломжтой. Жишээ нь, танд ямар шийдвэр гаргах гэж байгаа талаараа зөвхөн мэдээлдэг байх нь хангалтгүй ба иргэдтэй хамтран ажиллаж, шийдвэрээ гаргах нь оролцооны хамгийн сайн хэлбэрт тооцогддог. 

 

 

Сэтгэгдэл