Г.Занданшатар: Олонхын бүлэг дангаараа хууль батлах хэмжээний ирц бүрдүүлж байж хуулиуд батлагдана
2023-10-13

          УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүд эцэслэн батлах санал хураалт явуулахаар товлосон. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.3-т “Долоо хоногийн баасан гаргийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдаг. Үүний дагуу хуулийн төслүүд эцэслэн батлах санал хураалт явуулах гэсэн боловч хуралдааны ирц бүрдэхгүй байв. УИХ-ын дарга Г.Занданшатар зарим гишүүн картаа уншуулчхаад явчихсан, санал хураалтад оролцохгүй байгаа тул хуралдаанд ирэхийг шаардав. Мөн сайд Х.Булгантуяа, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар, С.Бямбацогт нарыг хуралдаанд ирэх шаардлагатайг онцлов.   

            Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүнээс 36 нь дэмжиж, 6 нь татгалзав. 38 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд хууль эцэслэн батлагдсанд тооцдог хуультай. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргасны дагуу санал хураалт явуулав. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр санал хураалтын төхөөрөмжийн хугацаа дууссаныг тодотгосон.

             Хуралдааны ирц бүрдэхгүй бол бусад цагт хуулийн төслүүд эцэслэн батлах санал хураалт явуулахаар хуулиар зохицуулсан учир 14.00 цаг хүртэл чуулганы хуралдааныг түр завсарлуулж байгааг дарга Г.Занданшатар хэлэв. Мөн тэрбээр “Олонхын бүлэг дангаараа хууль батлах хэмжээний ирц бүрдүүлж байж хуулиуд батлагдана” гэв.

 

Бэлтгэсэн: Б.Уянга

Сэтгэгдэл