Агаарын бохирдлын эх үүсвэрийн 44.2 хувийг дулааны цахилгаан станц эзэлдэг
2023-10-13

УИХ-ын чуулганы 2023 оны аравдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “...Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувь нь автомашин, хуурамч шатахуунаас үүсэж байна” гэж мэдэгдсэн.

UIH.mn УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тус мэдэгдэлд дурдсан баримтыг энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, статистик мэдээлэлд тулгуурлан нягтлав.

  • Хамгийн сүүлд буюу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар судалжээ. Тус судалгааны үр дүнд “Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөлийн 24 хувийг бүрдүүлж байгаа”-г тодруулсан байна.  
  • ДЭМБ-аас “Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган авто тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, тоосонцор нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хувьд автомашинаас ялгарсан утаа нь 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг”-ийг тогтоожээ.   
  • УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос агаарын бохирдлын эх үүсвэрийн талаар 2020 оны есдүгээр сарын 14-нд хийсэн хэлэлцүүлгийн үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулахдаа “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийг 3-45 киловаттын хүчин чадалтай 170 мянга гаруй, 15-4200 киловаттын хүчин чадалтай 3273 усан халаалтын зуух, нийслэлд бүртгэлтэй 560 мянга гаруй тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станцууд бүрдүүлж байна. Үүний хамгийн их буюу 80 орчим хувийг гэр хороолол дахь нам даралтын зуухнуудаас ялгарах бохирдол эзэлдэг” гэсэн статистик танилцуулжээ.  

Дээрх судалгаа, мэдээллээс үзэхэд Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувь нь автомашинаас үүсэж байгаа тухай тоо баримт нь нотлогдохгүй байна. Харин агаарын бохирдлын 44.2 хувийг бүрдүүлж буй дулааны цахилгаан станцуудыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл агаарын бохирдлын эх үүсвэрийн 28.9 хувийг автомашин бүрдүүлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгаанд дурдсан байна. Үүнээс үзэхэд, дээрх мэдэгдэл нь төөрөгдүүлсэн шинжтэй байна.

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл