Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар батлав
2023-10-20

           УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл болон холбогдох бусад тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа "Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны аравдугаар сарын 10-ны 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгг заасныг баримтлан боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны аравдугаар сарын 18-ны хуралдаанаараа хэлэлцсэн"-ийг дурдав.

           Мөн "Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбоотойгоор Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүжилт, түүнд тавих хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилсан. Сонгуулийн ерөнхий хороо тус хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд уг чиг үүргийг хэрэгжүүлэх Тамгын газар, бүтцийн нэгж байгуулах, орон тоог шинэчлэн батлах шаардлага үүссэн гэж үзсэн. Байнгын хороонд ирүүлсэн саналтай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тогтооно.”, 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт "... Сонгуулийн ерөнхий хорооны ... ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн УИХ тогтооно." гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны аравдугаар сарын 13-ны өдрийн 01/2252 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл болон түүнтэй холбогдуулан Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай УИХ-ын 2019 оны 02 дугаар тогтоол, "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай" УИХ-ын 2019 оны 18 дугаар тогтоолын хавсралтад тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг боловсруулсан" гэж байлаа. 

       “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах зардлын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах зохицуулалт тусгасан байна. 

           Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. 

 

Бэлтгэсэн UIH.mn 

Сэтгэгдэл