Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг эхэллээ
2023-10-19

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн  нэг дэх хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /бүрэн эхээр нь эндээс / танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2023 оны төсвийн жил Монгол Улсад олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ. Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв. Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая ам.доллараар эерэг гарлаа. Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэдгийг онцолсон. 

Мөн, Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа. Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулсан. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.
Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог гэж байлаа.

“Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно. Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд нь 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Дараа нь Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

Уг аудитын дүгнэлтэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д заасны дагуу улсын хөгжлийн бодлоготой нийцэж байна. Мөн Засгийн газрын өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа 2024 онд 40.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-д заасан төсө, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд байна. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 34.2 хувь,  нийт зарлага  27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ний хасах 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ. Иймд, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцдог байх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн ДНБ-ний  2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх, тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх, Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна. Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл нь урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын үзэл баримтлалд нийцэж буй ч улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 71.0 хувь нь төсвийн төсөлд байгаа нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө бүрэн тусгагдаагүй  байна гэж дурдсан байлаа. 

         Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.7-д заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтдээ, Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн гүйцэтгэлд эрсдэл үүсвэл, төсөвт тодотгол хийх нөхцөлд хүргэж болзошгүй байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төслийг боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж, Өрийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Түүнчлэн гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган төсвийн зарлагын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төслийг боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна.Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 48.6 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байна. Төсвийн төсөлд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ангилалд магадлал хийгдэж байгаа 21, нэг маягаар болон жишиг магадлалтай 153 төсөл, арга хэмжээг тус тус тусгасан байна. Барилга байгууламжид зураг төсөл, магадлал хийх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс барилга байгууламжийг хүлээн авах зэрэг төсвийн хөрөнгө оруулалтын үйл явцад тавих дотоод хяналтын тогтолцоог сайжруулан субьектив сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн тодорхой нарийвчилсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж байлаа.

         Монгол Улсын Засгийн газар дараа оны төсвийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихдаа Төрийн аудитын байгууллагаас өгч буй дараах зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг Д.Занданбат дарга дүгнэлтдээ онцлон тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихдаа төсвийн төсөл боловсруулах тухайн үе дэх хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэсэн байх, төсвийн төлөвлөлтийн дунд ба урт хугацааны төлөвлөлтийг төсвийн алдагдлыг хоёр хувиас бага байлгах эдийн засгийн зохист харьцааг баримтлан төсвийн тогтвортой байдлын үндсэн зарчмыг хангаж, төсөвт үзүүлэх гадаад өрийн ачааллыг бууруулж төлөвлөлтийг сайжруулах, улсын хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцсэн, зөвхөн төсөвлөлтийн шаардлага хангасан төсөл, арга хэмжээг төсвийн төсөлд тусгаж байхыг мэдэгдсэн.

Мөн “Улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн дүнд өөрчлөлт орж буй шалтгаан нөхцөлд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллах, барилга байгууламжийн зураг төсөл, магадлал хийх ажлыг зохион байгуулах, бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх, улсын комисс хүлээн авах үйл ажиллагаанд субьектив сөрөг нөлөөлөлгүй байлгах тодорхой, нарийвчилсан эрх зүйн зохицуулалтыг бий болгох, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулж эрсдэл үүсгэхгүй байх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч, хэрэгжилтэд хяналт тавих, Төсвийн төслийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн эсэх хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг улс, орон нутгийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах нь чухал гэсэн юм.

Түүнчлэн гадаадын зээлийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх хэлэлцээрт орж буй төсөл, арга хэмжээнд эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх журам, арга аргачлал боловсруулж хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бодлогод нийцүүлсэн, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг бүрэн хэрэгжүүлж, салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдыг нэгдсэн арга зүйгээр хангаж, чадавхыг сайжруулах гэсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.

             Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд оролцлоо. Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Э.Батшугар, Ц.Мөнхцэцэг, Н.Ганибал, Д.Батлут, Х.Баделхан, Г.Ганболд, Ж.Батжаргал, Б.Баярсайхан, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Ц.Цэрэнпунцаг, Д.Тогтохсүрэн, Б.Бейсен, Х.Ганхуяг, М.Оюунчимэг, Н.Энхболд, Д.Сарангэрэл, П.Анужин, Н.Наранбаатар, С.Одонтуяа нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд үнийн зөрүүнээс үүдэлтэй магадлан, аудитын дүгнэлт хийлгэсэн зарим  хөрөнгө оруулалтын төслүүдийг төсвийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн төсвийн төсөлд үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой хэчнээн хөрөнгө оруулалтын төсвийг тусгасан болон тэдгээрийн нийт төсөвт өртгийн хэмжээг лавлав. Мөн нийслэл болон зарим орон нутагт шахмал түлшийг сайжруулах туршилтыг хийх асуудлыг зогсоох, энэ талаар улсын төсөвт хөрөнгө төсөвлөсөн талаар болон ирэх оны төсвийн төсөлд Эрүүл мэндийн даатгалын санд хоёр их наяд гаруй төгрөг төсөвлөснөөр эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх эсэх, төрийн албан хаагчид, ялангуяа орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлж буй боловсон хүчний цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж буйг илүүтэй тодруулж байлаа.  

            Сангийн сайд Б.Жавхлан, “2020-2023 он буюу “КОВИД-19” цар тахлын үед бараа, бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, төсвөөр санхүүжиж буй төслүүд үнийн өсөлтөд нэрвэгдсэн. Төслүүдээ амжилттай дуусгахын тулд сүүлийн хоёр жил төсөв дээр ачааллыг нь авч байгаа. Гэхдээ төсөв өргөн барих өдөр хүртэл аудитаар хянуулсан, бүх магадлан хийлгэсэн үнийн өсөлтийн зөрүүтэй холбоотой төслүүдийг тусгасан гэдгийг тодотгоод 2023, 2024 онд нийтдээ 851 төслийн 863 тэрбум төгрөгийн төсөвт өртгийн нэмэгдлийг төсвийн ачаалалд авсан” гэж хариулав. Түүнчлэн “Засгийн газраас 2023, 2024 онд реформын шинжтэйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Энэ жилийн төсвийн тодотголоор нийт төрийн албан хаагчдын цалинг 30-40 хувиар нэмсэн. Ирэх жил энэ суурин дээрээ орон нутагт төрийн үйлчилгээ хүргэж буй бүх албан хаагчдыг албан тушаал, босоо хэвтээ тогтолцоог  үл хамааран сумын албан хаагчдынхыг 40, аймгийн төвд ажиллаж байгаа бол 20 хувь, төрийн нийтлэг үйлчилгээнийхнийг 20 хувиар цалинг нь нэмнэ. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэхээр хуульчилсан тул ирэх жилийн төсөвт 10 хувиар эх үүсвэрээ төсөвлөсөн. Төсөв батлагдсаны дараа жигд эсвэл хувилж нэмэх үү гэдэгт Засгийн газар бодлогоо гаргана” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан нэмэлт тайлбарыг өгсөн.

            Улаанбаатар хотын гэр хороололд ашиглаж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор түүхий эдэд нь хагас коксжуулалт ашиглахаар туршилт хийсэн. Лабораторид хийсэн туршилтын үр дүн, үзүүлэлт сайн гарсан. Хагас коксжуулалт гэдэг нь үйлдвэрийн аргаар нүүрсийг шатаах үед ялгардаг хорт бодис дэгдэмхийг ялгаж авсан бүтээгдэхүүн бөгөөд энэхүү түлшийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх хариултдаа дурдсан. Мөн тэрбээр, “Хүндрэлтэй ганц асуудал нь түлшний өөрийн өртөг нь өндөр. Тиймээс үйлдвэр барих хүртэл гаднаас импортоор авах санал дэвшүүлж байсан. Энэ ажлыг нийслэлээс гаргах бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ асуудал тодорхой хугацаанд саатаад байна. Улсын төсөвт энэхүү төсөлд төсөвлөсөн хөрөнгө байхгүй” гэж байлаа.

           Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтийн аргаар шийдвэрлээд гурван жил болж байна. Бидэнд засах асуудлууд бий. Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төрөлжсөн нэгдсэн эмнэлэг зэрэг бүгдийг нь нэг шатлалтай буюу лавлагаа шатны эмнэлэг болгосноор тусламж, үйлчилгээний давхцал бий болсон. Иймд санхүүжилтийн арга, тарифт өөрчлөлт хийхийн зэрэгцээ бүсийн хувийг бий болгож байгаа. Энэ салбарын онцлогийг Сангийн яам ойлгож 110 орчим тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тусгаж өгсөн. Үүнээс бид бүсийн хувь гаргаж, төвөөс алслагдсан, хүн ам багатай, сумын эрүүл мэндийн байгууллагуудыг дэмжих, хэвийн үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг хийнэ” хэмээн хариулж байлаа.

          Гишүүд асуулт асууж, санал хэлж дуусахад 21 цаг хүрсэн тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалтыг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл