"Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2.7 их наяд нь хадгалагдаж байна"
2023-10-27

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж тавьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Түүний танилцуулгад дурдсан онцлох тоо баримтыг хүргэе. 

  • Хүний хөгжил сангаас шилжин ирсэн өр төлбөрийг 2019 онд бүрэн барагдуулж дуусгаснаар Ирээдүйн өв санд хуримтлал үүсэж эхэлсэн
  • 2022 оны жилийн эцсийн байдлаар тус санд 2,7 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн
  • Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2020 онд, сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд хуримтлуулах тухай, 2022 онд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдэх хэсгээс Ирээдүйн өв санд хуваарилна гэж заасан. Үүний дагуу 2023 онд тус санд 550 тэрбум төгрөг хуваарилсан бөгөөд 2024 онд 1,3 их наяд төгрөгийн орлого нэмж төвлөрүүлэхээр байгаа
  • Хуульд заасны дагуу 2024 оны 12 сарын 31 гэхэд бий болох 4.3 их наяд төгрөгийн хуримтлалыг 2025 онд Ирээдүй өв сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацид хүлээлгэж өгөхөөр одооноос бэлтгэл ханган ажиллаж байна

           Асуулгын хариутай холбогдуулан гишүүн Б.Баттөмөр "Сангийн хөрөнгийн зарцуулалт, хуваарилалтыг 2025 оныг хүртэл таван жилээр хойшлуулсны үндэслэл, энэ хугацаанд инфляц, ханшийн уналтын нөлөөгөөр сангйин хуримтлалын үнэ цэнэ хэчнээн хувиар унасан, алдагдсан болмжийн тооцоог хийсэн эсэх, сангийн удирдлагыг хэрэгжүүлэх компанийг сонгох ажил ямар шатанд явж байгаа"-г асуув. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Ирээдүйн өв сангийн удирдлагыг 2025 онд хүртэл Төрийн сангийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлэхийг хуулиар Сангийн яаманд үүрэг болгосны дагуу бид ажиллаж байгаа, үнэ цэнийг хадгалах, нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй найдвартай, аюлгүй байдлыг хангахад анхаарч байна, алдагдсан боломжийн тухайд зөвхөн Ирээдүйн өв санд бус Монгол Улсад бүхэлд нь оногдоно" хэмээн хариулсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал "2022 онд Ирээдүйн өв санд яагаад хуримтлал нэмээгүй, хуримтлалын найдвартай байдлыг хэрхэн хангаж байгаа"-г асуусан. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн жил хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас олгосон нь төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн, сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан үйл явдал болсныг шүүмжлэв. Сангийн сайд Б.Жавхлан "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан хоёр өөр болохыг тайлбарлаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Ирээдүйн өв санг төрийн сангаас тусгаарлаж, жинхэнэ ассет менежментийн удирдлагаар ажиллуулна гэлээ. Мөн, хүүхдийн мөнгийг тус сангаас олгосон нь төсвийн алдагдал санхүүжүүлсэн хэрэг биш гэдгийг онцолж, Засгийн газар анх 8.8 их наяд төгрөгийн буюу 12 хувийн алдагдалтай төсөв хүлээн авснаа одоо 2.8 хувь болтол бууруулж чадсан" гэлээ.

           УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ирээдүйн өв санд нийт 5.4 их наяд төгрөг цугларснаас одоо 2,7 их наяд төгрөг хадгалагдаж байна. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6.3.1-д, сангийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, арвижуулна гэж заасан боловч харамсалтай нь арвижаагүй, үнэ цэнээ алдсан. Үүнд хариуцсан хүмүүс нь санаачлагагй ажиллаж байна, төрийн мөнгө учраас эзэнгүй байна хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр хуулийн заалтууд хэрэгжээгүй талаар нэг бүрчлэн танилцуулаад, тус сан ажиллаж, өгөөжөө олох боломж байсан гэдгийг онцолж, хөрөнгийг Монголбанканд хадгалж байхаар нийслэлээс гаргах жилийн 17 хувийн өгөөжтэй бондод оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Мөн тэрбээр гадаад улсуудын баянгийн сангуудыг жишээлэн ярьж, 2025 он хүртэл нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг мэдэхгүй тул Ирээдүйн өв сангийн удирдлагыг төрийн сангаас тусгаарлах хугацааг эргэн харж, үр ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийж өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай" гэлээ.

            Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонссонтой холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас 2020 онд өргөн мэдүүлж, батлуулах хуваарьтай байсан боловч одоо болтол өргөн бариагүй байгааг сануулсан юм. 

Сэтгэгдэл