Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2023-11-24

            УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нарын гишүүд санаачлан, боловсруулан өргөн мэдүүлсэн байна. Гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Хөдөө аж ахуйн газар нь манай орны газар ашиглалтын уламжлалтай холбоотойгоор газрын нэгдмэл сангийн дийлэнх хэсгийг эзлэх боловч сүүлийн жилүүдэд гарч буй газар ашиглалтын хэлбэр, зориулалт нэмэгдэж байгаатай уялдан түүний хэмжээ ялангуяа бэлчээрийн талбайн хэмжээ байнга буурсаар байна. Манай орны хөдөө аж ахуйн газрын хэмжээ сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 15.0 орчим сая.га-аар буурсан байна. Хөдөө аж ахуйн газар нь байгалийн унаган төрх байдал, нөөц чадавхиараа харилцан адилгүй тул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүргээр нь бэлчээрийн газар, тариалангийн газар, хадлангийн газар, хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар гэж хуваагддаг" гэв.  

             2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га-гаас илүүгүй, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, “Багийн иргэдийн нийтийн хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж тус тус заасан байдаг.     

      Дээрх хуулийн заалтаас үзэхэд иргэнд төмс, хүнсний ногоо, таримал ургамалын зориулалтаар олгогдох газрын хэмжээ 0,1 га-гаас илүүгүй байх бөгөөд зөвхөн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэн 0,1 гагаас илүү хэмжээгээр үнэ төлбөргүй газар эзэмших эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллагаагүй бол 0,1 га-гаас илүү хэмжээгээр газар үнэ төлбөргүй эзэмших эрхгүй аж. Мөн Тариалангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дах хэсэгт заасны дагуу атар газрыг тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон тул сум, орон нутгийн иргэдэд төмс, хүнсний ногоо, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэх эрх зүйн зохицуулалт нь учир дутагдалтай байна. Тиймээс хөдөө аж ахуйн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулсныг тэрбээр онцлов. 

     УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар  Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд  өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

Сэтгэгдэл