Төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг судалжээ
2023-12-12

“Монголд төлөөллийн ардчиллын институтууд чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ” сэдэвт эрдэм шинжилгээний судалгаа, бодлогын зөвлөмж танилцуулах хурал өнөөдөр боллоо. МУИС, Удирдлагын академи, Отгонтэнгэр их сургуулийн багш, судлаачдын хийж гүйцэтгэсэн дараах гурван судалгааг хурлын үеэр хэлэлцүүлж, зөвлөмж танилцуулав. 

       Доктор Г.Туяагэрэл, Д.Уртнасан нар Монгол Улсын хууль тогтоох институтийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх судалгааг танилцууллаа. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 30 жил болсон хэдий ч хууль тогтоох институтийн ард түмнийг төлөөлөх чиг үүрэг багасах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн үндсэн үүрэг нь бүдгэрэх, улмаар институтэд итгэх олон түмний итгэл буурах байдал ажиглагдаж байгаа аж. Тиймээс хууль тогтоох институтийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг судалснаар ардчиллын бэхжилт, бодлогын үр өгөөж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх институтийн хариуцлагатай, улмаар төлөөллийн засгийн үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл, улс төрийн тогтолцооны дэмжлэгийг тодорхойлох боломж бүрдэх ач холбогдолтой. 

Судалгааг дараах үндсэн гурван чиглэлд хийсэн байна. Үүнд 

1. УИХ-ын төлөөллийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд олон нийтийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг тодорхойлох хүрээнд олон нийтийн санаа бодлын судалгааг 8 чиглэлд 76 асуултын дагуу Монгол Улсын 5 бүсийн 1260респондентыг хамруулан 2023 оны 6-9 сард асуулга авчээ. 
2. 2020 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг УИХ-ын гишүүдийн парламентын дотоод ажил хэрэг буюу хуралдааны ирц, байнгын хороодод ажилласан байдал, парламентын гадаад ажил буюу сонгогдсон тойрогтоо ажилласан байдалд дүн шинжилгээ хийсэн байна. 
3. УИХ-ын төлөөллийн чиг үүргийн хэрэгжилт ба улс төрийн намын төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа хийжээ. 

Төрийн институтийн талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны үр дүнгээс үзэхэд

- Төрийн болон улс төрийн институтэд итгэх итгэл маш их буурсан
- Иргэдийн улс төрийн идэвхтэй биет оролцоо сонгуулийн жилүүдэд нэр дэвшигчийн зохион байгуулсан сонгуулийн кампанит ажилд оролцсоноор хязгаарлагдаж байна. Идэвхтэй биет оролцооны бусад хэлбэрүүд хязгаарлагдмал хэвээр байсаар байна. 
- Иргэдийн улс төрийн сонирхол, улс төрийн боловсрол өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа асуудлын гол шалтгаан биш, харин улс төрийн намын хүний нөөцийн бодлого алдагдсанаас үүссэн нийгэм-улс төрийн тогтолцоо улс төрийн намаас шууд хамааралтай болсонтой холбоотой байна. 
- Улс төрийн намын төлөвшилтэй холбоотойгоор улс төрийн намын хүний нөөцийн сонгон шалгаруулалт албан бус тогтолцоонд сууридсан байдлаар хийгдэх болсноор улс төрийн зүтгэлтний хэв шинж өөрчлөгдсөөр байна. 
- Сонгуулийн шударга байдал, сонгогчдын төлөөллийг бүрэн хангах байдал улам бүр алдагдсаар байна. 
- Сонгогчийн үйл байдал, сонгогчдын төлөөллийг бүрэн хангах байдал улам бүр алдагдсаар байна. 
- Сонгогчийн үйл байдал нам төвтэй улс төрийн сонголтоос хувь хүний буюу нэр дэвшигчийн бие хүний шинж чанар, амжилт, асуудлыг шийдвэрлэх чадварыг анхааран үзэх сонголт руу шилжиж байна. 

Хууль тогтоох интститутийн төлөөллийн чиг үүргийнхэрэгжилтийг үнэлэхдээ 2020 оны сонгуулиар байгуулагдсан УИХ-ын гишүүдийн парламентын дотор болон гадна гүйцэтгэх чиг үүрэгт дүн шинжилгээ хийсэн. УИХ-ын гишүүдийн ирц, байнгын, дэд, түр хорооны ирцтэй танилцсан. Ингэхэд 

- УИХ-ын хуралдааны ирцийн мэдээллийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, хуралдааны ирц тухай бүр тавигддаггүй
- Хуралдаанд тодорхой шалтгааны улмаас суухгүй, таслах, чөлөөтэй байх, хуралдааны хугацаанд орон нутагт ажиллах гэх мэт сонгогчдын төлөөллийн хэрэгжилтийг үнэлэх хамгийн эхний үзүүлэлт болох ирцийн асуудал хангалттай гэж үзэх хэмжээнд байхгүй байна. 
- УИХ-ын гишүүдийн орон нутагт сонгогчидтойгоо уулзах ажлын жагсаалтад төрийн дээд шагнал, одон медаль гардуулах, төсвийн бүтээн байгуулалтаар хийгдсэн ажлыг хүлээн авах, хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, аймаг, орон нутаг дахь төрийн байгууллагуудаар зочлох гэх мэт уламжлалт ажлууд хэвээр хадгалагдсаар байна. 

Хууль тогтоомжид саналаа тусгах нь иргэдийн төлөөллийг хангах үндэслэл юм. Үүнтэй холбоотойгоор хууль тогтоох институтийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа дараах асуудлууд байна. 

- Хууль, эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны эх сурвалжаар дамжуулан иргэдээс санал авч байгаа D-parliament аппликейшний хувьд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн эрхээ ард түмэн эдлэх үйл явцад тухайн хуулийн төслийн ач холбогдлоор нь ялгаатай цаг хугацааны хязгаар тавьж байна. 
- Санал авахгүй гэх үндэслэл бүхий хуулийн заалтуудаар зарим чухал улс орны хөгжилтэй холбоотой асуудлаарх төсөлд иргэд саналаа өгч чадахгүй, төрийн удирдах үйл хэрэгт оролцох эрхээ шууд ба шууд бусаар хязгаарлуулсаар байна. 
- Олон нийтийн санаа бодлыг авах цахим платформ, албан ёсны цахим эх сурвалжийн хувьд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангасан, нийтийн цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн, УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдал хангагдсан, нийтийн цахим хэлэлцүүлэг өрнүүлсэн, УИХ-ын үйл ажиллагааны ил тод байдал хангасныг үнэлж дүгнэх үзүүлэлт, бодит статистик хэмжүүр огт байхгүй байна. 

Улс төрийн намын төлөвшил, дотоод ардчилал сул байгаа нь нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад албан бус, далд хэлбэр давамгайлах хандлага үүсгэж байна. 

Улс төрийн намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөн, гишүүдийн тоог нэмснээр парламентын төлөөлөх чадвар хангагдаж, улс орны өмнө тулгамдаж буй бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үзэл санааг иргэд, олон нийтэд маш хүчтэй тавьсан. Иргэдэд төрүүлсэн найдвар сонгуулийн дүнд бүрэлдэхгүй тохиолдолд сонгуулийн тогтолцоо, улс төрийн нам, парламентад итгэх иргэдийн итгэл улам бүр буурах хандлагатай байна.

Доктор Б.Одгэрэл, Г.Золзаяа, Г.Жаргалмаа нар “Бүх түвшний төлөөллийн институцэд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж, арга зам” сэдэвт судалгааг танилцууллаа.

Эмэгтэйчүүдийг улс төрийн төлөөллөөр сонгогдоход боловсрол, соёл, нийгмийн хэм хэмжээ, манлайлал, хууль, эрх зүй, бодлого давуу нөлөөлж буй хүчин зүйлс болж байгааг судалгааны үр дүн харуулсан байна. Эдгээр хүчин зүйлс сонгогчдын төлөөллөө сонгоход 37.5 хувийн хамааралтай байна. Толруулбал, боловсрол 0.27, эмэгтэйчүүдийн манлайлал 0.26 функтын хамааралтай байгаа аж. 

Эмэгтэйчүүдийг сонгоход сонгогчид бэлэн байгаа бөгөөд тэдний хувийн манлайлал, боловсрол, чадвар нь сонголт хийх голлох хүчин зүйл болж буй юм байна. 

Доктор Ц.Дэлгэржаргал, Т.Түмэнцогтоо нар “Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөх чиг үүрэг, түүний хэрэгжилтийн судалгаа”-г танилцуулав.

    Тус судалгааны үр дүнгээс харахад аймаг, сумын ИТХ нь иргэдийн саналыг тодорхой хэмжээнд авч, түүнийгээ шийдвэрт тусгах ажлыг зохих түвшинд гүйцэтгэдэг байна.Гэхдээ аймаг, сумын ИТХ-ын шийдвэрт иргэдийн саналыг бодитой тусгах ажил нь тухайн асуудлын онцлог болоод ИТХ-ын чиг үүрэгт хамаарах асуудлын цар хүрээнээс хамаардаг болох нь харагдлаа. Аймаг, сумын ИТХ иргэдийн саналыг авахдаа уулзалт, ярилцлага, асуулга судалгаа, цахим технологийг түлхүү ашигладаг байна. 

Судалгаанд хамрагдсан иргэдийн 37 хувь нь ИТХ-ын талаар тодорхой ойлголт, мэдлэггүй болох нь ажиглагдсан байна. 

Судалгааны хүрээнд ИТХ-ын талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, ИТХ-ын шийдвэрт иргэдийн саналыг бодитой тусгах, иргэдтэй эргэх холбоотой ажиллах санал дэвшүүлсэн байна.

 

Бэлтгэсэн Б.Уянга

 

Сэтгэгдэл