Сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6 байхаар тогтоолын төсөл боловсруулжээ
2023-12-20

          УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар, гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөл боловсруулсан байна. 

          Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Сонгуулийн тойргийг байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн зорилт, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалтыг харгалзан, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх улсын хэмжээний хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоог аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор нэгтгэж ирүүлснийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ. 

Үүнд:

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

Байнгын хорооны гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар эдгээр тогтоолын төслийг хэлэлцэнэ.  

Сэтгэгдэл