Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Үндэсний аудитын газрын дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ
2024-01-02

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ирүүлсэн байна. 

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 46 дугаар тогтоолоор Доржсүрэн овогтой Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудиотороор томилсон бөгөөд Д.Занданбат нь Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудитороос чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, санал болон энэ талаарх УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд "Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжсэн байна. 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад хүргүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх түүнийг ажлаас чөлөөлөхийг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Сэтгэгдэл