Хүний үндсэн эрхийн маргааныг Цэц хянан шийдвэрлэдэг болох уу
2024-01-08

          Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлд иргэд, судлаачдаас санал авч эхэллээ. Тодруулбал, lawforum.parliament.mn сайтад тус хуулийн төслийг байршуулав. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль өдгөө 32 “настай”. Өөрөөр хэлбэл, 1992 онд тус хуулийг баталснаас хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт, өөрчлөлт болон нэмэлт оруулж ирсэн ч огт шинэчлээгүй. Цэцийн статус, хянан шийдвэрлэх хэрэг маргаантай холбоотойгоор хуулийг нь өөрчлөх, шинэчлэх ёстой гэж судлаачид, улстөрчид олонтоо тайлбарлаж байсан ч ажил хэрэг бололгүй өнөөг хүрсэн. Нэг талаас Үндсэн хуулийн цэцийн хийх ажил маш тодорхой буюу зөвхөн Үндсэн хуулийг сахин хамгаалах явдал боловч нөгөө талаас Үндсэн хууль гэдэг Б.Чимид багшийн хэлснээр “Алганд багтсан Монгол Улс” буюу маш том хүрээг хамарсан, хүний эрх, эрх чөлөөг хуульчилсан нийгмийн гэрээ юм. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг шинэчилнэ гэдэг амаргүй, маш сайн судалгаа, шинжилгээтэй хийх ёстой ажил мөнөөс мөн.

        Бусад улсад Үндсэн хуулийн шүүх гэж бий. Энэ нь манай Цэцтэй адил гэсэн үг. Тодруулбал, Үндсэн хуулийн хяналтыг ихэнх улсад шүүх эрх мэдлийн хүрээнд хамааруулсан бол манайд Цэц аль ч эрх мэдэлд хамаарахгүй. Энэ нь Үндсэн хуулийн тавдугаар бүлэгт буюу тусад нь Үндсэн хуулийн цэцийн талаар хуульчилснаас тодорхой харагддаг. Түүнчлэн Цэцийн хяналт тавих объект нь хоёр л төрөлтэй (Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл бүхий дээд байгууллагын шийдвэр болон албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх гэсэн) байна. Шуудхан хэлэхэд, Цэц Үндсэн хуулийг манах ёстой байгууллагын хувьд Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахын төлөө ажиллах ёстой. Гэвч Цэцийн хяналт тавих объектын хязгаарлагдмал байдлаас болж хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах тал орхигдож ирсэн гэж хэлж болно. Энэ талаар Үндсэн хууль судлаачид тодорхой байр суурь илэрхийлсэн байдаг. Тухайлбал, Х.Сэлэнгэ “Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын объектод хамаардаггүй тул хамгаалалтгүй байна” гэсэн байдаг.

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөлд энэ чиглэлээр ямар зохицуулалт тусгасныг танилцуулъя.

Хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Цэц хүний үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргахаар заажээ. Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн 16.2-т “Иргэн эрхээ хамгаалах хуульд заасан арга замыг дуусгасны дараа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, бусад акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн хэвээр байгаа гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргана” гэж бичсэн байна.  

17.1. Үндсэн эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн дараах хугацаанд өргөдөл гаргана:

  • 17.1.1. хууль тогтоомж хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор;
  • 17.1.2. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасан хууль тогтоомжоос бусад шийдвэр гарсан өдрөөс хойш нэг жилийн дотор;
  • 17.1.3. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш хоёр сарын дотор;
  • 17.1.4. шүүхийн шийдвэр, эсхүл бусад актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор.

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл