Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно
2024-01-10

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг өнөөдөр 10.00 цагт зохион байгуулна. Тус зөвлөлд судлаач Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, А.Энхбат, Р.Ринчинбазар, Н.Ууганбаяр, Л.Отгонтуяа, Л.Гангэрэл нар нэрээ дэвшүүлсэн. Тэдний танилцуулгыг дараах холбоосоос үзнэ үү. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд ажиллуулах талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан байдаг. Тус зөвлөл нь 7 гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо нээлттэй сонгон шалгаруулалтаар хүн тус бүрээр шалгаруулж, УИХ уг хуульд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө. 

Зөвлөлийн гишүүн дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд

-эдийн засаг, санхүүгийн чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

-сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн үйл ажиллагаа явуулаагүй байх

-зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш 6 жилийн хугацаанд аливаа сонгуульд нэр дэвшихгүй байх

-зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хугацаа хэтэрсэн өргүй байх

-хувь хүний ёс зүй болон нэр хүнд нь Зөвлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх

-эдийн засаг, санхүүгийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж, олон улсад нэр хүнд бүхий эрдэм, шинжилгээ судалгааны сэтгүүлд нийтлүүлсэн байх, эсхүл эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, санхүү, татварын чиглэлээр мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

 

Тус зөвлөл нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэгтэй. 

 

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл