Элчин сайд нарын томилгоог УИХ-тай зөвшилцлөө
2024-01-12

           Элчин сайд нарыг томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ-тай зөвшилцөх хуулийн зохицуулалтын дагуу УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг; Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг; Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг; Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татаж, Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцэж, гишүүд саналаа хэлэв. Үндсэн хуулийн 33.1.5-д заасны дагуу Ерөнхийлөгч нь Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах бүрэн эрхтэй.  

           УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.2-т УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл УИХ танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах боломжтой. Гэвч хуулийн уг заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны есдүгээр сарын 27-ны 5 дугаар дүгнэлтээр түдгэлзүүлсэн. Тиймээс нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах боломжгүй. 

 

 

Бэлтгэсэн: UIh.mn 

Сэтгэгдэл