УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа "Нийслэл Улаанбаатар хот 2022 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг дангаар үйлдвэрлэж байгаа бөгөөд хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна. Төсөв дагасан уг санхүүгийн схемийг шинэчлэн, олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх механизм" гэж онцолсон байна. Нийслэл олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна. Мөн нийслэлийн үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргах эрх зүйн орчныг бий болгосноор урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх, цаашлаад Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Нийслэл нь олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан бөгөөд төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан гэдгийг Б.Дэлгэрсайхан сайд танилцуулгадаа онцолсон.
Мөн нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зориулалтаар гаргах нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултын үеэр "Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг тодотгоод Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа" гэв.
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.