Төрийн албаны зөвлөлийн болон МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнийг томиллоо
2024-01-18

        УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Т.Аубакир, Д.Сарангэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Үндэсний зөвлөлд үүссэн эмх замбараагүй байдал, ажлаа цалгардуулж, талцсан нөхцөлтэй байгааг, мөн өдөр Улсын Их Хурлын төлөөллийг очиж ажиллах үед ажлаа орхин зугатсан, ажилтнуудын цалинг тавьж чадахгүй, уран бүтээлч уур амьсгал эвдэгдсэн, талцсан талаар мэдээлсэн юм. Энэ бүхэн нь цаашид уг Зөвлөлийн гишүүдийн томилгоог эргэн харах, хариуцлага тооцох, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлага урган гарч байна гэв. Олон жилийн ажлын туршлагатай уран бүтээлчдийн багт буруу байхгүй. Түүнчлэн үндэсний эв нэгдлийг эрхэмлэх, соён гэгээрүүлэх чиглэлд тэнцвэртэй мэдээллээр олон нийтийг хангахад чиглэж ажиллахыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Н.Нанзаддоржид захилаа. Гишүүдийг үг хэлсний дараа Үндэсний зөвлөлийн гишүүн Д.Жавзандоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлье гэсэн саналын томъёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ.

        Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилох саналыг олонх дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

          Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уншиж танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшүүлсэн Б.ПүрэвдагваЗасгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлсэн Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг дэмжжээУлсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Төрийн албаны зөвлөлийн сахилга хариуцлагын асуудлыг хөндөж, шинэ гишүүдэд хуулийн дагуу хараат бус ажиллахыг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, төрийн албаны эрх зүйн орчин шинэчлэгдэж, Ёс зүйн хороотой байгуулсан, одоо “Шатны гишгүүрийг дээрээс нь шүүрдэнэ”, сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд төрийн өндөр албан тушаалтнууд хойрго ханддаг, та бүхэн өөрсдөө сайнаар үлгэрлэж, манлайлах шаардлагатай хэмээн сануулав.

          Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням нэр дэвшигчдийг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хэмээн үнэлж буйгаа илэрхийлээд, төрийн албанд мерит зарчим баримтална гэсэн хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн ч гавьяа, шийтгэлгүй, алдаа мадаггүй олон жил төрийн албанд зүтгээд дарга болж, дэвшсэн хойноо дур зоргоороо авирладаг явдал орон нутагт гарсан. Тиймээс төрийн албаны ёс зүйн дүрэм, журмыг сайтар боловсруулах ёстой гэв.

      Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс хэрхэн ажиллах төлөвлөгөөтэйг тодруулахад, нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нар хараат бус, чин шударга зарчим баримтлахаа илэрхийлж, товч танилцуулга хийв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан зарим яам, тамгын газар дахь “Усны шувууд” гэж нэрлэгддэг хэсэг бүлгийг цэвэрлэж, ёс зүйтэй ажиллаарай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлж, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Пүрэвдагва төрийн албаны туршлагатай, боловсролын салбарт хамтран ажиллаж байсан Л.Цэдэвсүрэн нь хариуцлагатай, шинэлэг арга барилаар ханддаг хэмээн дүгнэж, амжилт хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан улс орны хөгжлийн нууц нь шилдэг залуусаа томилох явдал тул төрийн албанд шилдгүүдийг томилох ёстой. Боловсролын салбарт шинэчлэл хийсэн ч Төрийн албаны тухай хуулин дахь шалгуур хангахгүй, хаалттай, чөдөр тушаа болдог. Ажлаа үүнээс эхлээрэй гэв. Шүүхийн тогтоолд Төрийн албаны зөвлөл тайлбар бичдэг байдлыг арилгаж, манлайлж ажиллаарай гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймагт төрийн албатай холбоотой үүссэн жишээг дурдаад алдааг давтахгүй байх, үүрэг гүйцэтгэгч гэсэн томилгоог цөөрүүлэхийг захив. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн гишүүн Баатарзориг, Цэдэндамба нар сайн ажилласан хэмээн дүгнээд Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Ёс зүйн хороог байгуулсан, соён гэгээрүүлэх хөтөлбөр баталсан, зайлшгүй хуульчилсан зүйл тул анхаараарай гэв.

       Ийн хэлэлцсэний дараа Байнгын хорооны саналаар Б.Баатарзориг, С.Цэдэндамбыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээс чөлөөлөх, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов. 

 

Эх сурвалж: parliament.mn 

Сэтгэгдэл