“ЧӨДӨР”-ТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД БА “WOMEN OWNED” СТАТУС
2024-01-16

           “Тэг зогсолт”-ын улмаас Улаанбаатар хотын иргэд хэр их цаг хугацаа, эдийн засгийн бүтээмж алддаг вэ. Судалгаагаар түгжрэлээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрснийг 2022 онд танилцуулж байв. Тэгвэл цалин хөлсгүй асрах ажилд зарцуулсан цаг хугацаа, алдагдсан боломжийн өртөг хэдий хэмжээнд хүрсэн бол. Үр хүүхэд, аав, ээж, эмээ, өвөө гээд хэн нэгнийг асрах хөлсгүй хөдөлмөр хийх зайлшгүй шаардлагын улмаас иргэд цалинтай ажлаасаа гарч, эсвэл завсардаж, бизнесээ орхих нь түгээмэл. Энэ нь эдийн засаг дахь ажиллах хүчний оролцоо буурах, өрх гэрийн орлого багасах, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх зэргээр макро түвшинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс асрах, халамжлах ажил, үйлчилгээг эдийн засгийн агуулгаар харж, үүнд чиглэсэн цогц бодлогыг төрөөс хэрэгжүүлэх шаардлагатай юм.  

           Асрахуйн ажил үндсэндээ эмэгтэйчүүдийн “нуруун дээр” байна. Тодруулбал, Монголд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад асрахуйн хөдөлмөрт 3 дахин илүү цаг зарцуулдаг аж. Хэрэв хүүхэд нь өвдсөн тохиолдолд эмэгтэйчүүдийн асрахуйн ажилд зарцуулах цаг даруй 10 дахин нэмэгддэг нь тэдний карьер, өсөлт, хөгжилтөд төдий хэмжээний саад учруулж буй юм. Товчхондоо нэг талаас эмэгтэйчүүд хүүхдээ асрах, өсгөх, нөгөө талаас орлого олох хэрэгцээ шаардлагын улмаас хувиараа бизнес эрхлэх замыг голчлон сонгодог байна. Гэвч эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд олон “чөдөр тушаа” саад учруулж буйг энэхүү нийтлэлээр хөндлөө.       

БАРЬЦАА ХӨРӨНГӨГҮЙГЭЭС ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОСГЫГ ДАВДАГГҮЙ

             Та “И-Монголиа” дахь иргэний бүртгэлээрээ нэвтрэн өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн, газрын, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, эсэхээ шалгаад үзээрэй. Хэрэв ийм төрлийн гэрчилгээтэй бол үүнийгээ барьцаалан зээл авах, гарааны хөрөнгө бий болгох боломжтой. Гэтэл эмэгтэйчүүд барьцаанд тавих хөрөнгөгүйн улмаас ийм боломж хязгаарлагддаг. Монголбанкны мэдээллээр 2022 оны эцсийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлд олгосон зээлийн 36.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, зээлдэгчдийн бараг гуравны хоёр нь эрэгтэй бизнес эрхлэгчид байжээ. Бүр цаашилбал, нэг зээлдэгчид ногдох зээлийн үлдэгдэл эрэгтэй бизнес эрхлэгчийн хувьд 89.97 сая төгрөг, эмэгтэйчүүдийн хувьд 49.28 сая төгрөг байсан нь хүйсийн тэгш бус байдлыг гэрчлэх тоо юм.  

            “Бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээлд хамрагдах боломжийн хязгаарлалт” судалгаанд хамрагдсан нэгэн иргэний ярилцлагаас хүргэе. Тэрбээр Миний амьдардаг Хан-Уул дүүрэг эко дүүрэг гэсэн бодлогыг баримталдаг. Бичил бизнес эрхлэгчийн хувьд би ч гэсэн энэ бодлогыг дэмжин хаягдал цаас, гялгар уут, хуванцараа ангилан “Төвшин сайхан” төвд өөрийн унаагаар хүргэж өгдөг. Үйлдвэрээс гардаг ногооны хаягдал, шахдасаа компаст бордоо болгон ногооны байгууламж нэмэгдүүлж, хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээ авч хэрэгжүүлж байна. Тийм болохоор өөрийгөө нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэл эрхлэгч гэж боддог...Тэрнээс гадна ажлын байраа Улаанбаатараас орон нутаг руу шилжүүлэхээр төлөвлөж, өөрт байсан багахан хэмжээний мөнгийг банкнаас ахиу өгөөжтэй хөрөнгөөр баталгаажсан урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан. Гэвч Ариг банкны барьцаа хөрөнгийн журамд үл хөдлөх хөрөнгө нь орон сууц, хөдлөх хөрөнгө буюу автомашин гэж заасан нь ЖДҮ эрхлэгчдэд тохиромжгүй, зээлийн зорилгоо оноогүй юм шиг санагдсан хэмээн ярьжээ. 

Энэ мэт бодит нөхцөлд эмэгтэйчүүдэд барьцаа хөрөнгөгүйгээс зээл олдох нь хомс байгаа ч зээл авсан тохиолдолд сахилга бат, хариуцлагын хувьд эрэгтэйчүүдээс хавьгүй өндөр байдаг аж. Тухайлбал, эрэгтэй бизнес эрхлэгчдийн зээлийн 8.4 хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн бол эмэгтэйчүүдийн хувьд энэ тоо даруй 2 дахин бага буюу 3.5 хувьтай байжээ. Гэвч зээл олгох чухал шалгуур болох санхүүгийн сахилга батыг төдийлөн харгалзаж үздэггүй, хөрөнгөтэйг нь л дэмждэг байдал бодитоор оршиж буйг судлаачид онцолж буй юм.

            МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Засгийн газраас АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ХААН банк, Төрийн банкаар дамжуулан эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг олгож байгаа ч бичил бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдаагүй байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС), Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжин хэрэгжүүлж байгаа аливаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд ч зээл хүртээмжгүй байна. Иймд бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн онцлогийг харгалзан хөрөнгийн барьцаа, баталгаа шаардахгүй байхаар зээлийн онцлогийг баталгаажуулах шаардлагатай. Мөн ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журамд зээл олгох хэлбэрийг илүү нарийвчилж тодорхойлох шаардлагатай”-г онцолсон.  

        Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд үйлдвэр, ажлын байрны түрээс, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, цалин урамшуулал, зээл олох, зээлээ хуваарийн дагуу төлөх зэрэг олон “даваа”-г давахаас гадна хөлсгүй асрахуйн ажлыг “нуруундаа үүрч”, давхар “ачаа”-тай амьдарч байна.  

“ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ”-ИЙГ ХУУЛИАР ТОДОРХОЙЛООГҮЙ

        Дэлхийн дахинд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүний нэг нь бизнес эрхлэгч эмэгтэй буюу “women owned” (women owned business, women owned small business) гэсэн нэр томьёо, статусыг хууль, эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрч, тэдний үйл ажиллагааг тусгайлан дэмжих бодлого хэрэгжүүлэх явдал юм. Гэвч Монголд энэ мэт дэвшилтэт бодлогыг нэвтрүүлээгүй нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлыг нэгээр нэмж байна. 

       АНУ-д нэг ба түүнээс дээш тооны эмэгтэй тухайн ААН-ын 51-ээс дээш хувийг өмчилдөг, өдөр тутмын үйл ажиллагааг нь удирдаж хяналт тавьдаг бол эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн ангилалд хамааруулж авч үздэг аж. Азийн Хөгжлийн Банкны тодорхойлсноор: 

  • Нэгдүгээрт, бизнесийн 50 хувиас доошгүйг эмэгтэйчүүд өмчилдөг буюу эзэмшдэг, 
  • Хоёрдугаарт, дээд удирдлагын 60-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд, 
  • Гуравдугаарт, нийт бүртгэлтэй ажилтнуудын 50-иас доошгүй хувь эмэгтэйчүүд байх тохиолдлыг эмэгтэйчүүд эзэмшдэг бизнес гэж үзжээ.  

         Бусад улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хууль батлах, энэ чиглэлээр яам байгуулах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг төрөл бүрийн хэлбэрээр ажилласнаар ажиллах хүчний оролцооны түвшин өсгөөд зогсохгүй, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засаг тэлж чаджээ. Тухайлбал, Филиппинд эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог Хөдөлмөрийн тухай хууль, Бичил болон жижиг дунд бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих тухай хууль, Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад эмэгтэйчүүдийн оролцооны тухай хууль зэргээр зохицуулдаг бөгөөд нийт ЖДҮ-ийн 88 хувийг эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл бүрдүүлдэг байна.  

ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ, ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙДАЛ

         Үндсэн хууль, олон улсын гэрээ, конвенцын дагуу эмэгтэй, эрэгтэй хүмүүс тэгш эрхтэй. Хэрэв хүйсийн тэгш бус байдал үүссэн бол үүнийг арилгаж хүний эрхийг хангахын төлөө төр, засаг ажиллах ёстой юм. Тодруулбал, Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын оролцогч улсын хувьд тус пактын 3 дугаар зүйлд заасан “эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах ...”, мөн пактын 7 дугаар зүйлийн i дэх хэсэгт заасан “...эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох” гэсэн заалтуудыг биелүүлэх үүрэгтэй. Тэгвэл Монгол Улс энэхүү үүргээ хэр хэрэгжүүлж буйг авч үзье.

      Зөвхөн бизнес эрхлэлтийн хувьд авч үзэхэд, ҮСХ-ны 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж, ахуй нэгжийн 58 хувь нь эрэгтэй захиралтай байгаа бол орлого нэмэгдэх тусам эрэгтэй захирлын эзлэх хувь 72 болж өссөн байна. Түүнчлэн 200-гаас дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 71 хувь нь эрэгтэй захиралтай аж. 

           Монгол Улсын хууль, эрх зүйн орчинд эмэгтэй бизнес эрхлэгч гэсэн нэр томьёо, ангилал байхгүйгээс үүнтэй холбоотой статистик, энэ чиглэлээр тусгайлан хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл хангалтгүй байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон холбогдох байгууллагуудын хийсэн судалгаагаар Монгол Улсад бизнес эрхлэгчдийн хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг бөгөөд энэ нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж буйг тэд онцолжээ.  

         Тиймээс Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд санаачилсан байдаг. Тус хуулийн төслийг 2022 оны наймдугаар сард өргөн барьсан ч одоог хүртэл эцэслэн батлаагүй, хэлэлцүүлгийн шатанд байна. Аж ахуй нэгжийн 50 болон түүнээс дээш хувийн хувьцаа, хувь оролцоог эзэмшдэг, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдээр төлөөлүүлэн эзэмшдэг, эсхүл аж ахуйн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлдэг бол аж ахуй эрхлэгч эмэгтэй гэж үзэхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн татварын орчин, санхүүгээр дэмжих, чадавхжуулах сургалт, зөвлөгөөн, тендер шалгаруулалтад тэргүүн ээлжид хамруулах зэрэг арга хэмжээ авахаар заасан байна.  

           Хууль санаачлагч гишүүд хуулийн хэлэлцүүлгийн үеэр “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн хуулийн ач холбогдол нь хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болгож, түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжүүлэхэд оршино. Мөн олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг бий болно. Жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжих боломжтой. Ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон, хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхийн 35 орон эмэгтэй бизнес эрхлэгч хэн бэ гэдгийг тодорхойлсон хуультай”-г онцолж байсныг энд тэмдэглье. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, бизнесийн орчин дахь жендэрийн тэгш бус байдлын асуудал бол нийгэмд бодитой оршин байгаа зүйл хэмээж байсан юм.  

        Эцэст нь тэмдэглэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд нэн тэргүүнд зээлийн шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлох, төрөөс эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, бодлогоор дэмжих шаардлагатай байна. Оюуны өмчийг барьцаалан зээл авах гэх мэтчилэн олон улсад шинэлэг арга хэлбэрүүд нэвтэрсэн байдаг. Гэтэл манайд асрахуйн ажлыг цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн хэмжээнд л үнэлж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нь бүү хэл тоо, тодорхойлолтоо ч гаргаагүй байгааг жишээ, баримтууд бэлэхнээ харуулж байна. 

 

Бэлтгэсэн Б.Уянга
Сэтгэгдэл