Иргэдийн итгэлийг унагасан D-petition
2024-02-05

“Танд хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг олгож байна” гэсэн сүржин мэдэгдлээр эхлүүлсэн, УИХ-аас санаачилсан нийтийн өргөдөл үр дүнд хүрч байна уу. Иргэд 100, 100 мянгаараа дэмжиж, гарын үсгээ зурсаар байхад тэдний санал ажил хэрэг болсон нь өдгөө нэгээхэн ч үгүй. Товчхондоо ийм дүгнэлт өгч болохоор байна. Дэлгэрэнгүй тайлбарлая.   

            УИХ-аас цахим шилжилтийн хүрээнд хөгжүүлж буй d.parliament.mn сайтад “Нийтийн өргөдөл” цэсийг хөгжүүлж, 2023 оны аравдугаар сарын 19-нд нээлтийг нь хийж байв. Монгол Улсын иргэд нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар өргөдөл санаачлах, дэмжих боломжтой тус платформд заавал ДАН системээр нэвтэрдэг нь баталгаатай, найдвартай, бас хүлээн зөвшөөрөгдсөнийг гэрчилнэ. Гэвч иргэд 100, 100 мянгаараа дэмжиж, санал нэгтэйгээ илэрхийлж байхад тухайн асуудлыг анхаарч, шамдуулан ажил хэрэг болгохгүй хэдэн сарыг өнгөрөөлөө.

          Угтаа бол 33 мянган иргэн дэмжвэл ажлын хэсэг байгуулна, 70 мянган хүн гарын үсэг зурвал хяналт шалгалт явуулна, 100 мянган иргэний санал авбал хууль санаачлах боломжтой. УИХ-ын тухай хуулийн 391 дүгээр зүйлд энэ талаар ч тодорхой заасан байдаг. Гэтэл petition.parliament.mn талбарт 150 гаруй өргөдлийг иргэд санаачилснаас дөрвийг нь 100 мянгаас дээш иргэд дэмжиж гарын үсэг зуржээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын иргэний хувиар санаачилсан НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх, иргэн Р.Цэндсүрэнгийн эхлүүлсэн “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэх, иргэн Ш.Хүрэлтулгын санаачилсан Нийгмийн даатгалын болон ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах, иргэн Н.Номун-Эрдэнийн эхлүүлсэн Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах өргөдөл 100 мянгын босгыг давсан байна. Гэвч өргөдөл тус бүрээр нэвтэрч шийдвэрлэлтийн явцыг нь харвал мэдээлэл огт алга. УИХ-ын Тамгын газрын албан ёсны хуудсаар аль өргөдлийг 100 мянган иргэн дэмжсэн талаар тухай бүр мэдээлдэг бол УИХ-ын дарга Г.Занданшатар “100 мянга гаруй иргэн дэмжсэн эдгээр өргөдөлд тусгасан асуудал нь татварын шинэчлэлийн эхлэл болох ёстой. УИХ, Засгийн газар энэ асуудлаар хамтран ажиллаж байна, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан” талаар хоёр сар гаруйн өмнө мэдээлж байжээ.   

            Дур нь хүрч, тохироо нь бүрдвэл эрх баригчид ямар ч асуудлыг хэдхэн өдөр, бүр хэдэн цагийн дотор ч хууль болгож чаддаг “хүчтэй” бас олуулаа. Жишээ нь, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд өргөн бариад хоёр хоногийн дараа баталж байв. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тойрог байгуулах, “түгжрэлийн хууль” зэргийг “машиндаж” чадсан эрх баригчид, УИХ-ын гишүүд нийтийн эрх ашгийн төлөө асуудал болох татвар, нийгмийн даатгалын шимтгэл бууруулах, цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэх асуудалд хойш суусаар.

Хэрэв дээрх асуудлуудаар УИХ шийдвэр гаргаж, өөрчлөлт оруулах боломжгүй юм бол анхнаасаа тухайн сэдвээр өргөдөл хүлээн авахыг хязгаарлах нь зохистой байсан. Учир нь энэ мэт үйлдлээс болж 100 мянган иргэн мэхлэгдсэн мэдрэмжтэй үлдэж, ардчилсан парламентдаа итгэх урмаа хугалуулсан гэхэд хол зөрөхгүй. Төрийн эрх мэдлийн уг сурвалж болох иргэд нь ч хяналт, шахалт, шаардлагаа тавьж хэвшихгүй, ажил хийлгэх гэж сонгосон төлөөлөгчдөө "даврааж" байна.   

         Нийтийн өргөдөл нь олон улсад сайн жишиг хэдий ч УИХ-ын хэрэгжүүлсэн D-petition санаачилга мордохын хазгай гэгчээр иргэдийн итгэлийг унтраасан муу жишиг болов. Учир нь олон зуун мянган иргэний санаачилж, саналаа өгсөн нийтийн өргөдлүүдийн нэг нь ч биеллээ олж, бодит өөрчлөлт авчирсангүй. 

Ямар асуудлаар иргэд өргөдөл санаачилж, түүнийг нь УИХ шийдэх боломжтой тухай ойлголт, асуудлын хүрээ хязгаарыг иргэдэд урьдчилан таниулаагүй нь алдаа болов. Иргэд, сонгогчдын боловсролд анхаарах боломжийг ашиглахгүй, эцсийн дүндээ нийтээрээ хохирдог олон жишээний нэг нь УИХ-ын нийтийн өргөдөл. Угтаа УИХ-аас юуг шаардаж болох, чиг үүргийнх нь дагуу юуг нэхэж болохгүйг олон нийтэд таниулах боломж энэхүү нийтийн өргөдлийн санаачилгад байсан билээ.

Ийнхүү парламентын нийтийн өргөдөл УИХ-ын дарга Г.Занданшатарын улс төрийн популизм, мэдэгдэл төдийхнөөр үнэлэгдэж, парламентад итгэх иргэдийн итгэлийг унагасан муу жишиг боллоо. 

Иргэдийн бодит оролцоог хангасан сайн парламент энэ мэт "муу жишиг"-ээс болж алсарсаар байна.

 

Бэлтгэсэн: Uih.mn

 

Сэтгэгдэл