2024 оны УИХ-ын сонгуулийн дараа 126 гишүүнтэй УИХ байгуулагдана. Тиймээс шинэ бүрэлдэхүүнээр ажиллах УИХ үйл ажиллагаандаа мөрдөх хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа. Тодруулбал, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан. Тус хуулийн төслийг d-parliament.mn-д нээлттэй байршуулаад байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Дээрх хуулийн төслүүдэд тусгасан зарим онцлох зүйл, зохицуулалтыг хүргэж байна.
- Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурав буюу 95 ба түүнээс дээш гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.
- Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх /цаашид “олонх” гэх/ гэнэ.
- Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
- Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байна: Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Ёс зүй, дэгийн, Инновац, цахим бодлогын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн
- Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
- Бие даан нэр дэвшиж сонгогдсон болон ээлжит сонгуулиар 12-оос доош суудал авсан өөр өөр нам, эвслийн төлөөлөл бүхий гишүүд нийлж бүлэг байгуулахгүй.
- Гишүүн бүлгээс гарсан бол өөр бүлэгт орохыг хориглоно.
- Бүлгээс гарсан гишүүд нэгдэж бие даан бүлэг байгуулахгүй.
- Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх нээлттэй мэдээллийг Улсын Их Хурлын дарга, гишүүн, нам, эвслийн бүлгийг төлөөлөн дарга, дэд дарга, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтан Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг ашиглан хийнэ.
- Улсын Их Хурал чуулганы хуралдааныг шууд нэвтрүүлэх, үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах телевиз, радиогийн тусгай сувагтай байж болно.
Бэлтгэсэн: Uih.mn