Ковид19 цар тахалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн гишүүдийн онцлох үгс
2021-05-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, түүний хэрэгжилт мөн холбогдох бусад асуудлаар асуудлаар асуулт асуун, байр сууриа илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн үгсээс онцолж байна.

Ж.Батсуурь

11/19/2020

“Эхний асуулт. Энэ ЖДҮ эрхлэгчдийг гэнэтийн хорио цээрт орсон энэ өдрүүдэд халаалт дулаан, цахилгааны үнээс чөлөөлөх үү? Мөн 7 сарын 1 хүртэл НД, ХАОАТ-аас чөлөөлөх  боломж бий юу маш тодорхой хариултыг бас хүсэж байгаа. Нөхцөл байдал нэгэнт тодорхой болоод байгаа юм чинь ЕБС, их, дээд сургуулийг энэ өвлийн 3 сард шууд  хичээллэхгүй гээд нэг мөсөн хэлээд, мөн одоо энэ саруудад ч  ажиллуулахгүй, дулаан бусад зардлын хэмнэлтийг бусад зүйлд зарцуулах боломж байхгүй юу гэсэн ийм асуулт байна.”

Ц.Туваан

12/3/2020

“Энэ зээл 233 сая доллар юм байна. Гишүүдийн хэлээд байгаа яг үнэн л дээ. Төсвийн алдагдал нөхөхөөр болчихлоо л доо  энэ зээлээр. 233 доллар чинь 700 тэрбум төгрөг. Нийт 900 мянган өрхдөө хуваагаад үзвэл нэг айл өрхөд ойролцоогоор 800 мянган төгрөг оногдохоор ийм мөнгө байна. Тэгэхээр ийм зүйлд зарцуулбал яасан юм бэ ?Энэ дээр КОВИД-ын эсрэг хууль 4 сарын 29-нд батлагдсан хууль дотор чинь заагаад өгчихсөн байгаа шүү дээ. ЗГ-с авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдэг дотор 7.1.2 дээр цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гээд бүр эрх зүйн заалт нь байгаа. 7.1.5 дээр бас цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон ААНБ, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх гээд байна. Энэ баталсан хуулиа одоо хэрэгжүүлье л дээ.”

Ц.Сэргэлэн

11/19/2020

“Би Содбаатар сайдаас нэг асуулт асуух гэсэн юм. Энэ өнөөдрийн үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үед нийгмийн харилцааг зохицуулж байгаа одоогийн хууль эрх зүйн орчин болж байна гэж та үзэж байна уу? УОК ЗГ-аас ямар нэгэн үйл ажиллагаа авч явуулахад эрх зүйн орчны хувьд боломжгүй. Зайлшгүй УИХ-аар шийдүүлэх ийм асуудлууд хэр байна вэ? Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, эмч эмнэлгийн ажилтнууд, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн албан хаагчид, нойр хоолгүй л зүтгэж байна. Эдгээр албан хаагчид төрийн тусгай албаны статус байхгүй. Бусад төрийн тусгай албаны албан хаагчид бол эрсдэл учирсан тохиолдолд тухайн салбарынхаа хуулиар нийгмийн асуудлыг зохицуулах, нийгмийн баталгааг нь зохицуулж өгөх ийм эрх зүйн зохицуулалт тодорхой хэмжээнд байдаг л даа.”

Х.Болорчулуун

10/29/2020

“Япон улсаас 233 сая доллартай тэнцэх иенийн зээл авах нь л дээ. Энэ нь КОВИД-той холбоотой авч байгаа гэж байгаа боловч төсвийн алдагдал, цоорхойгоо нөхөх нь. Хэдийгээр бага хүүтэй, урт хугацаатай нь сайн боловч эргээд бид нар доллараар л төлнө. Ирээдүйгээсээ зээлж байна гэсэн үг. МУ өнөөдөр 31 тэрбум долларын өртэй болж байна. Нэг жилийнхээ төсвийн 7, 8 жилийнхтэй тэнцэх хэмжээний их өр зээлтэй болчхлоо шүү дээ. Эдийн засгийн талаар хараат болбол улс төрийн талаар хараат болно гэсэн үг байдаг. МУ-ын өрийн тааз ер нь хэдэн хувьд хүрч байна вэ, Сангийн сайд аа? Энийг хэлж өгөөч. Өрийн тааз улс орон яагаад тавьдаг вэ гэвэл, өрийн тааз хэтрээд ирвэл үндэсний аюулгүй байдал, улс орны аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг учраас өрийн тааз тавьдаг. МУ-ынх хэдэн хувьд хүрчихэв? Өнөөдөр алт, зэс, жоншны үнэ өндөр байна. Ийм өндөр үед бид нар төсвийн алдагдлаа гадаадаас зээл авч төлж байгаа юм. Хэрвээ графикаар энэ чинь буурна шүү дээ. Буурах үед бид яаж амьдрах юм бэ?”

Н.Ганибал

1/27/2021

“Яг барьцаалан зээлдүүлэгч нарын хүү 4-5% мөн үү гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгэхээр энэ дотор сарын 4-5 хувийн хүүтэй ББСБ-ууд байгаа. Мөн зээлийн аппликэйшнүүдийн хүү бол бүр тэрнээс илүү байгаа. Энэ асуудлыг бас хамтад нь оруулж ирмээр байна. Ингэж нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бол худалдааны байгууллагуудын хувьд зүйрлүүлэн хэлбэл барьцаалан зээлдүүлэх ломбард гэдэг бол ТҮЦ гэсэн үг. Санхүүгийн  ТҮЦ. Тэгэхээр шууд утгаараа ТҮЦ-ийнхээ амыг барих ийм бодлого явуулж байна аа. Энэ боломгүй юм аа. Яагаад гэхээр чөлөөт зах зээлийн энэ нийгэмд бид эдийн засгийн жамаар нь үйл ажиллагааг явуулах ёстой. Тэрнээс өнөөдөр энэ захиргааны аргаар энэ үйл ажиллагаа явуулах нь тухайн байгууллагыг хаасантай яг адилхан.”

Б.Жавхлан

"Одоо ингээд хоёр зүйл дээр харъя. Нэгдүгээрт, мэдээж бид ингээд энэ КОВИД-оос зугтааж биш сөрж амьдрах ийм цаг нь болжээ. Хоёрт, эдийн засгийн маань цусны эргэлт үндсэндээ зогсчихоод байгаа юм. Одоо бүгдээрээ л мэдэж байгаа. Төв банкин дээр бараг 8 гаруй их наяд төгрөг ингээд хуримтлагдчихаад байна. Эдийн засгийн маань мөнгөний эргэлт таг зогсчихсон байгаа юм. Тэгэхээр энийг эргэлтэд оруулах төсвийн бодлого, татварын бодлого, мөнгөний бодлогыг одоо цаашид уялдуулж ажиллах дээр онцгой анхаарч ажиллана."

Ж.Сүхбаатар

"Хамгийн чухал юм бол өнөөдөр энэ онд 2021 онд бол энэ төр засгийн өмнө, иргэдийнхээ өмнө бидний хүлээх үүрэг бол Ковидыг ялах явдал байж байгаа юм. Тэгээд КОВИД-ыг ялсан ийм Засгийн газар байгаасай гэж хүсэж байна. Энд энэ чиглэлд нь Засгийн газрын гишүүд бие биеэ дэмжиж, баг болж бодлогоо гаргаж, бодлого ялна гэдгийг бол харуулж, биднийхээ өмнө бас томилогдсон энэ ачааг үүрч яваасай гэж хүсэж байна."

Л.Оюун-Эрдэнэ

"Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудал дээр энэ яг ковид цар тахалтай үед бол өөрчлөлт хийхгүй явах нь зүйтэй байх гэж үзэж байгаа. Гэхдээ цар тахлын дараах одоо үе болоод эдийн засаг сэргэх үед хоёр яамыг шинээр байгуулна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Эдийн засаг, хөгжлийн яам. Хоёр дахь яам, Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Цахим хөгжлийн яамыг байгуулснаар бид нар төрийн албаны өнөөдрийн данхайсан бүтцийг 30-35 орчим хувиар цомхотгох ийм боломж бүрдэнэ ээ гэж үзэж байгаа юм."

Н.Алтанхуяг

"Ковидийн их хүнд нөхцөл байдал байна. Ковидын үед бол дэндүү зохион байгуулалт муутай ажиллаж их хүндрүүллээ. Үүнийг цэгцлээрэй. Төсөв мөнгөний асуудал хүнд байгаа, үүнийгээ бас эргэж хараарай. Засгийн газар мөнгөө их дураараа зарцуулдаг болчихсон ийм Их Хуралд би орж ирлээ. Би гайхаж байна аа. Төсвийн тодотгол хийж өгөхгүй юу? Гадаад өр нэмэгдсээр байгаад 8 тэрбум гараад алга боллоо шүү. Засгийн газрын өр. Хонгил нураагүй байна. Баялгийг чинь нөгөө хэдхэн нөхөр идэж уусан хэвээрээ л байна."

Ж.Бат-Эрдэнэ

"Энэ ковид хэзээ дуусаж, хэзээ бид нар мөнгөний асуудал нь сөхөгдөж буцааж зөв зарцуулах уу, зөв буруу зарцуулсан уу гэдэг асуудлууд ямар нэгэн байдлаар сөхөгдөж гарч ирнэ ээ. Тийм болохоор энэ сантай холбоотой, өөрөөр хэлбэл ковидын энэ үед гарч байгаа тусгай сан бий болгоод, энэ сангаараа зарцуулаад ямар хэмжээнд, юунд зарцуулсан гэдэг нь буцаад тайлагнадаг. Өөрөөр хэлбэл, тусгай сангийнхаа хуулийн дагуу тайлагнах болон одоо зарцуулах энэ боломж бололцоог нь нээж өгөх нь болбол зайлшгүй зүйтэй гэж үзэж байгаа юм."

Сэтгэгдэл