ЭЗБХ: Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийг хэлэлцлээ
2025-04-16

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Иймээс Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна. 

УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 1 дүгээр зүйл “Боомтын сэргэлт” хэсгийн 1.3-т “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ” гэж тусгайлан заасан.

Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлж, Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.

Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаас 2024 оны байдлаар нийт нислэгийн тоо 91,781 болж өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар, олон улсын хөөрөлт, буултын тоо 12,990 болж 34.5 хувиар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 10,967 болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн бөгөөд нийт 2,167,300 зорчигч тээвэрлэснээс олон улсад 1,746,900 зорчигч, орон нутагт 420,400 зорчигч тус тус зорчсон байгаа нь 2023 онтой  харьцуулахад олон улсын чиглэл 25 хувь буюу 435 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 0,25 хувь буюу 1000 зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ачаа тээврийн хувьд 2024 оны байдлаар 10,365 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад ачаа 21 хувиар тус тус өссөн байна.

Аялал жуулчлал, эдийн засгийн идэвхи нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2,2 саяд хүрсэн бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй байгаа гэлээ.

Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: 2021 онд 27,879 тонн, 2022 онд 38,492 тонн, 2023 онд 61,719 тонн, 2024 онд 69,984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй  байгаа юм байна.

Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.

Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаардаг байна.

Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй гэв. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй хэмээлээ.

Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй хэмээн Ц.Туваан сайд танилцуулсан.

Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ гэв.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын зүгээс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар өмнө нь удаа дараа хүсэлтээ илэрхийлсээр ирсэн бөгөөд Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулж, хэлэлцээрт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар урьдчилсан байдлаар гарын үсэг зураад байгаа гэв.

Энэхүү хэлэлцээр нь Монголын тал хуульд заасан дотоодын процедурыг хангаж, зохих шийдвэр гарсны дараа үйлчилж эхлэх бөгөөд тус хэлэлцээрт агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлт, татварын тогтвортой байдалтай холбоотой заалтууд орсон байх тул Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох шийдвэр гаргуулах шаардлагатай хэмээлээ. ОХУ-ын зүгээс энэхүү 2 хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх талаар мэдэгдсэн бөгөөд Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд  “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай”  Засгийн газар хоорондын хэлэлцээрийг танилцуулж байгаа гэлээ.

Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн түлш ашиглах технологийн шийдэл болон “Эрчис Ойл” ТӨХХК-ийн талаар тодруулахад Ц.Туваан сайд “2028 онд манай газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 80000 орчим тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх тооцоолол бий. Тэр хүртэл импортоор авах шаардлага үүсч байгаа бөгөөд БНХАУ-аас авах тохиолдолд төмөр замын тээврийн нөхцөл шаардлага хангах боломжгүй байгаа учраас ОХУ-аас авах юм. Чингис хаан нисэх онгоцны буудал дахь цэнэглэх гидрант систем нь тус улсаас импортолдог ТС-1 маркын шатахуунаар цэнэглэгдсэн байгаа. Цаашдаа БНХАУ-аас Жет-А түлш импортолно” хэмээн хариуллаа. “Эрчис Ойл” нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 100 хувийн хувьцаатай төрийн компани хэмээн тодотгов. Р.Батболд гишүүн гэрээний хугацаа болон нисэх дэх шатахууны агуулахын эзэмшигчийн талаар асуулаа. Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулах үеэр дагалдуулж энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан, 20 жилийн хугацаатай болохыг сайд хэлэв. Өмнө нь энэ талаарх хэлэлцээр байгуулж байгаагүй, нөхцөл байдлаас шалтгаалан импортын асуудалд бэрхшээл үүсэх эрсдэлээс хамгаалж хэлэлцээр байгуулсан гэлээ. Өнөөдрийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 1 тонн онгоцны түлш 3.5 сая орчим төгрөгөөр цэнэглэгддэг, ОХУ-ын Москва хотод 900 гаруй ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 900 гаруй ам.доллартой дүйцэхүйц өртөгтэй байгааг дуулгав. Нисэх дээр байгаа байгууламж “Эрчис ойл” ТӨХХК-ийн эзэмшилд ирснийг мөн хэллээ.

Б.Найдалаа гишүүн, 20 жилийн хугацаатай энэ гэрээний төслийн хүрээнд Монгол Улс нэлээд их үүрэг хүлээсэн байгааг шүүмжиллээ. Нөхцөл хатуу, урт хугацаатай, Монгол Улсын энэ төрлийн харилцааг гэрээний хугацаанд хязгаарлахуйц үр дагавартай харагдаж байгааг хэлээд тодруулга хийсэн юм. Гэрээнд “тасралтгүй, тогтвортой, саадгүй” гэснээс өөр “хямд” ч гэх юм уу, улмаар нислэгийн тийзийн үнэд эергээр нөлөөлөх өөр давуу тал бий эсэхийг лавлав. Монгол Улс нефть бүтээгдэхүүнийхээ 96 хувийг ОХУ-аас импортолдог, агаарын хөлгийн түлшээ 100 хувь авдаг, өөр сонголт байхгүй хэмээгээд Ц.Туваан сайд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой буюу тасралтгүй нийлүүлэлт, хангамжийн асуудал маш чухал” гэдэг хариултыг өгсөн. Монгол Улсын тал их олон үүрэг хүлээсэн атлаа санхүүгийн өгөөжгүй, 20 жилийн хугацаатай гэрээ байгуулах шаардлагатай эсэхийг дахин нэг нягтлахыг Б.Найдалаа гишүүн хэлж байв. Хэлэлцээрийн нөхцөл Монгол Улсын талд огт ашиггүйн дээр агаарын орон зайгаа гадны улстай хамтарсан компанийн мэдэлд оруулах эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа О.Цогтгэрэл гишүүн илэрхийлсэн. Хэлэлцээрийн төслийн 4.2-т “Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудлын агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” хэмээснийг тэрбээр онцоллоо. Хэлэлцээр байгуулсны дараа Монгол Улсын 60 хувийн, ОХУ-ын 40 хувийн эзэмшлийн компани байгуулах асуудал яригдана гэдгийг сайд хэлээд “Монголын талын компани хэрвээ асуудал үүсвэл 60 хувийнхаа давуу эрхийн хүрээнд компанийн удирдлагыг зохицуулах боломжтой. Удирдах гэдэг нь цэнэглэлт болон дотоод үйл ажиллагаа удирдах гэдэг агуулгатай” гэдэг тайлбар өгсөн. 20 жилийн турш ямар ч өөрчлөлт орохгүйгээр тогтвортой хэрэгжих хэмээн тодотгосон энэ хэлэлцээрээр тухайн хугацаанд Монгол Улс өөр эх үүсвэрээс түлш импортолж ашиглах тохиолдолд хамтарсан компани “хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглаж” байгаа учраас олон эрсдэл үүснэ гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэлээд сайдын хэлж буй нөхцөлүүд хэлэлцээрт тодорхой, бүрэн туссан байх ёстой гэдэг байр суурь илэрхийлээд тулган шаардалт хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Ж.Алдаржавхлан гишүүн О.Цогтгэрэл гишүүний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ аль болох олон эх үүсвэрээс, олон талаас зах зээлийн горимоор авч байх нь зохистой гэдэг санал хэлсэн. Агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийг хувийн хэвшил зах зээлийн зарчмаар шийдвэрлэдэг байсныг “Эрчис Ойл” гэдэг компани байгуулаад, гадаад улстай хамтарсан төрийн компани байгуулах замаар агаарын хөлгийн түлшний бизнесийг төр эрхлэх юм байна хэмээн Б.Жаргалан гишүүн хэлээд ““Эрчис Ойл” болон “Роснефть”-ийн хамтарсан компани хувь, эзэмшлийн талаарх зохицуулалт хэлэлцээр дээр огт тусгагдаагүй байна. “Роснефть” манайд бөөнөөр бараа нийлүүлээд зогсохгүй дотоодын жижиглэнгийн худалдаанд оролцох эрхээ энэ агаарын хөлгийн түлшний салбарт авах нь байна. Тодорхой хугацааны дараа “болохгүй нь ээ” гээд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнийг зах зээлд хамтарсан компаний нэрээр үйл ажиллагаа эрхлээд эхлэх нь гэдэг болгоомжлол төрж байна” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар үг хэлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлтийг О.Цогтгэрэл гишүүн танилцуулсан юм. Байнгын хорооны дарга Р.Сэддорж завсарлагын хугацааг ажлын гурав хоног байхаар тогтоолоо.

 

Сэтгэгдэл