Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг хийлээ
2025-04-25

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.04.25)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /ШИнэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Тэрбээр хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улсад хүний эрхийн төлөв байдлын илтгэлүүдэд тусгагдсан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаарх “Эмнести интернэйшнл” ТББ-аас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмжболлон Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 онд зохион байгуулсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан асуудлуудыг үндэслэн боловсруулсан талаар дурдав. Хуулийн төсөлд, жагсаал цуглааныг зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага төдий бус Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага ч зохион байгуулах эрхтэй байхаар өргөжүүлэх, ямар ч асуудлаар жагсаал цуглаан хийж болох, аяндаа бий болсон болон эсрэг жагсаал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн аюулгүй байдал, хэв журмыг хангах, бүртгүүлж зөвшөөрөл авдаг тогтолцоог халж мэдэгдсэний үндсэн дээр хуулиар хориглосноос бусад газарт зохион байгуулах боломж бүрдүүлэх, байршил, зорилго, агуулга, субъект, цаг хугацааны хориглолт, хязгаарлалтыг зөвхөн хуулиар тавих, жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан агуулгатай захиргааны акт баталж мөрдүүлэхийг хориглох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах зэрэг агуулгыг тусгасан байна. Мөн онц байдал, дайны байдал зарласан гамшиг осол тохиолдсон хугацаанд хориглох, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан нь албадан тараах үндэслэл болох, хориглох байршлууд зэрэг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн шөнийн цагаар жагсаал цуглаан хийхийг хориглох агуулгыг нэмж тусгасан байна.

Хууль батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарладаг болох юм. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрч, хориглолт, хязгаарлалтын хүрээ, хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусад аливаа хэлбэрээр, тэр дундаа захиргааны хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа онцлов. Мөн онцгой нөхцөл байдалд зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэх бөгөөд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд оролцогчид болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо эрх, идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэнэ гэдгийг сайд танилцууллаа.

Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбогдон гарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын зардлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжтой нийцүүлэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад нэмэлт зардал үүсгэхгүй, батлагдсан орон тоо, төсөв зардал нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзсэнийг тэрбээр танилцуулаад Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасныг дурдав.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үзэл бодлоо илэрхийлэн жагсаал, цуглаан хийж байгаа нэрийн дор аж ахуйн нэгж, иргэдийн эрхийг зөрчсөн, тайван бус жагсаал, цуглаан зохион байгуулах, хууль ёсны дагуу холбогдох зөвшөөрлөө авсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, эд хөрөнгөд халддаг асуудлыг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал жагсаал, цуглааныг тараахтай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулийн төсөлд өөрчлөлт оруулж ирсэн үндэслэлийн талаар, хууль бус жагсаал цуглаан гэх нэр томьёоны талаар, хуулийн төсөлд жагсаал цуглаан хийх эрх чөлөөг илүү нээлттэй болгож байгаа мэт боловч процессын шинжтэй зохицуулалтуудаар хязгаарлалт хийж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир жагсаал, цуглаан зохион байгуулан санаачилж байгаа этгээд гэж хэнийг ойлгох, тухайн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа талаарх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хэрхэн хүргүүлэх талаар, жагсаал, цуглаан дээр аливаа асуудал үүсэх нь зохион байгуулагчийн хариуцлагын асуудалтай холбоотой тул хуульд тодорхой туссан байх шаардлагын талаар, албадан тараах нөхцөл тогтоогдсон бол жагсаал цуглааныг тараах эрх бүхий этгээдийн талаар, мөн аяндаа бий болсон жагсаал, цуглаан гэсэн зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэх, мөн органикаар үүссэн жагсаал, цуглааныг санаатай, эсхүл төлбөртэй болон бусад нөхцөлөөр үндсэн зорилгыг нь өөр тийш чиглүүлдэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрөөс жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авдаг, журамладаг гэхээсээ илүүтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний жам, ёсны, суурь эрх, эрх чөлөөг эдлүүлэх гэдэг агуулгаар боловсруулж, өргөн мэдүүлсэн Жагсаал, цуглааны хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж, зарим оронд хуульчлагдсан байдаг төлбөртэй, зохион байгуулалттай жагсаал, цуглааны талаар асуужээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улс төрийн эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө хумигдмал байх нь хүний эрхийн индекст хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа болон уг хууль хэрэгжиж эхлээд нийгэмд тодорхой хэмжээний үйлчлэл үзүүлсэн тохиолдолд тэрхүү хүний эрхийн индекс хэрхэн өсөх талаар харьцуулсан судалгаа хийсэн эсэх, уг хуулийн төслийн талаарх иргэд олон нийтийн саналыг хэрхэн авч тусгасан талаар, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаал, цуглааны талаарх статистик баримт, мэдээллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль зүйн дүгнэлтэд жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан байгааг анхаарах талаар дурдсантай холбогдуулан тайлбар авч, асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн байнгын хорооноос ахлах боломжоор хангаж өгөх талаар, нэр томьёог анхаарах, тус хуулийн гол амин сүнс болох олон нийтийн аюулгүй байдлыг хангахдаа хууль сахиулах байгууллагын эрх үүргийг нарийн тодорхойлох шаардлагатай талаар, Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийн хүрээ хязгаарын талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хууль зүйн дүгнэлтээр хувийн өмчийн газар дээр жагсаал, цуглаан зохион байгуулах тохиолдолд тухайн өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагын талаар дурдсан нь зүйтэй тухай, жагсаал, цуглааны сошиал орчинд сурталчилж, уриалсан этгээдийн зохион байгуулагч гэж тооцох эсэх тухай, нэг газар, нэгэн зэрэг олон жагсаал ,цуглаан болох тохиолдлыг анхаарах тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал олон нийтийн эрх ашгийг хамгаалахаас гадна жагсагсдын эрхийг хамгаалах, жагсаал, цуглаанд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах талаар, хуулийн төсөл олон улсын гэрээ конвенцод нийцэж байгаа эсэх асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргаж буй механизмыг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр улс төрийн нөлөө бүхий этгээд жагсаал, цуглааныг саармагжуулах зорилгоор мэдээлэл хийсэн тохиолдолд хэрхэх тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд шинэ хууль тогтоомж батлахаас илүүтэй одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах, жагсаал, цуглаан хийх нэрийн цаана улсынхаа хөгжлийн сайн сайхан зүйлийг харлуулдаг, хүний алдар хүнд, бие махбодод халддаг зүйл бий болсон байгааг анхаарах талаар, нэг талдаа жагсаал, зохион цуглаан зохион байгуулах эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа боловч нөгөө талдаа бусдын эрхийг ноцтойгоор зөрчих асуудал байж болохгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар иргэний тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх бөгөөд энэхүү хэрэгт эрхээ эдлэхдээ төрөөс зөвшөөрөл олгох асуудал байж болохгүй талаар, мөн хувийн өмчийн газар жагсаал, цуглаан зохион байгуулж болохыг хуулийн төсөлд тусгагдсан байгаа нь Үндсэн хуульд заасан өмчлөх эрхтэй холбоотой зөрчил байгаа эсэхэд анхаарах талаар тус тус үг хэлжээ. Хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх асуудлаар илээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Ганмаа, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаясгалан, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд хүний эрхийг хаах, боох гэхээсээ илүүтэй хангах, хамгаалахад анхаарч, маш тунгалаг, олон талын шалгуур тавих, иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ төрөөс зөвшөөрөл авч, дарамт шахалтанд байдаг явдлыг халах, жагсагчид, оролцогчдын амь нас, эрүүл мэнд хохирохгүй, эрх ашиг нь хөндөгдөхгүй байх болон хууль хяналтын байгууллагад хавчигдан шахагдахгүй байхад анхаарах, хууль хэрэгжсэнээр манай улс дахь хүний эрхийн төлөв байдалд хэрхэн нөлөөлөх, мөн жагсаал, цуглааныг хориглох болон албадан тараахтай холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох, төр жагсагчдын эрхийг хамгаалах талаар тодорхой тусгах, мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр албадахыг жагсахыг хориглох зохицуулалтын үр дагаварыг нягтлах, жагсаал, цуглааныг өөр санаа зорилготой хүмүүс ирээд будлиулдаг, булаадаг, өөр тийш хөтөлдөг явдлаас хамгаалах, төлбөртэй жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн эрхийг адилхан баталгаажуулах, хязгаарлалтын арга хэмжээг хэрхэн олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, жагсаал, цуглааныг олон нийтэд мэдээллээр хангах, хүний эрхийн хамгаалагч хөндлөнгийн ажиглагч хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн асуулт тавьж, хариулт авлаа.

Мөн хуулийн хэрэглээ, нэгдмэл ойлголттой байх, иргэд олуула нийлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг төрийн тусгай албад орж саармагжуулдаг, өөрчилдөг үйлдлийг таслан зогсоох, парламентын хяналт шалгалтын туслалцаатайгаар иргэний үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаад дүгнэлт хийх, мөн цагийн хязгаарлалт, төлбөртэй, төлбөргүй жагсаалын ялгааг тодорхой болгож, мушгин гуйвуулахгүй байхыг анхаарах, захиргааны шинж чанартай хязгаарлалт бий болох нөхцлийг хаах, цагдаагийн байгууллагын үний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, урьд өмнө гарсан сургамж, сорилтуудад дүгнэлт хийж, нухацтай авч үзэх талаар тухайлан ярьсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан  хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бодитой бий болгож, хүний эрхийг хангах, хамгаалах асуудал эн тэргүүнд байх Улсын Их Хурлын стратегийг дурдаж, цагдаагийн байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чиглэлээр зарчмын шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг анхааруулав. Түүнчлэн тэрбээр жагсаал цуглааныг улс төрийн өнцгөөс өрөөсгөл хэлбэрээр дүгнэдэг байдлыг засаж залруулах, мөн иргэдийг жагсаал, цуглаан хийхэд хүргэж буй нөхцөл байдлыг арилгахын төлөө ажилладаг байх зарчим руу шилжих нь хүний эрхийг хангах төрийн онцгой үүрэг болохыг онцолсон юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Эрдэнэбат нар Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дэмжих, эсэхээ илэрхийлж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нийслэл хотын төв талбай бол тухайн үндэстний ардчилал эрх чөлөөний бэлгэ тэмдэг байдгийг онцлоод, сүүлийн жилүүдэд яг улс төрийн идэвхжилтэй сар, улирлуудад Сүхбаатарын талбайг дүүргэн, худалдаа, үйлчилгээ, соёлын арга хэмжээ зохион, асар, лангуугаар дүүргэх болсон нь хүмүүст гоё юм шиг боловч цаагуураа улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэх, улс төрийн эрхээ эдлэхэд хаалт болж байна гэлээ. Тэрбээр олон улсын энэ талаарх эрх зүйн зохицуулалтаас жишээлж, дэлхий дахинд бий болж буй хүндрэлтэй нөхцөл байдлын нөлөөгөөр олон зуун жагсаал, цуглаан болж буйн ихэнх нь ул төрийн шалтгаантай байгааг тэмдэглэн, улс төрчид, төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж байгаа хүмүүс жагсаал, цуглаан хийж байгаа иргэдийг захиалгатай, санхүүжүүлэгчтэй гэх мэтээр хардан шүүмжилж, айдаст автуулдаг байж болохгүй анхааруулж, энэ асуудлыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат жагсаал, цуглааныг бүртгүүлдэг тогтолцоог халж байгааг сайшаагаад, жагсагчдын хэрэглэх техник хэрэгслийг аж ахуйн аргаар хязгаарлах, хясан боогдуулах хэлбэрүүд байгааг эргэж харах шаардлагатай гэлээ. Мөн хувийн өмчийн газар жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг дэмжихгүй байгаагаа дурдаж, хувийн өмчийн компани, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлийн талбайд ажилчид хөдөлмөрийн нөхцөлтэйгөө холбоотой жагсаал, цуглаан хийх боломжтой байх ёстойг тэмдэглэв. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалт гэсэн нэрийн дор хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулдаг газруудыг өргөжүүлэхгүй байхыг хуульчлах нь зүйтэй гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn

Сэтгэгдэл