МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг нэр дэвшүүлэв
2022-01-12

     УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцлээ. Тус зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага. Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхийлөгчийн хувьд зөвлөлийн дөрвөн гишүүнд нэр дэвшүүлж, УИХ томилуулах зохицуулалттай. Мөн түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд нь тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Төрийн тэргүүнд санал болгоно гэж заасан байдаг. Өмнө нь Ерөнхийлөгчөөс дээрх Үндэсний зөвлөлийн гишүүнд соёл урлагийн чиглэлээр Ж.Соёл-Эрдэнэ, ёс заншлын чиглэлээр Б.Галаарид, утга зохиолын чиглэлээр Ж.Цэсэн, шинжлэх ухаан, түүх, уламжлалын чиглэлээр Д.Өлзийбаатар нарыг нэр дэвшүүлж, томилуулсан аж.

     Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд дуусгавар болсон байна. Тиймээс түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг Ерөнхийлөгчид санал болгожээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнтэй танилцаж, Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулахаар болж, ЕТГ-ын дарга Я.Содбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд энэ талаар танилцуулав.   

     Д.Жавзандорж нь 1998-2012 онд БНЭУ-ын буддын шашны гүн ухааны Гомон их сургуульд суралцаж, 2012-2019 онд тус сургуульд багшаар ажиллажээ. Тэрбээр 2020 оноос одоог хүртэл Гандантэгчэнлэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашинтны дээд сургуулийн Сургалтын албанд багшилж буй аж.

     Н.Онон нь 1987-1991 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр, 1999-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ. 1991-2000 онд Драмын улсын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан тэрбээр 1996 оноос “Х-түц” уран бүтээлийн нэгдлийн захирал, продюсер, 2020 оноос Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа гэнэ.    

М.Оюунчимэг: Үндэсний зөвлөл хуралдаж чадахгүй байна  

     Гишүүд танилцуулгыг сонссоны дараа тодорхой байр суурь илэрхийлсэн юм. Тухайлбал, гишүүн М.Оюунчимэг “Бидний томилсон Үндэсний зөвлөл сүүлийн үед МҮОНРТ-ийг дампууруулах хэмжээнд хүргээд байна. Өмнө нь тус телевизээр нэвтрүүлж буй контентын хэчнээн хувь нь түүх уламжлал, ёс заншилтай холбоотой байхыг тус зөвлөл нь тогтоож, хяналт тавьж, дэмжлэг үзүүлдэг байсан. Уран бүтээлчидтэйгээ уулзаж, нийгмийн асуудалд нь анхаардаг зөвлөл анх ажиллаж байлаа. Бидний томилсон Үндэсний зөвлөлийн гишүүд өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй, хоёр хуваагдсан тул радио, телевизийн ажилтнууд цалингаа авч чадахгүй байна. Нэг бол хурлын ирц нь бүрддэггүй, бүрдсэн бол даргыгаа огцруулах гээд байдаг гэх. МҮОНРТ бол ямар чухал объект билээ. Тэгэхээр томилгоогоо хариуцлагатай хийдэг, хэрэв ажлаа хийхгүй бол эгүүлэн татдаг механизмыг бий болгохгүй бол болохгүй нь” гэв.
 

“Удирдах болон Үндэсний зөвлөлийн ажлын тайлан, мэдээллийг сонсоно” 

     Гишүүн Ё.Баатарбилэг соёл урлагаар дамжуулан залуу үеийг төлөвшүүлэх, тэдний сонирхолд нийцэхүйц, онцгой арга хэлбэрээр контент хүргэх чиглэлд анхаарч ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа. Түүнчлэн гишүүн Ц.Мөнхцэцэг “МҮОНРТ нь хүний эрх, ардчилал, эрх, чөлөө, үндэсний соёл, уламжлал, нийгэм дэх олон янз байдал болон бүх төрлийн нийгмийн бүлгүүдийг тэгш илэрхийлж, тэдний үзэл бодлыг төлөөлж, шинжлэх ухааны хөгжлийг дэмжсэн, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг түгээх ёстой. Нийгэм дэх олон янз байдлыг хэрхэн төлөөлж, яг аль чиглэлээр нь түлхүү ажиллах”-ыг нэр дэвшигчдээс асуув. Үүнд Н.Онон “Нэгэнт төлөвшсөн хүмүүст бус, залуу үед чиглэж ажиллах ёстой гэж боддог. Залуусын сэтгэхүйд таарсан, тэдний үзэх хүслийг төрүүлэхүйц хэмжээний контент бүтээх нь үр дүнтэй” гэж хариулсан юм. Харин Д.Жавзандорж “Нийгмийг, тэр тусмаа залуу, хойч үеийг соён гэгээрүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллана. Аль нэг талыг баримтлахаас илүү аливаа зүйлийн учир шалтгаан, гарц гаргалгааг тайлбарлаж, соён гэгээрүүлэх нь чухал” гэж үзэж буйгаа хэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат МҮОНРТ-ийн Удирдах зөвлөл болон Үндэсний зөвлөлийн ажлын тайлан, мэдээллийг ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг энэ үеэр онцлов.  

Сэтгэгдэл