Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо
2025-04-25

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.04.25)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд мэдээлэлдээ, эдүгээ дэлхий дахинд нийт 100 гаруй баялгийн сан нийтдээ 13.0 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байгааг тэмдэглээд, Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан бөгөөд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн суурь тавигдсаныг дурдаж, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хуулийг батлан, оны эцэс гэхэд 495,6 тэрбум төгрөг төвлөрүүлснийг болон иргэд E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг харах боломжтой болсныг танилцуулав. Мөн тэрбээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын тарифын хямрал манай улсад нөлөөлж, экспортын гол бүтээгдэхүүнүүд болон уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бууруулж байгаа талаар өгүүлж, энэхүү тодорхойгүй байдлыг Үндэсний баялгийн санд тулгуурлан олон нийтийн дэмжлэгтэйгээр мега төслүүдээ цаг алдалгүй, тууштай хэрэгжүүлэх замаар даван туулна гэдгийг онцоллоо. Улс орны эдийн засаг, төсөвт уул уурхайн салбар гол нөлөөг үзүүлж байгаа ч баялгаа олборлуулж буй нутаг орны хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна гээд тэрбээр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг сонгодог утгаар нь хуримтлуулах, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад төлөрүүлэх хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, ирээдүй хойч үеийнхэнд өвлүүлөх болон иргэдийн хуримтлалд зориулах, мөн үндэсний болон бүс, орон нутгийн хөгжилд зориулах хуримтлалын харьцааг тус бүр 33.0 хувь болгож тэнцүүлэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын байр суурийг танилцуулав. Энэ байр суурийг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж Засгийн газартай хэлэлцээний ширээнд суухыг уул уурхайн компаниудын удирдлагуудад Ерөнхий сайд уриаллаа.

Үндэсний баялгийн сангийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын зөвлөл болон Үндэсний эвслийн гишүүдийн байр суурийг илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа нар үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хуулийн дагуу Үндэсний баялгийн санг байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн нь оолттой ч төрөлжсөн сангуудын чиг үүргийн давхцал, орлогын эх үүсвэрийн оновчгүй хуваарилалт, удирдлага, засаглалыг эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлэн баталсан зэргээс үүдэлтэй сөрөг талууд илт мэдрэгдэж байгааг шүүмжилсэн юм. Ялангуяа Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сан нь төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, Хөгжлийн банк зэрэг механизмуудтай давхацсан, тодорхой бус чиг үүрэгтэйгээр хуульчлагдсанаас болоод одоо болтол байгуулагдаагүй, цаашид үр дүнтэйгээр ажиллах эсэх нь тодорхойгүй байгааг онцолж, уг санд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд давсан орлогын 50.0 хувийг төвлөрүүлэхээр заасан нь төсвийн зардал тэлж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унаж буй энэ үед бодитой хэрэгжих боломжгүй, орлого бий боллоо гэхэд түүнийг төсвийн тогтвортой байдлын санд алдагдлыг нөхөхөд ашиглахаар байгааг онцлов. Мөн Хуримтлалын сан нь нийгмийн халамжийн чиг үүрэгтэй Засгийн газрын тусгай сан болсон нь олон улсын жишгээс зөрж байгааг дурдан, эдгээр нь үнэн хэрэгтээ төсвөөс гадуур Засгийн газрын дур мэдэн зарцуулж болох эх үүсвэр болж хувирсныг онцгойлон анхаарууллаа.

Үндэсний баялгийн сангийн хамгийн том хэсэг болох Ирээдүй өв сангийн хойч үедээ өв болгон үлдээх ёстой орлогоос Засгийн газар сүүлийн хоёр жил дамнан зарцуулж байгааг тэрбээр мэдээлж, уг санд орох ёстой хуримтлал АМНАТ-ийн орлогын 65.0 хувь байх ёстойг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2024 онд 20.0 хувь, 2025 онд 40.0 хувь байхаар бууруулснаар 3.0 их наяд орчим төгрөгийн ирээдүйн хуримтлалыг Засгийн газар сонгуулийн амлалтад зориулсан байна гэж Ардчилсан намын бүлэг үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Үндэсний баялгийн санд улс төрөөс хараат бус ,мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент, засаглал дутагдаж байгаагаас байгалийн баялгийн орлого улсын төсвийн орлуулга, улс төрийн сэдэлтэй популист амлалтуудад зориулагдаж, бодит үр өгөөжгүй болох эрсдэл байгааг тэрбээр анхааруулж, Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн өмнө Хуримтлалын сангаас иргэдийг орон сууцжуулах боллоо хэмээн сурталчилж, улмаар 2024 оны орлогын 480 тэрбум төгрөг, 2025 оны 500 тэрбум гаруй төгрөгийн орлогыг бүхэлд нь ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулж байгаагаас сангйин хөрөнгө бодлогын хүүгээс багагүй хувиар өсөж байх шаардлага хангагдахааргүй, иргэдийн нэрийн данс дахь мөнгө бодитой бус буюу “шилний цаадах чихэр” болж болзошгүйг дүгнэв. Ирээдүйн өв сангийн 1,2 тэрбум орчим ам.долларын үлдэгдлийг гадаад зах зээл дээрх өндөр зэрэглэлтэй хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулж, өсгөж үржүүлэх ёстой атал төрийн санд удтал байлгасны эцэст өнгөрсөн сараас Монголбанкны гадаадын төв банкан дахь дансанд байршуулсан, сангийн хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлэх корпорац байгуулах, удирдлагыг томилох бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад олгосон нь тус сан үр ашиггүй ажиллах, төрийн байгууллага, албан тушаалтнаас хэт хараат байх нөхцөл болж байгааг дурдсан юм.

Эцэст нь тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэл олон нийт болон хууль тогтоогчдын мэдэхийг хүссэн, авах шаардлагатай мэдээллийг агуулаагүй, зөвхөн Засгийн газрын пропоганда болгохыг хүссэн зүйлсээр хязгаарлагдаж байгааг шүүмжлээд, цаашид энэхүү парламентын хуралдааны чухал бүтцийг Ерөнхий сайдын мэдээллийн цаг биш Улсын Их Хурлын асуулгын цаг болгож парламентын ардчилал хөгжсөн улсуудын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзсэнийг танилцуулсан юм.

Түүний дараа Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Ерөнхий сайд ихэхээн ерөнхий, нийтэд ил байгаа мэдээллийг хийж, нарийвчилсан зүйлсийг ярихгүй байгааг тэрбээр шүүмжлээд, Хуримтлалын сангийн зарцуулалтыг хууль бус байдлаар явуулж байгаагаас хөрөнгийн өгөөж ердөө 1.0 хувьтай байгаа болон “Чингис хаан-Үндэсний баялгийн сан” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний удирдлага, засаглалын талаарх мэдээлэл байхгүй байгааг цохон дурдлаа. Тэрбээр Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалт, удирдлагыг хуулийн дагуу явуулах шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурал дахь Үндэсний эвслийн гишүүн Д.Пүрэвдаваа сангуудын орлогын бүртгэл, тайлагнал, хөрөнгийн зарцуулалт холбогдох хууль, тогтоомжоор ил тод байх ёстойг сануулж, баялгаа олборлуулж байгаа орон нутгийн эрх ашиг, байгаль орчны эрх, хөгжлийн асуудал орхигдсоор байгааг сануулав. Мөн тэрбээр Оюутолгой ХК-аас авч буй АМНАТ-ийг 5.0 хувиар тогтворжуулснаас болж бусад компаниудаас авч буй үнийн өсөлтийн 11.0 хувийн татварыг авч чадахгүй байгааг шийдвэрлэх, “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хурдтай явуулах, Үндэсний баялгийн санд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж баялгийн сан байгуулах өмнөх оролдлогууд улс төрийн нөлөөлөл, төсвийн цоорхойг нөхдөг байдал, засаглал, хяналт сул, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй зэргээс болж бүтэлгүйтсэнийг яриад, сүүлийн 10 жилд манай улс 100.0 тэрбус ам.долларын баялаг экспортлосон атлаа эдүгээ 37.0 сая ам.долларын буюу нэг хүнд 40.0 сая төгрөг оногдох хэмжээний өртэй болсныг анхааруулж, Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулж, орлогыг арвижуулахад илүү үр дүн гаргаж ажиллах шаардлагатайг Засгийн газарт санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Ардчилсан намын бүлгийн дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, онгоцны түлш импортлох зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийгээд ирсэн ажлыг төрд авахаа болих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихийг Ерөнхий сайдаас хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Норвегийн баялгийн сангийн жишээгээр хөрөнгийн удирдлагыг оновчтой, үр ашигтай явуулах талаар өгүүлж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг Англи, Франц, Люксембургийн Төв банкуудад байршуулахаасаа хөрөнгийн зах зээл, смарт технологи зэрэгт хөрөнгө оруулах боломжийг судалж ажиллах нь зүйтэй гэлээ. Ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарыг бий болгох нь Үндэсний баялгийн сангийн хамгийн гол концепц болохыг Ерөнхий сайд дурдаж, Ирээдүйн өв сангийн менежментийн хувьд өнөөдрийн байдлаар Монголбанкны хадгаламжинд байршуулах нь хамгийн эрсдэл багатай гэж Засгийн газар үзсэн талаар дурдав.

Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн агаарын бохирдлын шийдлийг Засгийн газар шингэрүүлсэн хийн түлш гэж харж байгаа, эсэхийг асууж, үүнийг хэрхэн зохион байгуулах, хаанаас, хэрхэн нийлүүлэх, ахуйд яаж хэрэглэх зэргийг асууж, Ерөнхий сайдаас тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахаас хоёр сарын өмнө Энержи Ресурс ХХК, MCS ХХК компани өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь 2011 онд 980 сая ам.доллараар үнэлэгдэж байсан Барууннарангийн уурхайг 88.0 сая ам.доллароор Хятадын Жи Ай Ю гэдэг компанид зарсан талаар мэдээлж, Ухаа худаг ордын талаарх тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан авахгүй байгаа гэх Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн тайлбарыг бататган асуусан юм. Тогтоолын төслийг Засгийн газраас бүрдүүлбэр дутуу ирүүлснийг буцаасан талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тайлбарлаж, нэмэлт материалууд ирсэн тул даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл өгнө гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ухаа худаг байна уу, Төгрөг нуур байна уу, эсвэл өөр бусад орд байна уу, энэ чухал биш, гагцхүү стратегийн орд гэх ойлголтоо цэгцэлж, нэгтгэж авъя гэсэн байр суурьтай байгаа гээд, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад АМНАТ-ийнхөө хэдэн хувийг өгөх вэ гэх зэрэг тогтоомын дүрмээ тодорхой болгож байгаад компаниудтай хэлэлцээрт орох шаардлагатай гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Ерөнхий сайдын мэдээллийн цагт асуулт асууж, үг хэлж байгаа гишүүд бол цөөнх биш гэж үзэж байгаагаа дурдаад, асуулга, мэдээллийн цагаар дамжуулж өөрсдийнхөө сонирхлыг чуулганы танхимд илэрхийлдэг, төр, засгийн бодлогод шургуулдаг явдлыг өөрчлөх ёстой гэсэн юм. Мөн тэрбээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн хэрхэн арвижуулах, эх үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарахын зэрэгцээ зөв захиран зарцуулах, зөв хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой үзэл баримтлалыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эдийн засгийн үзүүлэлтүүд бууралттай, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, нүүрсний экспорт гэхэд өмнөх оны мөн үеэс 883.0 сая ам.доллараар буюу 42.0 хувиар, алтны экспорт 47.0 сая ам.доллараар буурчихсан байхад энэ бүхний ашгаар санхүүжих учиртай Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэх боломжгүй гэж дүгнэж буйгаа хэлээд, стратегийн орд эзэмшиж буй компаниудтай хэлцэл хийж буй энэ үйл явдал гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх талаар асууж, хариулт авсан юм. Бий болсон эмх замбараагүй нөхцөл байдлыг цэгцлэхэд тодорхой хугацаа орно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34.0 хувийг төр шилжүүлж авах ажил бол ард иргэдийн хүсэл гэдгийг сануулж, уул уурхайн орлогыг бүх ард түмэнд тэгш хуваарилах, ирээдүйдээ өвлүүлэх сангийн үйл ажиллагаа сайн байх, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулахгүй байх, бэлнээр тарааж инфляцийг хөөрөгдөхгүй байх зэрэг анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн тэрбээр Норвегийн баялгийн санг улс төрчид бус Төв банкны дэргэдэх Санхүүгийн корпорац удирддагийг дурдаж, Үндэсний баялгийн сангийн засаглалыг энэ жишгээр явуулж, сангийн хөрөнгийг өсгөдөг, нэмэгдүүлдэг, хадгалдаг, ард иргэддээ хянуулдаг тогтолцоо руу шилжих ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Хуримтлалын санд төвлөрсөн 495 тэрбум төгрөгийн хөрөнгө яагаад ганцхан хувийн буюу 4.9 тэрбум төгрөгийн өгөөжтэй байгааг болон Ирээдүйн өв сангийн хөрөнгийг гаднын санхүүгийн байгууллагад ямар нөхцөлтэй байршуулсан, “Чингис хаан-Үндэсний баялгийн сан” ХХК-ийн шилэн дансны мэдээлэл яагаад хөтлөгдөхгүй байгаа талаар асууж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм. Засгийн газрын гишүүд санд хөрөнгө хэрхэн төвлөрсөн, түүнийг хэрхэн зарцуулах, иргэдэд хүртээх талаар хууль, эрх зүйн орчныг тодорхой болгосон талаар танилцуулаад, 2030 оноос хойш санхүүгийн хэрэгсэлд оруулах боломжтойг болон энэ оны тавдугаар сарын 9-нд 35.0 тэрбум төгрөгийн өгөөж Хуримтлалын санд төвлөрнө гэдгийг мэдээлсэн юм. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Хуримтлалын сангийн хөрөнгө хуулийн дагуу Монголбанкны бодлогын хүүгээр өсөж байгаа гэсэн тайлбар өгөөд, сангийн менежментийг Монголбанк хариуцаж байгаа бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт рүү оруулсан нь хөрөнгийг удирдаж буй хэлбэр болохыг дурдсан юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34-51 хувийг төр эзэмших тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх эрмэлзэл Засгийн газарт байгаа эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан асууж, иргэд энэ төрлийн орд газруудын тоог цаашид нэмэгдүүлэх саалтай байгааг харгалзан үзэж, судалгаа тооцоо хийх, Оюутолгой ХК-ийн орлогыг Монголбанкаар оруулдаг байх нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан танилцуулав. Асуултуудыг багцалсан тухайгаа тэрбээр урьдчилан танилцуулаад, баялгийн сангийн талаар өмнө хийгдэж байсан оролдлогуудаас ямар сургамж авсан, 2016-2024 онд Монгол Улс нийт 72,4 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд энэ хугацаанд Ирээдүйн өв санд 3.0-3.5 тэрбум ам.доллар хуримтлагдах ёстой байсан боловч ердөө 1.2 тэрбум ам.доллар төвлөрч бусад нь хаашаа орсон, хөрөнгийг зэрэглэл сайтай, эрсдэл багатай хөрөнгө оруулалд хэрэгсэлд оруулаагүйн шалтгаан, сангийн менежментийг төрийн нөлөөгүй олон улсын байгууллагаар хийлгэх ажил яагаад хэрэгжихгүй байгаа, Үндэсний баялгийн санд төвлөрөх хөрөнгийг Засгийн газар аль болох арвижуулах, нэмэгдүүлэх үүрэгтэй атал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох хуулиудад эсрэг үр дагавар бүхий заалтууд тусгасны учир зэрэг асуултуудыг тавьж Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдээс ирүүлсэн асуултуудыг тавив. Иргэд Ухаа Худаг, Төгрөг нуурын ордын төрийн мэдлийн хувийг авах тухай, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батзандан Баянхөндий, Алтаннар, Хармагтай, Халзан Бүрэгтэй зэрэг айман ордыг стратегийн ордод оруулах, жижиглэн хувааж олгосон ордуудын талаар ямар арга хэмжээ авах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрий хувьцаат компани болгох, баялгийн өгөөжийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, эрх мэдэл албан тушаалаа ашиглах явдалтай хэрхэн тэмцэх талаар асуужээ. Иргэдийн асуултад Ерөнхий сайд дэлгэрэнгүй хариулт өгч, Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тууштай хэрэгжүүлэх, шинэчлэлийг тухай бүр цаг алдахгүй хийж, засаглалыг сайжруулж явах нь чухал болохыг онцолсон юм.

Эх сурвалж: parliament.mn

 

Сэтгэгдэл